БОДЛОГЫН СУДАЛГААНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР
2006 он
Нээлттэй Нийгэм Форум 2006 оны Бодлогын Судалгааны Тэтгэлэгт Хөтөлбөрөө зарлаж байна. Энэхүү хөтөлбөрийн зорилго нь бодлогын шинжилгээ судалгааг дэмжиж, чанарыг дээшлүүлэх, бодлого судлаач, шинжээчдийн чадавхийг хөгжүүлэхэд чиглэнэ. Бодлогын Судалгааны Тэтгэлэгт Хөтөлбөрийн сэдвийг дараахь чиглэлээр зарлаж байна. Үүнд:
ТББ-ын санхүүжилтийн тогтвортой байдал
Энэ сэдвийн хүрээнд ТББ-ууд хэрхэн санхүүгийн хувьд бие даан тогтворжих асуудлыг судална. Үүнд филантрофийн хөгжил, хөрөнгө босгох болон сайн дурын үйл ажиллагаа, хандив, ТББ-уудын аж ахуй эрхлэх боломж зэргийг судалж, бодлогын зөвлөмж гаргана. Түүнчлэн төрөөс авах татварын хөнгөлөлт, төрийн чиг үүргийг гэрээгээр гүйцэтгэх, аж ахуйн үйл ажиллагааг дэмжих зэрэг бодлогын арга хэмжээний талаар зөвлөмж гаргана.
Ашиг сонирхлын зөрчил
Авилгалын нэг гол үндэс суурь болж байдаг ашиг сонирхлын зөрчлийг тодорхойлох, урьдчилан сэргийлэхтэй холбоотой эрх зүйн зохицуулалт, бодлого илт үгүйлэгдэж байна. Иймээс энэхүү асуудлыг дэлгэрүүлэн авч үзэн манайд байгаа сонирхлын зөрчлийн түгээмэл хэлбэрүүд, түүний үр дагавар, нөлөөлж буй улс төр, нийгэм, эдийн засаг, хууль зүйн гэх мэт хүчин зүйлсийг тодорхойлж, цаашид урьдчилан сэргийлэх арга замууд, тэдгээрийг үр нөлөөтэй хэрэгжүүлэх талаар бодлогын зөвлөмж гаргана.
Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашиг
Төсвийн хөрөнгө оруулалтын чиг хандлага, оновчтой байдлыг авч үзэж, түүний үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлээр бодлогын хувилбаруудыг боловсруулна. Үүнд төсвийн хөрөнгө оруулалтаар шийдвэр гаргахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх арга замууд, төсөл сонгох шалгуурын үндэслэл, оновчтой байдал, цаашдын хөрөнгө оруулалтын чиг хандлага зэргийн талаар нарийвчлан судлана.
Тэтгэврийн бодлогын хэрэгжилт
Энэ сэдвийн хүрээнд тэтгэврийн бодлогын хэрэгжилт, тэтгэврийн тогтолцооны өнөөгийн байдалд үнэлгээ дүгнэлт өгсний үндсэн дээр тогтолцоог боловсронгуй болгох арга замын талаар санал боловсруулна. Ингэхдээ өнөөдрийн тогтолцооны гажуудал, бодлого болон түүний хэрэгжүүлэлтийн алдаа, оноог тодорхойлж, цаашид уг тогтолцооны тогтвортой, бие даах чадвартай байх боломжуудыг судлаач гүнзгийрүүлэн судална.
Татвар цуглуулах механизм
Энэ сэдвийн хүрээнд судлаач татвар төлөлт, түүнд тавих хяналтын үйл явцын шударга, эрх тэгш, ил тод байдлыг судалж, татвар цуглуулах механизмыг сайжруулах талаар бодлогын хувилбаруудыг санал болгоно.
Засгийн газрын зардлыг бууруулах арга зам
Татварын хэмжээг бууруулахтай уялдуулан засгийн газрын зардлыг бууруулах явдал бодлогын тулгамдсан асуудлуудын нэг болоод байна. Судлаач нь засгийн газрын чиг үүргийг зардалтай нь холбон судалж, үр ашгийг нь дээшлүүлэх боломж, байж болох зардлын хэмнэлтийг тодорхойлон, бодлогын хувилбар боловсруулна.
Төсөв санхүүгийн төвлөрөл ба орон нутгийн бие даасан байдал
Орон нутагт төсөв санхүүгийн эрх мэдлийг олгоогүй тохиолдолд төвлөрөл бодит утгаараа саарахгүй юм. Уг судалгаа нь Монгол орны өнөөгийн нөхцөлд төсөв санхүүгийн эрх мэдлийг орон нутагт шилжүүлэх замаар орон нутгийн бие даасан байдлыг нэмэгдүүлэх боломжийг судлан, энэ үйл явцыг хэрэгжүүлэхэд шаардлагатай нөхцлүүдийг тогтоож, бодлогын зөвлөмж боловсруулах зорилготой болно.
