Завхан аймагт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшдэг 59 компани байна
Нээлттэй Нийгэм Форум, Байгалийн баялгийн засаглалын хүрээлэн, Завхан аймгийн Засаг даргын тамгын газартай хамтран Улиастай хотод 10 дугаар сарын 23-24-ний өдрүүдэд уул уурхайн салбарын орон нутгийн гэрээний агуулга, хэрэгжилтийн хүрээнд тус аймгийн найман сумын малчид, төр, төрийн бус байгууллагын болон орон нутагт үйл ажиллагаа явуулж буй компаниудын 40 гаруй төлөөлөл оролцсон сургалт зохион байгуулж байна.
Сургалтын үеэр ЗДТГ-ын дарга Л.Лхамсүрэнгийн танилцуулснаар Завхан аймагт одоогоор ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшдэг 59 хуулийн этгээд буйгаас ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 10 компани үйл ажиллагаа явуулж байгаа ба найм нь алт, хоёр нь давс олборлож байна. Гэсэн хэдий ч дээрх компаниудын хоёр нь л орон нутагтай хамтын ажиллагааны гэрээ байгуулжээ. Гэтэл уул уурхайн салбар болон нутгийн иргэд хоорондын асуудлыг зохицуулах, эрдэс баялгийн салбараас орон нутагт үлдэх үр өгөөжийг нэмэгдүүлэх, байгаль орчин, нийгмийн сөрөг нөлөөллөөс сэргийлэх, бууруулах гол хөшүүрэг бол орон нутгийн гэрээ юм.
Иймээс “Уул уурхай ба орон нутгийн гэрээ: Хэлэлцээ, агуулга, хэрэгжилт” сэдэвт энэхүү сургалт нь тус аймгийн хувьд Орон нутгийн хамтын ажиллагааны гэрээний хэлэлцээ, агуулга, хэрэгжилтийг хангах, үнэлэх асуудлаар оролцогч талуудын ойлголт, чадавхыг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулах юм. Оролцогчид сургалтын үеэр гэрээнд оролцогч талуудыг төлөөлөн дүрд тоглож, орон нутгийн загвар гэрээ байгуулан, сайн гэрээ байгуулсан эсэхээ шалгах хуудсаар үнэлэх юм.
Энэхүү сургалтаар уул уурхайн үйл ажиллагаа ба нийгмийн лиценз, орон нутгийн гэрээний үүрэг, ач холбогдол, Монгол Улс дахь гэрээний эрх зүй, бодлого зохицуулалт зэрэг асуудлаар Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгийн мэргэжилтэн Н.Золжаргал мэдээлэл өгөх бол “Хил хязгааргүй алхам” ТББ-ын тэргүүн Н.Баярсайхан уул уурхайн үйл ажиллагааны үе шат, зөвшөөрөл хяналтын тогтолцоо, орон нутгийн оролцоо сэдвээр хичээл заах юм. ННФ-ын Засаглалын хөтөлбөрийн менежер Д.Эрдэнэчимэг гэрээний агуулга, үндсэн нөхцөлийг тодорхойлоход анхаарах асуудал, гэрээ байгуулах үйл явц ба иргэдийн оролцоо, гэрээ байгуулахад олон нийтийн оролцоог хангах шаардлага, Захиргааны ерөнхий хууль, Сонсох ажиллагаа хэрхэн зохион байгуулах зэрэг асуудлаар мөн хичээл заах юм.