Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагыг дэмжих төсөл шалгаруулна
Их Британий Ерөнхий сайд Т.Блэйрийн санаачилсан Олборлох Үйлдвэрлэлийн Ил Тод Байдлын Санаачлага (ОҮИТБС)-д одоогоор ашигт малтмалын арвин нөөц бүхий 20 гаруй орон нэгдээд байна. Уг санаачлагыг хэрэгжүүлэхэд Засгийн газар, уул уурхайн компаниуд, иргэний нийгмийн байгууллагууд гэсэн гурван тал оролцон уул уурхайн компаниудын татвар болон бусад хэлбэрээр улсад төлж байгаа бүх төлбөр, тэдгээрээс Засгийн газар авч байгаа бүх орлогыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд ил тод мэдээлж, төлбөр, орлогыг бие даасан, итгэл бүхий хөндлөнгийн хяналтын байгууллагаар харьцуулан шалгуулах, үүнд иргэний нийгмийн идэвхтэй оролцоог хангах чиглэлтэй цогц үйл ажиллагаа явуулдаг байна.
Тус санаачлагад нэгдэн орох болсноо Монгол Улсын Засгийн газар мэдэгдсэн бөгөөд уг ажлыг хэрэгжүүлэх Үндэсний зөвлөл, Ажлын хэсгийг байгуулсан билээ.
Олборлох Үйлдвэрлэлийн Ил Тод Байдлын Санаачлагыг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааг дэмжих зорилгоор Дэлхийн банкны Хөгжлийн тэтгэлгийн хөтөлбөр болон АНУ-д төвтэй Нээлттэй Нийгэм Хүрээлэнгийн “Орлогын Ажиглагч” хөтөлбөрөөс уг санаачилгыг хэрэгжүүлэхэд идэвхтэй оролцох иргэний нийгмийн байгууллагуудад зориулсан санхүүжилтийг Нээлттэй Нийгэм Форум (ННФ)-аар дамжуулан олгох болсон юм.
Уг санаачлагыг дэмжиж дараах чиглэлээр төсөл шалгаруулалтад оролцохыг иргэний нийгмийн байгууллагууд (ТББ, иргэний хөдөлгөөн, хэвлэл мэдээллийн хэрэгсэл г.м.)-ыг уриалж байна. Үүнд:
- ОҮИТБС-ын ач холбогдлыг олон нийтэд таниулан сурталчлах
- ОҮИТБС-ын хэрэгжилтийн явцыг хурдасгах нөлөөллийн үйл ажиллагаа явуулах
- ОҮИТБС-ын хүрээнд гаргах тайлангийн бүтэц, агуулгыг боловсруулах ажилд оролцох, санал боловсруулах
- Орлогын талаарх тайланд дүн шинжилгээ хийж, дүгнэлт гаргах зэрэг болно.
Түүнчлэн уг санаачлагатай холбоотой бусад чиглэлийн үйл ажиллагаа байж болно. ОҮИТБС-ыг хэрэгжүүлэх үйл явцад оролцох, дэмжих үйл ажиллагаа явуулахдаа бусад сонирхол бүхий иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллахад бэлэн байх шаардлагатай. ОҮИТБС-ын талаар дэлгэрэнгүй мэдээллийг ННФ-аас, мөн www.eitransparency.org вэб хуудаснаас авах боломжтой.
Төслийн үргэлжлэх хугацаа 5-10 сар байх ба санхүүжилтийн хэмжээ төслийн цар хүрээнээс хамааран 5,000-15,000 ам. доллар байна.
Сонирхогч байгууллагууд дараах материалыг 2006 оны 5 дугаар сарын 10-ны дотор ННФ-д ирүүлэх шаардлагатай. Үүнд:
- Өргөдөл (яагаад уг санаачлагыг дэмжиж байгаа, байгууллага, хөдөлгөөний цаашдын зорилготой уялдсан байдал г.м.)
- Ажлын төлөвлөгөө (зорилго, хамрах цар хүрээ, гарах үр дүн г.м.)
- Нарийвчилсан төсөв
- Байгууллага, хөдөлгөөний гэрчилгээний хуулбар
- Төлөвлөгөөг хэрэгжүүлэх багийн бүрэлдэхүүн, товч анкет
- Дээрх материалын цахим хувилбар (дискээр өгөх эсвэл и-мэйлээр [email protected] хаягаар илгээнэ үү)
Нэмэлт мэдээлэл авах сонирхолтой бол 2006 оны 5 дугаар сарын 3-ны өдөр 16.00 цагаас ННФ-ын хурлын танхимд хүрэлцэн ирэхийг урьж байна.
Манай хаяг:
Нээлттэй Нийгэм Форум
Жамъяан гүний гудамж 5/1
Сүхбаатар дүүрэг 210648
Улаанбаатар, Монгол Улс