Мэдэгдэл 2008.07.04

A- A A+
Мэдэгдэл 2008.07.04

Монголын Үндэсний Олон Нийтийн Радио, Телевизийн Үндэсний зөвлөлийн дарга, гишүүд,
Монголын Үндэсний Олон Нийтийн Радио, Телевизийн Ерөнхий Захирал М.Наранбаатар,
Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизийн Захирал Т.Мөнхбаатар,
Монголын Үндэсний Олон Нийтийн Радиогийн Захирал Б.Пүрэвдаш нарт:

МҮОНРТВ нь “гагцхүү олон нийтийн эрх ашигт үйлчилдэг, тэдний өмнө хариуцлага хүлээж, хяналт дор нь үйл ажиллагаагаа явуулдаг, хараат бус, бодит мэдээлэл олж авах иргэний эрхийг хүндэтгэдэг, олон ургальч үзэл, ил тод байдлыг эрхэмлэдэг, ... албан тушаалтан, хувь хүн, улс төрийн намын эрх ашгийг бус гагцхүү нийт үндэсний эрх ашгийг дээдэлдэг”, “аливаа хөтөлбөр нь үнэн бодит мэдээлэл агуулсан, мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэгдсэн, нэг талыг баримтлаагүй, сэтгүүлчийн ёс зүйн зарчмыг баримталсан, шуурхай байх” ёстой.
Түүнчлэн МҮОНРТВ нь Монгол улсаас нэгдэн орсон хүний эрхийн гэрээ, конвенци, ардчилсан Үндсэн хууль, Иргэний хууль, Эрүүгийн хууль, Онц байдлын тухай хууль зэргээр баталгаажсан иргэн хүний эрх, эрх чөлөө хэрхэн зөрчигдөж байгааг хуульд заасан дагуу ил тод, нээлттэй мэдээлэх үүрэгтэй.
Гэтэл дээрхи хуулиуд онц байдал тогтоосон өдрүүдэд туйлдаа хүртэл зөрчигдлөө. Тухайлбал, Гэрээний эрхийн тухай Венийн Конвенцид заасан “оролцогч улсууд гэрээг биелүүлэхгүй байгаагаа зөвтгөхийн тулд дотоодынхоо хуулийн заалтыг баримтлан зааж үл болно”, Онц байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлд “энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан дагуу хүний эрх, эрх чөлөөний хязгаарлалт нь хүний амьд явах эрх, итгэл үнэмшилтэй байх, ...түүнчлэн хэнд боловч эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгийн хандахыг хориглосон Үндсэн хуулийн заалтыг үл хөндөнө” гэж заасан.
МҮОНРТВ нь гагцхүү иргэдийн нийтлэг эрх ашигт үйлчлэх ёстой атал иргэдийн мэдэх эрх, эрх чөлөө ноцтой зөрчигдөж байгаа энэ аюултай мөчид ганц талыг баримтлан ажиллаж, гагцхүү албан тушаалтны өгсөн үүргийн дагуу ажиллаж, олон түмнийг төөрөгдүүлэхэд гол үүрэг гүйцэтгэж байгаад хүний эрхийн байгууллагууд бидний дургүйцлийг төрүүлж байна. 
Тиймээс та бүхэн онц байдал тогтоосон өдрүүдэд гарсан хүний эрхийн зөрчлүүдийн талаар олон эх сурвалжаас нөхөн мэдээлэх шаардлагатай гэж үзэж байна. Ялангуяа хүний эрхийн хуульчид, хүний эрхийн төлөө ажиллаж байгаа сайн дурын ажилтнууд, эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн иргэд, амь нас, эрүүл мэндээр хохирсон иргэдийн гэр бүл, төрөл садангийн мэдээлэл хамгаас илүү чухал байна.  
Мэдэгдэл хийсэн:

Хүний эрх хөгжил төв
Хууль хүний эрх төв
Хүчирхийллийн эсрэг үндэсний төв
Нээлттэй нийгэм форум
Глоб интернэшнл
Филантропи хөгжлийн төлөө төв
Монголын эмэгтэйчүүдийн сан
Алхам алхмаар ТББ
“Хөгжицгөөе” клуб
Эмнэсти интернэшнл
“Цэх” ТББ
Хуульч эмэгтэйчүүдийн холбоо
Эрэгтэйчүүдийн холбоо
“Монгол өрх” сэтгэл заслын холбоо
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудын үндэсний  холбоо
ЭКПАТ-ын үндэсний сүлжээ
“Хүүхэд хамгаалал” эвсэл
Гэр бүлийн сайн сайхны нийгэмлэг
Иргэдийн алъяанс төв
Ардчиллын төлөө олон улсын иргэний нийгмийн чуулганы Азийн төлөөлөгч