Мөн СЕХ-нд танилцуулжээ. Төслийн мэргэжлийн багт Хөдөлмөрийн баатар, гавьяат хуульч Б.Чимэд, академич Ж.Амарсанаа нар багтсан байна. Пропорциональ буюу хувь тэнцүүлсэн хувилбарыг сонгож, нам, хүн хоёрыг зэрэг сонгох зарчмыг агуулсан сонирхолтой энэ төслийн талаар эрхэм гишүүн Л.Болдтой ярилцлаа. Уг төсөл Монголын нөхцөлд хамгийн тохирсон зарчмыг агуулсан гэж хуулийн мэргэжилтнүүдээс өндөр үнэлгээ аваад байгаа юм байна.
-Та өмнө нь Монголд хэрэглэж байгаагүй өвөрмөц хувилбараар УИХ-ын сонгууль явуулах төсөл санаачилжээ. Пропорциональ системийг ерөнхийдөө баримталсан ч дотроо онцлогтой төслийн гол зарчим юу вэ?
-Миний санаачилсан төслийн гол онцлог гэвэл сонгогч санал өгөхдөө нам, нэр дэвшигч хоёрыг зэрэг сонгоно. Нам, эвслийн нэрээр, мөн тухайн нам, эвслээс нэр дэвшсэн буюу бие дааж нэр дэвшигчийн нэрээр санал өгөх гэсэн ийм хоёр жагсаалтыг сонгогч гар дээрээ авч, тэндээсээ сонголтоо хийнэ гэсэн үг. Илүү ойлгомжтойгоор тайлбарлавал сонгогч нэг нам буюу эвслийн төлөө санал өгнө. Түүнээс гадна өөрийн санал өгсөн тухайн нам, эвслээс нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтад байгаа нэг нэр дэвшигч, эсвэл нэг бие даагчийн төлөө саналаа өгөх юм. Үүнийг л хүн, намыг зэрэг шууд сонгох зарчмыг баримтална гэж хэлээд байна л даа.
-Нэр дэвшигчдийн жагсаалтыг нам гаргах уу?
-Улс төрийн намууд нэр дэвшүүлэх хүмүүсээ жагсаана. Магадгүй намын дарга өөрийн лоббины хүний нэрийг дээгүүр бичиж магадгүй. Харин сонгогчдын олонхийн саналыг авч байж л тухайн хүн УИХ-д суух болзол хангах тул лоббигоор нэр нь дээгүүр орсон ч парламентад сонгогдох боломжгүй.
-Бие даагч яаж нэрээ дэвшүүлэх вэ?
-Бие даахаар шийдсэн хүн тухайн сонгуулийн тойрогт харьяалалтай, хүн амынхаа бүртгэлд бүртгэлтэй байх учиртай. Тэгээд тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид байнга оршин суудаг сонгуулийн насны 801-ээс доошгүй хүний гарын үсгийг цуглуулж үнэн зөвийг нь тухайн шатныхаа Засаг даргын Тамгын газрын даргын гарын үсгээр баталгаажуулсан байх ёстой.
-Манайд нэг удаа хэрэглэсэн цэвэр пропорциональ системээр бол сонгогч зөвхөн намын төлөө санал өгч, нам нь авсан хувьдаа тэнцүүлээд дурын хүнээ парламентад оруулдаг шүү дээ. Одоо түүнийг хэрэглэвэл зөвхөн намын дарга тойрсон бүлэглэл УИХ-д орж ирэх магадлалтай. Түүнээс сэргийлэхийн тулд давхар хүнд нь санал өгүүлэх нь зөв гэж үзэж байна уу?
- Сонгуулийг 100 хувь пропорциональ системээр явуулна. Парламентын суудлыг намуудад сонгогчдын өгсөн саналыг харгалзан хувь тэнцүүлэн хуваарилна. Гэхдээ тэр суудалд хэн суухыг намын даргын сонирхлоор биш сонгогчийн нэр дэвшигчдэд өгсөн саналаар шийднэ. Пропорциональ системээр сонгууль явуулахад намуудын нэр дэвшигчдийн эрэмбийг тухайн улс төрийн намын даргын явцуу үзэмжээр шийдэж болох алдаанаас үүгээр сэрэмжилж байгаа юм. Мэдээж одоо бол пропорциональ системээр сонгуульдвал зөвхөн намын даргын үзэмжээр УИХ-ын гишүүдийг тодруулна гэсэн болгоомжлол байгаа шүү дээ. УИХ-ын гишүүд дунд ч тийм болгоомжлол бий.
-Тойргийн хувьд ямар байх вэ. Томсгосон байх уу, жижигсгэсэн үү, Ерөнхийлөгчийн сонгууль шиг эсвэл улс орон даяар нэг тойрог байх юм уу?
-Олон мандаттай томсгосон тойрогтой байна. Хуулийн төсөлд Сонгуулийн газар зүй, түүний зохион байгуулалт гэсэн тусгай бүлэг оруулж өгсөн. УИХ-ын томсгосон тойргийг зохион байгуулахдаа тойргуудад хамрагдах хүн амын тоо адил тэнцүү байх зарчмыг барьдаг шүү дээ. Тэр зарчмаар нийт хүн амыг мандатын тоонд хувааж тойрог байгуулах улсын дунджийг гаргана. Миний санаачилсан төслөөр бол хөдөөд хэд хэдэн аймгийг нэгтгэж, нийслэлд бол хоёроос гурван дүүргийг нэгтгэж нэг тойрог болгон зохион байгуулахаар зааж өгсөн. Түүнийг сонгуулийн газар зүй гэж нэрлээд байгаа юм.
-Хүн амын тоо нь тойрог байгуулах дунджийн хэмжээнд хүрэхгүй бол яах вэ?
-Хэрэв аймаг, нийслэл, дүүргийн хүн амын тоо тойрог байгуулах улсын дунджаас цөөн байвал хил залгаа аймгийн сум, нийслэлийн дүүргийн сонгуулийн хэсгийн хороотой түр нэгтгэж нэг тойрог болгож болно. Сонгогчид олноор ирсэн үед саналаа өгөхөд тух алдагдах, хэсгийн хороодын ачаалал ихсэх зэрэг сөрөг тал ажиглагддаг. Үүнээс гарахын тулд хэсэгт ногдох сонгогчдын тоог цөөрүүлж суманд 100-1000, аймгийн төвд 2000-3000, нийслэлийн дүүрэгт 2000-4000 хүртэл сонгогчтой байхаар зохицуулалт хийхээр төсөлд тусгасан.
-Босго даваагүй намыг яах вэ?
Сонгуулийн босгоос олон санал аваагүй нам, эвсэл, бие даагчийг гишүүний мандат хуваарилахад оролцуулахгүй.