Сумдын номын санд хандивын ном гардууллаа

A- A A+
Сумдын номын санд  хандивын ном гардууллаа

Сумдын номын санд  хандивын ном гардууллаа

Нээлттэй Нийгэм Форум Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ой, Соросын сан Монгол Улсад үйл ажиллагаа явуулж эхэлсэний 10 жилийн ойг тохиолдуулан сумдын номын санд ном хандивлах ёслол 2006 оны 7 дугаар сарын 8-нд боллоо.  
Энэхүү үйл ажиллагаагаар нийгэм, эдийн засаг, улс төрийн сэтгэлгээний хөгжилд түлхэц үзүүлэхүйц монгол хэлнээ бичигдсэн болон орчуулагдсан номыг хөдөө орон нутгийн уншигчдад хүртээхийг зорьж байгаа юм. Уг хандивын ажиллагаанд Нээлттэй Нийгэм Форум нийтдээ 20,000 ам. доллар зарцуулах гэж байна.

Хандивлах номыг сонгохдоо нийгэм, эдийн засаг, улс төрийн сэдвээр сүүлийн 2-3 жилд хэвлэгдсэн, ISBN дугаартай, худалдаанд байгаа номуудыг орон нутгийн номын санчдын хүсэлтэд тулгуурлан сонгосон ба нэг номын санд нэг багц хүргэгдэх болно. Нийтдээ 22 төрлийн ном сонгож зургаан багц болгон 21 аймгийн 250 сумын номын санд хүргэхэд бэлэн болоод байна. Багц тус бүр нь 8-9 төрлийн номоос бүрдэж байгаа юм.

Хандивлах номын заримаас нэрлэвэл, Фанцис Фукуяамагийн “Төрийг бэхжүүлэх нь”, Мильтон Фридман, Рөүз Фридманы “Хувь заяагаа сонгох нь”, Эрнандо Д. Сотогийн “Капиталийн нууц”, Дэвид Боазын “Либертарианизм”, Жоорж Оруэллийн “1984”, Марк Скаузэний “Эдийн засгийн ухаан эдүгээчлэгдсэн замнал”, Баабарын “Нүүдэл суудал”, Ф. Юкичигийн “Эрдмийг эрхэмлэх”, Фатик Колкингийн “Боловсрол гэр бүлээс эхэлнэ” зэрэг номууд орж байна.

Энэхүү хандивын номыг хөдөө, орон нутгийн иргэд уншсанаар улс орны хөгжлийн чухал асуудлаар өрнөж буй хэлэлцүүлэгт тэдний оруулах хувь нэмэр илүү нэмэгдэхийн хамт иргэдийн нийгэм, эдийн засаг, улс төрийн мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд тус нэмэр болохуйц оюуны хөрөнгө оруулалт болон хэмээн найдаж байна.