Оюу-Толгой, Таван- Толгой төслүүдийн яриа хэлэлцээ үргэлжилж байна (2008-01-22)

A- A A+
Оюу-Толгой, Таван- Толгой төслүүдийн яриа хэлэлцээ үргэлжилж байна (2008-01-22)

Оюу-Толгой, Таван- Толгой төслүүдийн яриа хэлэлцээ үргэлжилж байна (2008-01-22)

Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны 2008 оны нэгдүгээр сарын 21-ний өдрийн мэдээнд дурдснаар Ерөнхий сайдын захирамжаар байгуулсан ажлын хэсэг Оюутолгой, Таван толгой төслийн яриа хэлэлцээг үргэлжлүүлж байна.

Оюутолгойн ордыг ашиглах асуудлаар "Рио Тинто" болон "Айвенхоу Майнз" компанийн хамтарсан багтай яриа хэлэлцээ хийсэн ч энэ өдрийг хүртэл тодорхой тохиролцоонд хүрээгүй байгаа ажээ. Засгийн газрын ажлын хэсэг Монголын талын оролцоог 34 хувиас шууд эхэлж, анхны хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа 50 хувьд хүргэх, хувьцаанд ногдох хөрөнгийг ногдол ашиг хэлбэрээр тооцох, төлбөр татварын тодорхой хэсгийг урьдчилан авах, татварын хуулийн холбогдох заалтыг чанд мөрдөх зэрэг нөхцөл тавиад байжээ.  Хамтарсан баг энэ мягмар гаригт санал ирүүлэхдээ 34 хувийг зөвшөөрөх, ногдол ашгийг тооцох боломжтойгоо мэдэгдсэн байна. Гэхдээ Монголын талын оролцоог 50 хувьд хүргэх, гэнэтийн ашгийн татварын 68 хувийг төлөхийг зөвшөөрөх боломжгүй, гэрээ хэлэлцээрийн ерөнхий зарчмыг тогтсоны дараа урьдчилсан төлбөрийн асуудлыг ярилцана гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлжээ. Хоёр тал цаашид дээрх болон бусад нөхцөлийн талаар яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэх юм байна.

Тавантолгой төслийн хувьд БНСУ-ын КОРЕС байгууллагын ахалж буй тус улсын 11 компанийн консорциум, ОХУ-ын гурван компанийн консорциум, АНУ-ын "Пибоди энержи", БНХАУ-ын "Шинхуа энержи", Японы "Мицуи", "Иточү", "Сожиц" (Марубени, Сумитомо корпорацийн хамт), Энэтхэгийн "Жиндал Стиил энд Поавер", Бразилийн "Вале" компанийн төлөөлөгчид саналаа ирүүлснийг ажлын хэсэг судалж байна хэмээн уг мэдээнд дурджээ.

Засгийн газрын шийдвэрийн дагуу стратегийн зарим ордыг ашиглахад зөвлөх үйлчилгээ үзүүлэх зөвлөхийг сонгон шалгаруулах ажил мөн явагдаж эхэлжээ. Тавантолгой төсөлд зөвлөхөөр ажиллуулахаар олон улсад нэр хүнд бүхий, уул уурхайн томоохон төсөлд зөвлөгөө өгч байсан туршлагатай, чадвартай гэж үзсэн 10 компанид урилга хүргүүлснээс "Бостонс консалтинг", "Дойче банк", “Толдмен сакс", "Жи Пи Морган", "Маквейри групп" гэсэн компани оролцох саналаа ирүүлжээ. Эдгээрээс "Дойче банк", “Толдмен сакс", "Жи Пи Морган" гэсэн гурван оролцогч техникийн саналын хувьд 70-аас дээш оноо авсан тул үнэлгээ хийж, "Дойче банк", "Жи Пи Морган"-ыг төслийн зөвлөхөөр хамтран ажиллуулахаар сонгож, гэрээ байгуулах нь зүйтэй гэж Засгийн газар үзжээ.

Засгийн газрын хуралдаанаас Оюу-Толгой, Таван- Толгойн хөрөнгө оруулалтын гэрээнүүдийн төсөл боловсруулах, яриа хэлэлцээ хийх ажлын явцын тухай дараагийн хуралдаанд дахин танилцуулах нь зүйтэй гэж үзсэн байна.