Төрийн бус байгууллагуудыг мониторинг хийхийг урьж байна
Нээлттэй Нийгэм Форум нь засаглалын ил тод, хариуцлагатай байдлыг хангахад төрийн бус байгууллагуудын хөндлөнгийн хяналт тавих оролцоог нэмэгдүүлэх, энэ чиглэлээр тэдний чадавхийг бэхжүүлэх зорилго бүхий мониторингийн тэтгэлэгт хөтөлбөрөө тав дахь удаагаа зарлаж байна.
Мониторинг нь иргэний нийгмийн зүгээс төрийн байгууллага, албан хаагчдын үйл ажиллагаа, иргэдэд үзүүлж буй үйлчилгээ, гаргаж буй бодлого, шийдвэр, тэдгээрийн гүйцэтгэлд хөндлөнгийн хяналт тавих замаар дутагдал, гажуудлыг тодорхой баримтад үндэслэн илрүүлж, тухайн асуудал, нөхцөл байдалд нийгмийн анхаарлыг хандуулан, хэрхэн засч залруулах талаарх зөвлөмж боловсруулах, засаглалын бодлого боловсруулах, гүйцэтгэх түвшинд нөлөөлөх цогц үйл ажиллагаа юм.
Тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 2009 онд дараахь чиглэлийн мониторингийг дэмжих болно.
- Төсвийн чиглэлээр:
- Нийгмийн даатгалын сангуудын хөрөнгийн зарцуулалт,
- Засгийн газрын тусгай сангуудын бүрдэлт, зарцуулалт,
- Улсын төсвийн болон Монгол Улсыг хөгжүүлэх сангийн хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үйл явц (эрчим хүч, зам тээвэр, барилга хот байгуулалт, боловсролын салбарт),
- Боловсрол, эрүүл мэндийн салбарын төвлөрсөн (яамны түвшинд) болон төвлөрсөн бус (орон нутаг, байгууллагын түвшинд) худалдан авалт,
- Орон нутгийн (аймаг, нийслэл, сум, дүүргийн түвшинд) төсвийн зарцуулалт,
- Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилтийн мониторинг.
- Уул уурхай, газрын тосны салбарт:
- Газрын тосны салбарын бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах үйл явц, гэрээний хэрэгжилт,
- Уул уурхайн салбарын тогтвортой байдлын гэрээнүүдийн хэрэгжилт,
- Ашиглалтын лицензийн үүргийн биелэлт,
- Төрийн өмчийн оролцоотой уул уурхайн компанийн санхүүгийн болон худалдан авах үйл ажиллагаа,
- Уул уурхайн бүтээгдэхүүний экспортын үйл ажиллагааны зохицуулалтад хийх мониторинг.
- Төрийн болон нийгмийн үйлчилгээний чиглэлээр:
- Орон нутгийн засаг захиргааны байгууллагаас иргэдэд үзүүлэх үйлчилгээ,
- Боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал болон нийгмийн халамжийн үйлчилгээний хүртээмжийн мониторинг.
- Зээл тусламжийн чиглэлээр:
- Боловсролын салбарт гадаадын хандивлагчийн хөрөнгөөр хэрэгжсэн төсөл, хөтөлбөр,
- Хандивлагчдын урт хугацааны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжсэн, хэрэгжиж байгаа тодорхой төслийн мониторинг.
- Шүүхийн ил тод байдлын чиглэлээр:
- Шүүгчийг сонгон шалгаруулах, томилох, зэрэг дэв олгох, сахилгын зөрчлийг хянан шийдвэрлэх үйл явц,
- Шүүх хуралдааны нээлттэй байдал болон шүүхийн шийдвэрийн ил тод байдал,
- Шүүхийн дүрэм журам, шүүхийн бусад үйл ажиллагааны нээлттэй байдлын мониторинг.
- Орон нутгийн төрийн бус байгууллагуудын санал санаачилгыг дэмжих
Орон нутгийн төр захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих, тухайн орон нутагт хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд мониторинг хийх сонирхолтой орон нутгийн төрийн бус байгууллагуудын төслийг тусгайлан дэмжинэ. Төслийн үргэлжлэх хугацаа нь 4-6 сар, төсвийн дээд хэмжээ нь 5 caя төгрөг байна.
Мониторинг нь дараахь үйл ажиллагааг багтаасан байна. Үүнд:
- Сонгосон асуудалтай холбоотой бодит баримт, мэдээлэл цуглуулах. Тухайлбал, үйл явдлыг ажиглах, газар дээр нь очиж судлах, ярилцлага хийх, кейс жишээ, хоёрдогч мэдээлэл, баталгаажуулах баримт цуглуулах.
- Цуглуулсан баримтад дүн шинжилгээ хийж санал зөвлөмж гаргах.
- Мониторингийн үр дүнг хэрэгжүүлэх нөлөөллийн стратегийг тодорхойлж, цогц үйл ажиллагааг төлөвлөсөн байна.
Өргөдөл гаргагчид дараахь материалыг бүрдүүлэн өгнө. Үүнд:
- Сонирхлоо илэрхийлсэн захидал /төслийн сэдвийг сонгосон шалтгаан, танай байгууллагын үйл ажиллагаатай хэрхэн холбогдож байгаа тухай болон өмнө нь мониторингийн төсөл хэрэгжүүлж байгаагүй бол яагаад энэ төслийг хэрэгжүүлэхийг хүсч буй талаараа тодорхой бичнэ үү/
- Төслийн өргөдөл
- ТББ-ын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
- Байгууллагын үйл ажиллагааны тайлан
- Урд нь гүйцэтгэж байсан мониторингийн тайлан /хэрэв байгаа бол/
Тэтгэлэгт хөтөлбөрийн дэлгэрэнгүй удирдамж (PDF) болон төслийн өргөдлийн маягтыг (DOC) доорх хаягаар авах боломжтой.
Өргөдлийг доорх хаягаар хүлээн авах бөгөөд сүүлийн хугацаа нь 2009 оны 10 дүгээр сарын 9-ний өдрийн 17.00 цаг байна. Хоцорч ирсэн материалыг хүлээн авахгүй. Хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх уулзалт 2009 оны 09 сарын 18-ны өдрийн 16-17 цагт Нээлттэй Нийгэм Форумын хурлын танхимд болно.
Хаяг:
Жамьян Гүний гудамж –5/1
Сүхбаатар дүүрэг
Улаанбаатар-48
Утас –313207
Факс-324857
Э-шуудан: [email protected]