2009 оны улсын төсөв батлагдлаа (2008-11-28)

A- A A+
2009 оны улсын төсөв батлагдлаа (2008-11-28)

2009 оны улсын төсөв батлагдлаа (2008-11-28)

УИХ өчигдөр 2009 оны улсын нэгдсэн төсвийг баталжээ. Чингэхдээ хугацаа байхгүй учраас төсвийн төслийн гурав болон дөрөвдэх хэлэлцүүлгийг хамтад нь хийсэн байна.

Дэлхийн зах зээл дээрх цэвэр зэсийн үнийг 3400 ам.доллараар тооцоолж, Монгол Улсын төсөвт төвлөрөх аж ахуйн нэгжийн албан татварын орлогыг 30.2 тэрбум төгрөгөөр, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогыг 23.7 тэрбум төгрөгөөр, нийт дүнгээр 53.9 тэрбум төгрөгөөр, цайрын үнийг 1100 доллараар тооцсоноор аж ахуйн нэгжийн албан татварын орлогыг 10.6 тэрбум төгрөгөөр, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогыг 3.4 тэрбум төгрөгөөр тус тус бууруулан тооцжээ. Оюутолгой, Таван толгой, Төмөртэйн ордуудад болон Шивээ-Овоогийн нүүрсний уурхайд түшиглэсэн цахилгаан станц, тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлыг 2009 онд эхлүүлэхээр тооцоолжээ. 2009 оны улсын төсөвт төвлөрөх гаалийн албан татварын орлогыг найман тэрбум төгрөгөөр, НӨАТ-ын орлогыг 25 тэрбум төгрөгөөр, онцгой албан татварын орлогыг гурван тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдүүлэхээр болжээ.

Монгол Улсыг хөгжүүлэх сангийн төсвийн орлогыг 45.2 тэрбум төгрөгөөр, зарлагыг 115.3 тэрбум төгрөг байхаар мөн баталжээ. 2009 оны төсвийн жилд төвлөрүүлэх төсвийн нийт орлогын доод хэмжээг нэг их наяд 847 тэрбум 794 сая төгрөгөөр, зарцуулах төсвийн зарлагын дээд хэмжээг хоёр их наяд 200 тэрбум 942 сая төгрөгөөр баталсан байна.

2009 онд Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга 28.4 сая, УИХ-ын дарга 100 сая, Ерөнхий сайд 25 тэрбум 471 сая, Тэргүүн шадар сайд тэрбум 931.3 сая, Шадар сайд 9 тэрбум 142.6 сая, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга нэг тэрбум 276.3 сая, Гадаад харилцааны сайд 23 тэрбум 114 сая, Сангийн сайд нэг тэрбум 519.8 сая, Хуульзүй, дотоод хэргийн сайд есөн тэрбум 354.5 сая, Байгаль орчин, аялал жуучлалын сайд таван тэрбум 460.4 сая, Батлан хамгаалахын сайд нэг тэрбум .817.8 сая, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд тэрбум 547.6 сая, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд 24 тэрбум 305.5 сая, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд 23 тэрбум 735.4 сая, Эрүүл мэндийн сайд 48 тэрбум 896.6 сая, Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд 50 тэрбум 644.2 сая, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд 68 тэрбум 123.2 сая орлого оруулахаар боллоо.

Зарлагын хувьд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга нэг тэрбум 816.4 сая, УИХ-ын дарга 11 тэрбум 537.3 сая, Үндсэн хуулийн Цэцийн дарга нэг тэрбум 283.4 сая, Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч 850.5 сая, Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн дарга 560.9 сая, Ерөнхий сайд 26 тэрбум 429.3 сая, Тэргүүн шадар сайд 17 тэрбум 516.4 сая,  Шадар сайд 69 тэрбум 833.9 сая, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга найман тэрбум 167.2 сая, Гадаад харилцааны сайд 23 тэрбум 964.5 сая, Сангийн сайд 304 тэрбум 526.3 сая, Хуульзүй, дотоод хэргийн сайд 101 тэрбум 642.1 сая, Байгаль орчин, аялал жуучлалын сайд 24 тэрбум 317 сая, Батлан хамгаалахын сайд 57 тэрбум 164.1 сая, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд 485 тэрбум 131.4 сая, Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд 193 тэрбум 548 сая, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд 68 тэрбум 229.4 сая, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд 421 тэрбум 25.7 сая, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд 77 тэрбум 716.4 сая, Эрүүл мэндийн сайд 229 тэрбум 853 сая төгрөгийг тус тус зарцуулах эрх олгожээ.

2009 оны улсын төсвийг баталсантай холбогдуулан УИХ-ын дарга Д.Дэмбэрэл ярилцлага өгөхдөө,  ирэх оны төсөв алдагдалтай батлагдсан хэмээн мэдэгджээ. Энэ бол байж болох буюу нөхөгдөх алдагдал хэмээн тэрбээр хэлсэн байна. Хэрвээ алт зэсийн үнийн хамаарлууд хэлбэлзэлтэй байх юм бол  тодотгол хийх болно гэжээ.