АНУ-ын их дээд сургууль, коллежийн тэтгэлгээр суралцуулах хөтөлбөр - 2006
Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төв 9-р ангид онцсайн дүнтэй суралцаж буй, англи хэлний өндөр мэдлэгтэй, орлого багатай өрхийн сурагчдыг АНУ-ын их дээд сургууль коллежийн тэтгэлгээр суралцуулах хөтөлбөр /USAP/-т оролцохыг урьж байна. Хөтөлбөрийн зорилго нь сурлага сайтай, сурах өндөр эрмэлзэлтэй, гадаад орны их дээд сургуулийн төлбөр төлөх санхүүгийн боломжгүй сурагчдыг АНУ-ын их дээд сургуульд тэтгэлэгтэйгээр элсүүлэн суралцуулж Монгол орны ирээдүйн өндөр мэдлэг боловсрол, ур чадвартай удирдагчдыг төрүүлэн бий болгоход оршино.
Хөтөлбөрт оролцогчид 2007 оны 8-р сард АНУ-ын их дээд сургуульд элсэн тэтгэлгээр суралцахаар өргөдөл гаргах бөгөөд манай боловсролын зөвлөх ажилтнууд 2006-2007 онд тодорхой хуваарийн дагуу АНУ-ын их дээд сургууль коллежид элсэх өргөдлийн маягт бөглөх, АНУ-д суралцах мэргэжил, сургуулиа сонгох, элсэлтийн шалгалтад бэлтгэх, тэтгэлэг хүсэх талаар сар бүр сургалт, зөвлөгөө өгч ажиллана. Эдгээр бүх сургалт, зөвлөгөө үнэ төлбөргүй бөгөөд оролцогчид манай мэдээллийн төвийг үнэ төлбөргүйгээр ашиглах боломжтой. Элсэлтийн шалгалтууд, өргөдлийн маягтын төлбөр, шуудангийн зардлыг оролцогч өөрөө хариуцна. АНУ-ын их дээд сургуулиуд оролцогчийг сургуульдаа элсүүлэх, тэтгэлэг олгох болон тэтгэлгийн хэмжээг тухайн оролцогчийн шалгалтын дүн, өргөдлийн агуулгаас хамаарч гаргадаг болохыг анхаарна уу.
Дараах шаардлагыг хангасан сурагчид тус хөтөлбөрийн өргөдлийн маягтыг авч материалаа бүрдүүлэн ирүүлнэ үү.
Тавигдах шаардлага:
- · 10 жилийн сургалттай сургуулийн 9-р ангийн эсвэл 11 жилийн сургалттай сургуулийн 10-р ангийн сурагч байх /2007 оны хавар сургуулиа төгсөх/
- · Сайнаас доошгүй дүнтэй байх (B/80/-аас дээш голч дүнтэй байх/
- · Англи хэлний өндөр мэдлэгтэй байх /TOEFL-580-аас доошгүй оноо авах чадвартай байх/
- · Сургалтын төлбөрөө өөрөө төлөх боломжгүй байх
- · Олон нийтийн ажилд идэвхтэй оролцдог байх
- · Сар бүр Улаанбаатарт болох сургалтад ирж оролцох боломжтой байх
Шалгаруулалт:
2006 оны 5-р сарын 26: Өргөдөл хүлээж авах эцсийн хугацаа /17:00 цагаас өмнө/
2006 оны 6-р сарын 2: Өргөдлийн шалгаруулалтын хариу гарна
2006 оны 6-р сарын 5: Өргөдөл шалгарсан бүх сурагчид 15:00 цагт Pre-TOEFL шалгалт өгнө.
2006 оны 6-р сарын 12: Pre-TOEFL-д 580-аас дээш оноо авсан сурагчид 15:00 цагт SAT
шалгалт өгнө.
Эцэст нь Pre-TOEFL-д 580-аас дээш, SAT-д 1400-с дээш оноо авсан сурагчдыг АНУ-ын их дээд сургуульд суралцуулах хөтөлбөрт оролцуулах болно.
Өргөдөл хүлээж авах хаяг:
Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төв
Соёлын Төв Өргөө
Хүүхдийн Номын Ордон 1-р давхарт
Улаанбаатар-46 Монгол улс
Утас: 976-11-319016; 316293 Факс: 976-11-326941;
email: [email protected], oyu@earcmn.org
Website: www.earcmn.org