Дэлхийн санхүүгийн хямрал 2008 оны сүүлээс эхлэн Монголын эдийн засагт дотоодын эрэлт буурах, гадаад худалдааны хэмжээ багасах, төсвийн орлого хумигдах, банкны зээл зогсох, уул уурхай, барилга, гадаад худалдаа, үл хөдлөх хөрөнгийн салбар уналтанд орох зэрэг гол шинж тэмдгүүдээр илэрч байна. Харин хөдөлмөрийн зах зээлд хямрал бүртгэлтэй ажилгүйчүүд ихсэх, албан ёсны секторт шинээр ажилд авалт зогсонги байдалд орох, бусад улс орны эдийн засгийн хүндрэл бэрхшээлээс шалтгаалан гадаадад ажиллах хүчний шилжих хөдөлгөөн буурах, эсрэгээр гадаадад ажиллаж байсан хүмүүс буцаж ирэх, гадаадад ажиллагсдын мөнгөн гуйвуулгын хэмжээ багасах зэрэг байдлаар илэрч байна.