Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний төслийг УИХ-д өргөн барилаа (2009-03-05)
Монгол Улсын Ерөнхий сайд С.Баяр Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг батлах тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Авто замын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсний дагуу УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцүүлэхээр УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өчигдөр өргөн мэдүүлсэн байна.
Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний төсөлд зааснаар бол энэхүү гэрээ нь хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн мөрдөгдөж, эхний ээлжинд 30 жилийн хугацаанд хүчинтэй байх аж. Түүнчлэн Монголын төр Төрийн өмчит компани болох Эрдэнэс МГЛ ХХК-иар дамжуулан хөрөнгө оруулагчийн энгийн хувьцааны 34 хувийг өмчилнө. Гэрээний 16.8-д заасны дагуу энэхүү гэрээ сунгагдсанаас нэг жилийн дотор хоёрдугаар хавсралт болох Хувь нийлүүлэгчдийн гэрээнд харилцан тохиролцсон нөхцөлөөр Хөрөнгө оруулагчийн энгийн хувьцааны 16 хувийг Засгийн газар нэмж өмчлөх эрхтэй гэжээ. Чингэхдээ энэхүү гэрээ болон Хувь нийлүүлэгчдийн гэрээнд талууд гарын үсэг зурж, Хувь нийлүүлэгчдийн гэрээний дагуу Хөрөнгө оруулагчийн нийт хувьцааны 34 хувьтай тэнцэх хэмжээний энгийн хувьцааг Засгийн газарт олгосноор цаашид Оюутолгой төсөлд оролцох Засгийн газрын оролцоог бий болгох болон Хөрөнгийн биржээр хувьцаа арилжаалахтай холбоотой үүргээс Хөрөнгө оруулагчийг бүрэн чөлөөлөх аж.
Хөрөнгө оруулагч нь гэрээ байгуулах өдөр хүчин төгөлдөр үйлчилж байсан Татварын ерөнхий хуулийн 7 дугаар бүлэгт заасан татваруудыг зөвхөн төлөх бөгөөд дараахь албан татварыг тогтворжуулна гэдгийг харилцан тохиролцоно гэж заажээ. Үүнд:
- Аж ахуйн нэгжийн албан татвар
- Гаалийн албан татвар
- Нэмэгдсэн өртгийн албан татвар
- Онцгой албан татвар
- Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр
- Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр
- Үл хөдлөх хөрөнгийн албан татвар
- Хөрөнгө оруулагчийн 0-3.0 тэрбум төгрөгийн албан татвар ногдуулах жилийн орлогод 10 хувиар, 3.0 тэрбум төгрөгөөс дээш албан татвар ногдуулах жилийн орлого олсон бол 300.0 сая төгрөг дээр 3.0 тэрбум төгрөгөөс дээш давсан орлогын дүнгийн 25 хувиар нэмж албан татвар төлнө.
- Хөрөнгө оруулагч түүний хамааралтай этгээдүүд нь 2996 оны тавдугаар сарын 12-ны өдөр Монгол Улсын Их Хурлаас баталсан Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн (Гэнэтийн ашгийн) албан татварын тухай хууль, түүнд оруулсан нэмэлт өөрчлөлт, орлуулсан татвар болон бусад ижил төстэй гэнэтийн ашгийн татвараас чөлөөлөгдөх бөгөөд ямар ч нөхцөлд (гэрээ байгуулагдах өдрөөс эхлэн цаашид) тэдгээрийг төлөх үүрэг хүлээхгүй.
- Хөрөнгө оруулагч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл тус бүрийг эхний ээлжинд 30 жилийн хугацаагаар эзэмших эрхтэй. Ашиглалтын тусгай зөвшөөрөл бүр нь хоёр удаа 20 жилээр шууд сунгагдана.
- Энэхүү гэрээ хүчин төгөлдөр болох өдөр болон түүнээс хойш хөрөнгө оруулагч нь Оюутолгой ордын 6709А тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд ил аргаар ашигт малтмал олборлох болон баяжуулах үйл ажилагааг явуулах онцгой эрхтэй.
- Оюутолгой төслийн барилгын ажлыг гүйцэтгэх болон өргөтгөлийн үе шатанд нийт ажиллагсдын 60-аас доошгүй хувь нь Монгол ажилчид байх талаар хөрөнгө оруулагч нь хүчин чармайлт гаргаж ажиллана.
- Үйлдвэрийн үйл ажиллагаа эхэлснээс хойш Оюутолгой төслийн нийт ажиллагсдын 90-ээс доошгүй хувь нь Монгол ажилчид байх талаар хөрөнгө оруулагч хүчин чармайлт гарган ажиллана.
- Хөрөнгө оруулагч нь Монгол Улс дахь өөрийн сонгосон арилжааны банкинд болон гадаад улсын банкинд данс нээж сонгосон валютаараа чөлөөтэй, саадгүйгээр гүйлгээ хийх эрхтэй.
Нэг иймэрхүү заалттай гэрээний төслийг Засгийн газар УИХ-д өргөн мэдүүлээд байна.