Төв азийн ардчилал гэж энэ үү?

A- A A+
Төв азийн ардчилал гэж энэ үү?

 

       Проф.Олхонуд Баярхүү

Одоогоос хоёр жилийн өмнөхөн юмдаг. Киргизэд болсон түүхэн үйл явдал дэлхийг цочирдуулсан юмсанж. Гүрж, Украиныг залгаад гурав дахь нь болох тэр  үйл явдал чухам яагаад зөвхөн “СНГ” гэгч посткоммуниист орон зайд тохиосон хэрэг вэ? Заавал ёс мэт экс-коммунист ертөнц ийм хувьсгалын үеийг туулах ёстой юу гэхчлэн олон асуулт хариу эрж байлаа.  Гүрж, Украинаас гараагаа авсан тиймэрхүү “революция” гэгчийн хуулбар  Кыргызстан, Молдова, Армен, магадгүй Казахстанд өрнөх тухай америкийн судлаач Жереми Пэйж  гэгч тухайд үед ("The Times", 2005.02.21) номлож байлаа. Түүнийхээр бол, мөн оросуудын үзэж байснаар дараагийн хувьсгалууд ирээдүй цаг дээр  Молдавт – “виноградная”, Арменд – “абрикосовая”, эсвэл “коньячная”, Азербайжанд – “баклажанная”, Киргизэд – “тюльпановая”, Оросын тасархай Калининград мужид – “янтарная”, Беларусьд “картофельная” гэхчлэн тодотголоор өрнөх байлаа. Төмөр нударгаар улсаа авч яваа Н.Назарбаев багцаагаар жил, жил хагасын дараа унана хэмээн Ерөнхийлөгч Р.Рейганы зөвлөх асан Р.Пайпс (Италийн “Corriere Della Sera” сонин, 2005.03.28) тэр үед таамагласан нь одоо Казахстан дээр тулгараад ирэв үү гэлтэй хачин сонин үйл явдлууд өрнөлөө. 

Иракийн дарангуйлагч Саддам хүргэнүүдээ алж устган, цаадуул нь амь зулбан зугтаж байсан түүх хуучраагүй. Нэг хүний дарангуйлал, Ерөнхийлөгчийн хүчтэй засаглал гэгчийн гол шалгуур нь үнэнчийн шалгуур байдаг ба түүнийг нь давалгүй итгэл алдсаны гор Саддамын тэр аллагаар үйлдэгдсэн хэрэг.  Хэдийгээр Казахстан цэцэглэж, ард түмэн нь баяжиж байвч “Ардчилсан“ гэх тодотголтой төр нь завхарч, эгэл сэхээтнүүд нь нухчин дарагдаж, тэдний нэлээдгүй нь зусарч зулгуйн туйл болж яваагийн гор Назарбаевын том хүргэн дээр Саддамын хүргэний адил илэрчээ.

Назарбаев багцаагаар төдийд унана хэмээн Р.Пайпс ёрлосон шиг энэ улс юу болов гэмээр хөдөлгөөнд оржээ. Үндсэн хуулиндаа 5 дугаар сарын 18-нд нэмэлт өөрчлөлт оруулж, насан туршийн биш гэлээ гэхэд лав 2012 он хүртэл халаагүй засаглахаар хуульчуулж авсан, бас орыг нь залгах хүмүүс гэж 4 ч хүний нэр тодорч, түүний дотор Саддамын хүргэний гай тулгараад буй Рахат Алиев гэгчийн нэр цохиж явснаас бүх хэрэг мандсан бололтой. Үүний сацуу Үндсэн хуулиндаа реформ хийснээс үүдэн Казахстаны сөрөг хүчин нь “Бүхэл бүтэн ард түмнээ доромжилсон хамгийн шившгийн өдөр болж түүхнээ үлдлээ”, “Улс орныхоо баялгийг цаашид цөлмөж, ард түмнээ үг дуугүй боолчлохын цондон” гэхчлэн тэр нэмэлтийг эсэргүүцэн мэдэгдэл гаргажээ.   

Коммунист, посткоммунист ертөнцөд лидер төрөх, лидер байх нь нэн зөрчилтэй, албан тушаалаа дагаж лидер нь төрдөг тул хусагдмагцаа түүхнээс арчигддаг жишээ Гүрж, Киргиз гээд дэргэд нь байгаа ба түүнээс сэргийлэх сонгодог арга бол өрсөлдөгч, цаашлаад сөрөг хүчнээ эрүүгийн ялд унагаж дарж авах явдал, энэ л өнөөгийн Казахстан дээр илрэв бололтой.

