Хүний эрхийн нэг гол зарчим бол хүний бие болон сэтгэл, соёлын болон нийгмийн ялгаанаас үл хамааран бүх хүнд адил тэгш нөхцөл боломж бий болгоход оршино. Гэтэл хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс тэр бүр хүний эрхээ эдэлж чадахгүй байгаа нь нийгмийн шударга бус явдал юм. НҮБ-аас 2006 онд "Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенци" боловсруулан баталсныг Монгол Улс 2008 онд соёрхон баталснаар дээрх нийгмийн шударга бус байдлыг арилгах хүсэл эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.
Хүний эрхийг хүндэтгэх, хамгаалах хандлагыг төлөвшүүлэхэд хууль тогтоомж баталж гаргахаас гадна мөн олон нийт, бодлого шийдвэр боловсруулагч болон хэрэгжүүлэгч, үйлдвэрлэл болон үйлчилгээ эрхлэгчид зохих ойлголт, мэдлэгтэй байх нь чухал. Иймээс ч хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн тусгай хэрэгцээг бүх нийтэд ойлгуулах зорилгоор Миннесота мужийн Их сургуулийн Хүний эрхийн мэдээллийн төвөөс боловсруулсан энэхүү гарын авлагыг бид эх хэлнээ орчуулан гаргалаа. Гарын авлага нь хүний эрхийг хамгаалах чиглэлээр ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагын ажилтан, хүний эрхийн багш, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хүний эрхийн мэдлэгээ дээшлүүлэх, бусдад зааж сургахад нь тус дөхөм үзүүлэх практик хэрэглэгдэхүүн болно гэж найдаж байна.
Эдгээр номуудыг Нээлттэй Нийгэм Форумын Хөгжлийн Мэдээллийн Төвд ирж үзэхийг урьж байна.
Хаяг: Сүхбаатар дүүрэг, Жамъян гүний гудамж 5/1, Нээлттэй Нийгэм Форумын байр, утас 313207