Татварын бодлого ба албан бус сектор
Монголын албан бус секторын нийт эдийн засагт үзүүлж буй нөлөөг харуулахын зэрэгцээ татварын бодлого секторын хэмжээнд хэрхэн нөлөөлөх талаар судалгаа гаргаж, бодлогын хувилбаруудыг дэвшүүлэхэд судалгааны зорилго оршино. Үүнд уг секторт ажиллагсдын татварын талаарх байр суурь, үзэл бодолд үндэслэн өнөөгийн татварын хувь хэмжээ, ногдуулах хэлбэрийг өөрчилснөөр албан бус секторт гарч болох сөрөг ба эерэг үр нөлөөг тооцох болно. Судалгааны ажлыг гүйцэтгэхдээ Нээлттэй Нийгэм Форумаас 2004-05 онд гүйцэтгэсэн “Албан бус секторын түүвэр судалгаа”-ны өгөгдлийг болон бусад мэдээллийг ашиглах боломжтой.
Бизнесийн нийгмийн хариуцлага
Бизнес нь ашиг олох төдийгүй нийгмийн зорилтуудыг шийдвэрлэхэд хариуцлага хүлээх шаардлага улам бүр нэмэгдсээр байна. Энэ сэдвийн хүрээнд судлаач нь Монгол дахь бизнесийн нийгмийн хариуцлагын асуудлыг олон улсын туршлагатай харьцуулан судалж, цаашид уг хариуцлагыг нэмэгдүүлэх талаар бодлогын болон бизнесийн байгууллагын түвшинд хэрэгжүүлэх тодорхой зөвлөмжүүдийг боловсруулна.
Орд газрын баялгийн эдийн засгийн үр нөлөөг тооцох загвар
Нөөцийг нь тогтоосон орд газрын ирээдүйд өгөх эдийн засгийн үр өгөөжийг тооцох загварыг тодорхой эрдэс баялгийн хувьд боловсруулан гаргахад судлаачийн зорилго оршино. Энэхүү загвар нь гадаад, дотоод хүчин зүйлсийг харгалзан үзэж тодорхой ордыг ашиглах эдийн засгийн тооцоог боловсруулах ерөнхий хүрээг санал болгоно. Судлаач ерөнхий загвараа тодорхой орд газрын хувьд ашиглах боломжтой.
Уул уурхайн байгаль орчны үр дагавар
Уул уурхайн үйл ажиллагаа байгаль орчны сөрөг үр дагаварт хүргэх эрсдэлтэй байдаг ба ялангуяа тухайн орон нутгийн иргэдийн эрүүл орчинд аж төрөх эрхийг ноцтой зөрчих тохиолдол гардаг. Судлаач тодорхой газар нутгийн хувьд байгаль орчны үр нөлөөг орон нутгийн иргэдийн эрүүл мэнд, амьдралын хэв маяг, аж ахуйн талаас нь судалж, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ, нөхөн сэргээлт зэргийг бодитой хэрэгжүүлэхэд шаардлагатай бодлогын сонголтуудыг үнэлэх болно.
Тогтворжилт, хөгжлийн сан байгуулах нөхцөл, боломж
Уул уурхайн салбараас орох орлого үйлдвэрлэлийн хэмжээ болон үнийн өсөлтөөс хамааран нэмэгдэх тохиолдолд үүсч болох төсвийн орлогын өсөлтийг зөв удирдан зохицуулах явдал “нөөц баялгийн хяслан”-г даван туулах нэгэн арга зам болдог. Энэхүү сэдвийн хүрээнд судлаач Монголд ийм сан байгуулах нөхцөл бүрдсэн эсэх, бүрдсэн бол хамгийн оновчтой хэлбэрээр санг хэрхэн зохион байгуулж болох талаар судлах болно. Үүнд сангийн бүрдүүлэлт, удирдлага, зарцуулалт, тайлагнал зэрэг үндсэн асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар тодорхой санал дэвшүүлэхээс гадна сан байгуулахад шаардагдах эрх зүйн орчны үндсэн бүрэлдэхүүн хэсгийг томьёолон гаргана. Ялангуяа сан байгуулах болон үйл ажиллагаагаа явуулахад иргэдийн хяналт, нөлөө ямар байх талаар тодруулан судлах боломжтой.
Уул уурхай ба ажил эрхлэлт
Уул уурхайн үйлдвэрлэл огцом нэмэгдэх нь эдийн засагт шууд болон шууд бус хэлбэрээр ажлын байр нэмэгдүүлж байгаа нь тодорхой. Гэвч нөгөө талаас экспортын бүтэц, мөнгөний ханш, хөрөнгө оруулалт зэрэгт нөлөөлж улмаар бусад салбар, ялангуяа боловсруулах үйлдвэрлэлийн бүтээмж, ажил эрхлэлтэд сөрөг нөлөө үзүүлэх хандлагыг “Голланд өвчин” гэж нэрлэх нь бий. Уул уурхайн салбар ажлын байр бий болгоход хэр үр ашигтай салбар болох, мөн Монгол улсад дээрх өвчин байгаа эсэх, байгаа тохиолдолд бодлогын ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай байгааг судлаач авч үзнэ. Ингэхдээ судлаач бусад орны жишээг Монгол оронд үүсэж байгаа нөхцөл байдалтай уялдуулан дүгнэж, уг өвчний үр дагавар Монголд хэрхэн тусахыг шинжлэн бодлогын санал зөвлөмж боловсруулна.
