Нээлттэй Нийгэм Форум нь төрийн үйлчилгээний ил тод байдлыг хангах, төрийн бус байгууллагуудын хөндлөнгийн хяналт тавих чадавхийг бэхжүүлэх зорилгоор “Төрийн үйлчилгээний мониторинг” жил тутмын тэтгэлэгт хөтөлбөр өнгөрсөн оноос эхлэн хэрэгжүүлж байна.
Тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд төрөөс үзүүлж байгаа тодорхой үйлчилгээний ил тод байдал, иргэдийн эрх зөрчигдөж буй байдлын талаарх баримт мэдээллийг цуглуулах, тухайн чиглэлээр мөрдөгдөж буй хууль тогтоомж нь үйлчилгээний ил тод байдлыг хэрхэн хангаж байгаа, түүний хэрэгжилтийн дутагдалтай талууд, хуулийн цоорхой бий эсэх зэргээр эрх зүйн орчинд шинжилгээ хийж, цаашид хууль тогтоомжийг боловсронгуй болгох болон түүний хэрэгжилтийг сайжруулах талаар санал зөвлөмж боловсруулж, цогц нөлөөллийн үйл ажиллагаа хэрэгжүүлэх төслүүдийг сонгож, шалгарсан ТББ-уудад тэтгэлэг олгодог болно.
Хөтөлбөрт хамрагдсан ТББ-уудын мониторингийн чадавхийг сайжруулах зорилгоор цуврал сургалт зохион байгуулах, гарын авлага боловсруулах, арга зүйн зөвлөгөө өгөх байгууллагыг сонгон шалгаруулна. Үйл ажиллагааны дэлгэрэнгүй удирдамжийг /англи хэл дээр/ энд дарж авна уу.
Тавигдах шаардлага:
- ХЗДХЯ-нд бүртгэлтэй ТББ байх
- Мониторинг хэрэгжүүлж байсан туршлагатай
- Сургалт явуулах, сургалтын аргачлал боловсруулж байсан туршлагатай
- Англи хэл дээр эх сурвалж материал ашиглах чадвартай
Өргөдөл гаргагчид дараахь материалыг бүрдүүлнэ . Үүнд:
- Сонирхолоо илэрхийлсэн захидал
- Төсөл /төсвийн хамт/
- Санал болгож буй мониторингийн сургалтын агуулга, хамрах хүрээ, аргачлалын танилцуулга
- Байгууллагын танилцуулга болон төсөлд оролцох хүмүүсийн CV
- Урд нь гүйцэтгэж байсан мониторингийн тайлан
- ТББ-ын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
Материалыг Нээлттэй Нийгэм Форумын байран дээр 2006 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хүртэл хүлээн авна. Лавлах зүйлээ 313207 утсаар эсвэл [email protected] хаягаар лавлана уу.