АСУУЛГА (2009-01-07)

A- A A+
АСУУЛГА (2009-01-07)

Монгол Улсын Ерөнхий сайд С. Баяр,
Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д. Зоригт,
Сангийн сайд С. Баярцогт,
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л. Гансүх нар Танаа

АСУУЛГА

Монголчуудын хувь заяанд онцгой ач холбогдолтой, одоогоор Монголын нутаг дэвсгэрт илрээд байгаа хамгийн том, дэлхийн хэмжээний Оюутолгой, Тавантолгойн орд газруудыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний төслүүдийг Засгийн газар холбогдох хөрөнгө оруулагчидтай хэлэлцэн тохирох нарийн түвэгтэй хэлэлцээ явагдаж байгаатай холбогдуулан иргэний нийгмийн 18 төрийн бус байгууллагыг нэгтгэсэн “Төлсөн авснаа нийтэл” эвслээс Та бүхэнд хандан дараахь асуулгыг тавьж байна.

  1. Оюутолгой, Тавантолгойн орд газруудыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний төслүүдээр хаанахын, ямар компаниудтай, хэдний өдрөөс хэлэлцээ хийж байна вэ? Тавантолгойн ордын хувьд хамтран ашиглах сонирхлоо гадаадын ямар компаниуд илэрхийлсэн бэ? Тэдний дунд ямар нөхцөлтэй сонгон шалгаруулалтыг явуулж, хэрхэн дүгнэх буюу дүгнэсэн бэ? Хөрөнгө оруулалтын гэрээнүүдийг байгуулахдаа яг ямар компаниудтай гарын үсэг зурахаар зэхэж байна вэ?
  2. Хөрөнгө оруулалтын гэрээний төслүүдийг боловсруулж, хэлэлцэн тохирох үйл явцад Монголын талаас ямар чиг үүрэг, мэргэжлийн ур чадвар, туршлага бүхий, ямар бүрэлдэхүүнтэй, хэдэн ажлын хэсэг оролцон ажиллаж байна вэ? Хэлэлцээ хийж буй Монголын талын ажлын хэсэгт иргэний нийгмийн төлөөллүүд байна уу? Хэрвээ тийм бол тэдний гаргасан саналыг, мөн иргэний нийгмийн зүгээс өмнө нь тавьж байсан асуудлуудыг судлан, гэрээний төслүүдэд тусгах бололцоог бүрдүүлсэн үү?
  3. Тухайн төслүүдийг боловсруулахад Засгийн газарт зөвлөгөө үзүүлэхээр сонгосон олон улсын байгууллагуудыг дэлгэрэнгүй танилцуулна уу? Олон улсад нэр хүнд бүхий ямар байгууллагуудын дунд, ямар нөхцөлтэй сонгон шалгаруулалт хэзээ явуулсан бэ? Тэдгээр байгууллагыг хэн сонгон шалгаруулж, ямар нөхцөлтэй гэрээ байгуулсан бэ?
  4. Ашигт малтмалын тухай Монгол Улсын хуулинд заасны дагуу Оюутолгой, Тавантолгойн ордын нөөцийг улсын нөөцийн нэгдсэн бүртгэлд хэзээ бүртгэсний үндсэн дээр хэлэлцээг явуулж байна вэ? Монгол Улсын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс Оюутолгойн зэс, алтны, Тавантолгойн чулуун болон коксжих нүүрсний нөөцийг хэд гэж тогтоосон бэ? Хэдэн жилийн өмнө хэвлэлээр Оюутолгойн зөвхөн алтны нөөцийг наад зах нь 1000 тонн гэж мэдээлж байсан нь Монгол Улс “Алт” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн 15 жилд олборлосон нийт алтнаас даруй 5 дахин илүү байдаг. Энэ хэмжээ нэмэгдэн батлагдсан уу? Тэрчлэн, тус ордын зэс алтнаас бусад дагалдах элементүүдийг ашиглах талаар хэлэлцэж байгаа юу?
  5. Оюутолгойн ордод өнөөг хүртэл Айвенхоу Майнз компани хэдий хэмжээний хайгуулын зардал гаргасан бэ? Хоёр жилийн өмнө тус компанитай хэлэлцээ хийж байх үед Оюутолгой төсөлд нийт 2.7 тэрбум ам. долларын хөрөнгө оруулалт шаардагдана гэж тус компани нотолж байсан. Харин одоо 4.7 тэрбум ам. долларын хөрөнгө оруулалт хэрэгтэй гэж мэдээлэх болжээ. Хоёрхон жилийн дотор хөрөнгө оруулалтын зардал бараг хоёр дахин өссөн гэж буйн шалтгааныг, тэрчлэн өнөөг хүртэл хайгуулын зардалд зарцуулсан гэх хөрөнгийг Монголын тал нягталж байна уу? Нягталсан мэдээллийг олон нийтэд хэзээ танилцуулах вэ?
  6. Хөрөнгө оруулагчидтай ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, албан татварын тодорхой хэсгийг Засгийн газар урьдчилан авахаар тохиролцож байгаа тухай мэдээлж байна. Хэдий хэмжээний төлбөр, татварыг ямар нөхцөлтэйгээр урьдчилан авахыг зорьж байна вэ? Ирээдүйд авах хэдий хэмжээний татвар, төлбөрөөсөө үүний хариуд Монголын тал татгалзах вэ?
  7. Оюутолгой, Тавантолгойг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах үндсэн зарчим, удирдамжийг баталсан УИХ-ын тогтоолд “Хөрөнгө оруулалтын гэрээний төслүүдийг боловсруулах болон хэлэлцээ хийх ажлыг ил тод явуулж”, гэрээний төслүүдийг 2009 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн дотор УИХ-д өргөн мэдүүлэхийг Засгийн газарт даалгажээ. Ил тод байдлыг хангах энэ заалтын дагуу Оюутолгой, Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээний төслүүдийг Монголын олон нийтэд хэзээ, ямар хэлбэрээр ил тод танилцуулах вэ?

Иргэний нийгмийн үүрэг хариуцлагыг ухамсарлан Олборлох салбарын ил тод байдлын төлөө төрийн бус байгууллагуудын “Төлсөн авснаа нийтэл” эвслээс дээрх асуултуудад хариулт хүсч байна. Эдгээр багц асуултад хариулах нь ил тод байдлыг хангах анхны алхам болж, нийгмийн зүгээс Та бүгдийн хийж буй ажилд итгэх итгэлцлийг бий болгоно гэдэгт итгэж байна.

 

2009 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр
Улаанбаатар хот

“ТӨЛСӨН АВСНАА НИЙТЭЛ” ЭВСЭЛ
Жамъян гүний гудамж 5/1,
Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар-48
Утас: 976-11-313207
Факс: 976-11324857