Өргөдөл гаргах болон сонгон шалгаруулалт
Хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй хүмүүс дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:
- Өөрийн анкет
- Судлаачаар ажиллах сонирхлоо илэрхийлсэн өргөдөл. Үүнд: (1) уг судалгааны хөтөлбөр нь таны цаашдын ажил, мэргэжлийн өсөлтөд хэрхэн нөлөөлөх; (2) та уг судалгааны хөтөлбөрт ямар хувь нэмэр оруулж чадах талаар тайлбарлах. Хэмжээ – 1 хуудас
- Сонгож авсан сэдвээр боловсруулсан судалгааны төлөвлөгөө. Үүнд: бодлогын судалгааны сэдэв, зорилго, зорилтууд, арга зүйг нарийвчлан тусгаж, судалгааны ажлын ач холбогдол, үр дүнг тодорхойлох. Хэмжээ 3-5 хуудас
- Хөтөлбөрт оролцохыг дэмжсэн тодорхойлолт (хоёр хүнээс)
- Бүтээлийн жагсаалт, бичлэгийн загвар
Судалгааны ажлын төлөвлөгөөг хэрхэн гаргах талаар тодорхой тайлбар бүхий удирдамж, хөтөлбөрт оролцохыг дэмжсэн хөндлөнгийн тодорхойлолтын маягт зэргийг Нээлттэй Нийгэм Форумаас ирж авч болно.
Хавсралт материалууд :
Нэмэлт эх сурвалж : Үр нөлөө бүхий бодлогын баримт бичиг боловсруулах нь
Бодлогын Судалгааны Тэтгэлэгт Хөтөлбөрт хамрагдах хугацаа, нөхцөл
Судалгааны үргэлжлэх хугацаа сэдвийн онцлогоос хамааран гэрээнд гарын үсэг зурсан өдрөөс эхлэн 6 – 9 сар байна. Судлаач нь энэ хугацаанд тогтмол зохиогдох бодлогын судалгаа хийх, бодлогын баримт бичиг боловсруулах арга зүйн сургалт, судалгааны сэдвээр хийгдэх ярилцлага, семинарт оролцоно. Судлаачдад дотоод, гадаадын мэргэжлийн зөвлөх нар зөвлөлгөө өгч, байнгын харилцаатай ажиллана.
Хөтөлбөрийн хүрээнд сар бүр олгох тэтгэлгийн хэмжээ өндөр байх ба судалгааны ажилтай холбогдон гарах бусад боломжит зардлыг хөтөлбөрөөс санхүүжүүлнэ. Судалгааны ажлын эцсийн тайланг хэвлэн, Нээлттэй Нийгэм Форум бодлогын портал сайтад байрлуулна.
Судлаачид тавигдах шаардлага
Судлаачид дор дурдсан шаардлага тавигдана. Үүнд:
- Бакалавр буюу түүнээс дээш зэрэгтэй (дипломын баталгаажуулсан хуулбарыг хавсаргана)
- Гадаад хэлний тодорхой төвшний мэдлэгтэй
- Компьютерийн хэрэглээний болон судалгааны программыг ашиглах чадвартай
- Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан, 50 хүртэлх настай
- Ажлын цагийн 50-иас доошгүй хувийг судалгааны ажилд зориулах боломжтой (ажлаасаа бүрэн буюу тодорхой хувиар чөлөөлөгдөхийг зөвшөөрсөн захидлыг албан газраасаа авч, хавсаргана)
зэрэг болно.
Утас, факс, э-шуудангаар мэдээлэл, лавлагаа өгөхгүй. Дэлгэрэнгүй мэдээллийг ННФ-ын Бодлогын Судалгааны Тэтгэлэгт хөтөлбөрөөс зохион байгуулах Мэдээлэл өгөх уулзалтанд оролцож авна уу. Уулзалт нь 2006 оны 2 дугаар 21-ний Мягмар гарагийн 17:00 цагт ННФ-ын хурлын зааланд болно.
Өргөдөл хүлээн авах сүүлийн хугацаа:
2006 оны 3-р сарын 13-ны өдрийн 18.00 цаг.
Бүрдүүлсэн материалаа дор дурдсан хаягаар ирүүлнэ үү. Үүнд:
Нээлттэй Нийгэм Форум
Жамьян гүний гудамж 5/1,
Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот,
Монгол Улс-210648
Утас: 976-11-313207
Факс: 976-11-324857
Бодлогын Судалгааны Хөтөлбөрт
Бүрдүүлэлт дутуу материалыг хүлээж авахгүй. Мөн шалгаруулалтад хүлээж авсан материалыг эргүүлж олгохгүй болохыг анхаарна уу.