МЭДЭГДЭЛ

A- A A+
МЭДЭГДЭЛ

Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын
Олон улсын зөвлөлийн
2010 оны IV сарын 14-ний шийдвэрийн тухай

МЭДЭГДЭЛ

Монгол Улс Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга (ОҮИТБС)-ыг 2006 оноос албан ёсоор хэрэгжүүлж байгаа ба “Төлсөн Авснаа Нийтэл” (ТАН) иргэний нийгмийн эвслийн гишүүд энэ чиглэлээр төр, засгийн болон олборлох салбарын байгууллагуудтай хамтран ажиллаж ОҮИТБС-ын Үндэсний зөвлөл, Ажлын хэсэг, Ажлын албаны үйл ажиллагаанд эрх тэгш, харилцан ойлголцож, санаачилгатай оролцох зарчмыг баримталж ирлээ.
Олборлох салбараас улсын болон орон нутгийн төсөв, албан байгууллага, албан тушаалтанд төлсөн аливаа төлбөрийг олон нийтэд ил тайлагнах зорилготой ОҮИТБС-ын хүрээнд 2006, 2007 оны санхүүгийн жилийг хамарсан хоёр удаагийн тайланг 2008, 2010 онд тус тус гаргасан ба 2008 оны тайланг гаргах ажил одоо ид явагдаж байна.

Уг санаачилгыг улс орнуудад хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах үүрэг бүхий ОҮИТБС-ын Олон улсын зөвлөлөөс Монгол Улсыг 2008 онд ОҮИТБС-ыг хэрэгжүүлэгчид “нэр дэвшигч” орон хэмээн албан ёсоор зарлаж, хөндлөнгийн үнэлгээ буюу баталгаажуулалтыг хоёр жилийн дотор хийлгэхийг даалгасан билээ. Энэхүү баталгаажуулалтаар ОҮИТБС-ыг олон улсад батлагдсан зарчим, дүрмийн дагуу хэрэгжүүлж байгаа эсэхэд нийт 20 үзүүлэлтээр үнэлгээ өгч, эдгээрт бүрэн нийцсэн тохиолдолд “бүрэн хэрэгжүүлэгч” орон болсныг зарлах юм. Үүний дагуу Монгол Улсад баталгаажуулалтын үйл явц 2010 оны гуравдугаар сард дуусч, түүний дүнг дөрөвдүгээр сарын 14-15-ны өдрүүдэд Герман улсын Берлин хотноо болсон Олон улсын зөвлөлийн ээлжит хуралдаанаар тусгайлан хэлэлцэж, шийдвэр гаргасантай холбогдуулан ТАН эвслийн байр суурийг үүгээр мэдэгдэж байна.  

  • ОҮИТБС-ыг хэрэгжүүлэх талаар Монгол Улс тодорхой ахиц дэвшил гаргаж байгааг үнэлж цохон тэмдэглэсний зэрэгцээ баталгаажуулалтын нийт 20 үзүүлэлтээс 5-ыг нь хараахан бүрэн биелүүлээгүй гэж үзээд “нэр дэвшигч” орны статусыг зургаан сарын хугацаатайгаар сунгах шийдвэр гаргажээ. Энэ хугацаанд багтаан тодорхой арга хэмжээ авч, уг санаачилгад олборлох салбарын компаниудыг бүрэн хамруулах, төр, засгийн байгууллагад төлж буй бүх төлбөрийг тайлагнах зэрэг дээрх таван үзүүлэлтээр үр дүн гаргасан тохиолдолд “бүрэн хэрэгжүүлэгч” орон болсныг зарлах, эс бөгөөс “нэр дэвшигч” орны тооноос хасах нөхцлийг Олон улсын зөвлөлөөс тавьсан байна. ТАН эвслийн зүгээс энэ шийдвэрийг хүлээн авч байгаагаа илэрхийлж байна.
  • Заасан хугацаанд үр дүн гаргахын тулд ОҮИТБС-ын Үндэсний зөвлөл, Ажлын хэсэг тодорхой ажлын төлөвлөгөө гаргаж шуурхай хэрэгжүүлэх шаардлагатай болж байна. Иймд төр, засаг, олборлох салбарын компаниуд болон иргэний нийгмийн байгууллагууд ОҮИТБС-ын Үндэсний зөвлөл, Ажлын хэсгийн түвшинд улам эрчимтэй хамтран ажиллах, ялангуяа Монгол Улсын Ерөнхий сайдаар ахлуулсан Үндэсний зөвлөл яаралтай хуралдаж зохих арга хэмжээ авахыг ТАН эвслийн зүгээс хүлээж байна.
  • Ирэх зургаан сарын хугацаанд ОҮИТБС-ын 2008 болон 2009 оны тайланг бэлэн болгож олон нийтэд тайлагнах, үүнтэй холбоотой санхүүгийн болон зохион байгуулалтын зарим саад бэрхшээлийг яаралтай арилгах, эдгээр тайланд олборлох салбарын бүх үйлдвэрлэгчийг хамруулах, төр, засгийн байгууллагад компаниудын зүгээс төлж буй хандив тусламж, орон нутагт төлдөг аливаа төлбөр, нийгмийн чиглэлийн хөрөнгө оруулалт зэргийг бүрэн багтаах талаар ОҮИТБС-ын Үндэсний зөвлөл онцгойлон анхаарах хэрэгтэй байна.
  • Цаашид ОҮИТБС-ыг цаг хугацаанд нь бүрэн дүүрэн хэрэгжүүлж хэвшихэд шаардагдах эрх зүйн орчныг бүрдүүлэхийн төлөө оролцогч талууд хүчин чармайлт гаргаж, Монголын хууль тогтоогчдын зүгээс ОҮИТБС-ын тухай хуулийг батлан гаргахыг хүлээж байгаагаа тус санаачилгын Олон улсын зөвлөл илэрхийлжээ. Иймээс манай Засгийн газар ОҮИТБС-ын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьж, түүнийг хууль тогтоогчид хэлэлцэн батлахыг ТАН эвсэл уриалж байна.
  • ОҮИТБС-ыг орон нутгийн түвшинд хэрэгжүүлэх хэрэгцээ, шаардлагатай гэж ТАН эвсэл үзэж байна. Тиймээс олборлох салбараас орон нутгийн засаг захиргаанд төлж буй албан болон албан бус аливаа татвар, төлбөр, хандив зэргийг тусгасан тайланг аймгийн түвшинд гаргаж, олон нийтээр хэлэлцүүлэх ажлыг зохион байгуулахыг орон нутгийн ИТХ, Засаг дарга нараас хүлээж байна.
  • ОҮИТБС-ыг хэрэгжүүлэх явцад нэгэнт бүрэлдсэн гурван талт буюу төр засаг, компаниуд, иргэний нийгмийн төлөөлөл бүхий зохион байгуулалтын бүтцийг цаашид хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл, мөн хөрөнгө оруулалт, үйлчилгээний болон бүтээгдэхүүн хуваах гэрээний ил тод байдлыг хангахад ашиглах замаар Монгол Улсад ОҮИТБС-ын хэрэгжүүлэх хүрээг өргөжүүлэх саналыг ТАН эвслийн зүгээс гаргаж байна.

“Төлсөн Авснаа Нийтэл” эвслийн зүгээс ОҮИТБС-ыг хэрэгжүүлэхийн төлөө оролцогч талуудтай идэвхтэй хамтран ажиллахад ямагт бэлэн гэдгээ илэрхийлж байна.

“ТӨЛСӨН АВСНАА НИЙТЭЛ” ЭВСЭЛ
2010 оны тавдугаар сарын 05.