Иргэдийн өдөр тутмын амьдралд эрчим хүчний салбарын гүйцэтгэж байгаа үүрэг асар их билээ. Эрчим хүч нь дэд бүтцийн нэг чухал хэсэг төдийгүй иргэдийн хэвийн амьдрах нөхцлийг бүрдүүлэхэд тэргүүлэх ач холбогдолтой. Харин эрчим хүчний салбар хямарвал улс орны эдийн засаг, нийгмийн бүхий л харилцаанд хүндрэл учирч, иргэдийн амьдралын чанарт сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй. Тиймээс ч энэ салбар иргэдийн онцгой анхаарлын төвд байх учиртай.
Монгол Улсад эрчим хүчний үйлдвэрлэл, дамжуулалт, түгээлтийг гол төлөв төр хариуцан ажиллаж байна. Татвар төлөгчдийн их хэмжээний мөнгөөр, мөн гадаадын зээл тусламжийн ихээхэн хувиар санхүүжиж ирсэн эрчим хүчний салбарын бодлого төлөвлөлт, хэрэгжилт, хяналтыг иргэдэд нээлттэй, ил тод, хариуцлагатай болгох шаардлага тавигдсаар байна. Тиймээс Нээлттэй Нийгэм Форумаас Төв Евразийн Төсөлтэй хамтран “Эрчим хүчний засаглалын санаачлага”ыг хэрэгжүүлэхээр санаачилж байна. Энэ санаачлага нь эрчим хүчний салбарын засаглалыг бэхжүүлэхэд чиглэх ба ашиг сонирхол нь хөндөгдсөн олон талын оролцоонд түшиглэх юм.
Эхний ээлжинд ижил төстэй санаачлага хэрэгжиж байсан улс орнуудын мэргэжилтнүүдийн зохион байгуулах сургалтыг сонирхогч талуудын оролцоотой зохион байгуулах ба цаашид эдгээр сонирхогч талууд зөвлөл байгуулан уг санаачлагыг удирдан зохион байгуулах юм. Уг санаачлагын ажлыг цаашид төлөвлөн зохион байгуулахад дэмжлэг болох зорилгоор “Эрчим хүчний салбарын засаглалын үнэлгээ”-г уг зөвлөл удирдан зохион байгуулах юм.
Эрчим хүчний чиглэлээр иргэний нийгмийн байр сууринаас, тухайлбал бодлого төлөвлөлт, хэрэгжилт, хяналт үнэлгээ зэрэгт идэвхтэй оролцох сонирхолтой төрийн бус байгууллагууд, судлаач, мэргэжилтнүүд бидэнтэй холбогдохыг урьж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг сонирхогч талуудад тухай бүрт нь өгөх болно.
Та энэ санаачлагыг дэмжиж, цаашид хамтран ажиллах сонирхолтой бол өөрийн нэр, албан тушаал, байгууллага, холбогдох утас болон имэйл хаягийг [email protected] хаягаар 2010 оны 11 сарын 5-ны өдрийн дотор илгээнэ үү.
НЭЭЛТТЭЙ НИЙГЭМ ФОРУМ
Жамъяан гүний гудамж 51
Сүхбаатар дүүрэг
Улаанбаатар-48
Монгол Улс