Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний талаар зарим мэдээлэл өгөв (2009-02-18)
УИХ-ын ээлжит бус чуулганаар улсын төсвийн тодотгол болон Оюутолгойн орд газрыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг хэлэлцэхээр УИХ-ын даргын саяхан захирамж гаргасан. Үүнтэй холбогдуулан Оюу толгойн орд газрыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний талаар Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Зоригт сэтгүүлчдэд мэдээлэл хийжээ.
Түүний хэлснээс үзвэл Монголын Засгийн газар тус ордын 34 хувийг шууд эзэмшихээр болсон төдийгүй гэрээг сунгаснаас хойш нэг жилийн хугацаанд эзэмшлээ 50 хувь болгохоор тохирсон байна. Харин гэрээг хэзээ сунгах вэ гэдэгт тэрбээр хариулаагүй учраас энэ асуудал тодорхой бус байгаа ажээ. Ер нь бол хөрөнгө оруулалтын гэрээ нь 30 жилийн хугацаатай байхаар төсөлд тусгасан байгаагаас харвал гэрээг 30 жилийн дараа сунгах бололтой. Өөрөөр хэлбэл Монголын талын эзэмших хувь хэмжээ 50 хувьд хүрэх асуудлыг 30 жилийн дараа шийднэ гэсэн үг. Түүнчлэн Засгийн газар хөрөнгө оруулагчдаас 125 сая ам.долларын урьдчилгаа авахаар тохирсон байна.