Назарбаевын ууган охин Дарига Назарбаевагийн авааль нөхөр нь Австри дахь Элчин сайд, Вена дахь олон улсын байгууллагуудын дэргэд суух байнгын төлөөлөгчөөсөө хусагдаад зогсохгүй, хүн хулгайлсан ноцтой хэрэг үйлдсэнийг До яам нь илрүүлж гэнэ.  Хийх хийхдээ хадам эцгийнхээ мэдэлд байдаг "Нурбанк" хэмээх лут банкны дэд захирал Жолдас Тимралиев,  Абильмажен Гилимов нарыг хулгайлж сураггүй болгосон юм байх. Тэр хоёр нь ч санхүүгийн  махинацад холбогдоод мөрдөн байцаалтаас бултаж явсан гэмтнүүд гэнэ. Назарбаевын хүргэн, Тимралиев нарын хооронд элдэв зөрчил байсан гэх мэдээлэл байна. Хүргэний хамт хэрэгт Казахстаны төв ТВ-ийнхэн, охиных нь бие хамгаалагч, хүргэнийх нь эцэг Мухтар Алиев ч мөн холбогдож, Казахстан даяар баривчилгаа, нэгжлэг хийж эхэлжээ.  Казахстанаас спецназ гэгч тусгай хүчнийхнийг Ерөнхий прокурорын орлогчоор ахлуулаад Вена руу илгээж  нэгэнт эрүүгийн хэрэгтэн болсон   хүргэнээ баривчлуулахаар бөөн ажил удтал цаадхи нь алга болчихоод одоо Инверпол-оор эрэн сурвалжлуулж байна.

Назарбаевын гэр бүлийнхний элит хүрээлэлд багтаж асан Р.Алиев гэгч тэр нөхөр бол Элчин сайдынхаа хажуугаар Нурбанк, хэд хэдэн сахарын   заводын хувьцаа, “Хабар”, “КТК” гэх мэт хэд хэдэн гол ТВ, 7 хоног тутмын "Караван" сонин, “Kazakhstan Today” мэдээллийн агентлаг, францын Sucden хэмээх сахарын пүүсийн дэлхийн худалдааны 10 хувийг эзэмшдэг лут баян хүн гэдгээ өөрөө  Ройтерын сурвалжлагчид өнгөрсөн 2 дугаар сард сайрхан ярьж байсан байх юм. 

Энэ их хувьцаа, мөнгөний эрх мэдлийн төлөө Назарбаевын гурван хүргэн ширүүн үзэлцэж, өрсөлдөөнд өөр нэг хүргэн Тимур Кулибаев тодорч байгаа мэдээ байна. Алиевыг хусч хаяад Кулибаевыг бэхжүүлэх нь хөрөнгө оруулагчдад ашигтай гэх мэдээлэл ч хүчтэй таржээ.

Эдүгээ Интерполын гэмт хэрэгтэн болчихоод буй Р.Алиев гэгч ингэхэд хэн бэ? Хэвлэлийн том магнат, эмнэлгийн шинжлэх ухааны доктор, До яамны хошууч генерал, 1 дүгээр зэрэглэлийн Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, ер нь ганц хүнд, тэгэх тусмаа дипломатч хүнд хэт ахдахаар тушаал, цолнуудыг 40 гаранхан насны энэ эрхэм хүртсэн байх аж. Төрийн тэргүүний хүргэн тулдаа ийм өндөрлөгт хүрсэн байх л даа. Түүний эцэг Мухтар Алиев бол нэртэй мэс засалч, академич, 1982-1987 онд тухайн Зөвлөлт  Казахын Эрүүл мэндийн сайд байж. Элит гэр бүлийн энэ хүү эцгийнхээ мэргэжлийг өвлөн 1986 онд Алма-Атагийн анагаахын дээд төгсгөж, мэс засалч болжээ. Москвад эрдмийн зэрэг хамгаалаад 1993 он хүртэл эмч, эрдэм шинжилгээний ажилтан хийж явжээ.

1993 оноос бизнест орж, "КазМедИмпорт" компанийг толгойлж, "РР Казахстан – худалдаа, санхүүгийн ХХК", "Сахарный центр" холдингийн ерөнхийлөгч гэхчлэн явж байгаад 1996-1999 онд татварын цагдаа, 1999-2001 онд До яаманд дээгүүо алба хашиж, 2002-2005 онд Австрид элчин сайд,  2005-2007 онд Гадаад хэргийн тэргүүн дэд сайд, 2007 оноос дахин Элчин сайд гэхчлэн эмч хүнд заяахгүй тушаалуудыг хадам эцгийнхээ буянаар эдэлжээ. До яам, НАХЯ-ны хамгийн чухал тушаалыг хашиж,  хадмынхаа бие хамгаалах тусгай хамгаалалтыг удирдаж, бас Олимпийн хорооны ерөнхийлөгч гэхчлэн ер нь банк-клан-отог овог-олигархи- мафийнхны хийх ёстой бүх ажлыг хийж, нэг хэсэг төрийн хутгуур болж, ёстой ирээдүйн Төрийн тэргүүнд бэлтгэгдэж байсан бололтой түүх бичээстэй байна. Нэгэнт гэмтэн болоод үхэл рүүгээ явж буй энэ залуугийн намтар энд гол биш, ердөө жирийн эмчээ хийж явсансан бол ийм их аз, гай зэрэг дайраа ч уу, үгүй юү?

Эндээс хийх дүгнэлт бол коммунизмыг булшилсан, шинэ ардчилал, байгалийн асар их баялагтай гээд сайрхаад байдаг Төв Азийн ардчилал, шинэчлэлийн байж байгаа царай нь энэ залуугийн эмгэнэлт түүх тэр чигээрээ мөн.  Коммунист тоталитари дэглэмийг нэг хүний, нэг гэр бүлийн авторитари дэглэмээр сольж, тэр нь отог-овгийн зөрчил тэмцэл, банк санхүүтэйгээ хутгалдахаар ёстой Төв Ази маягийн цоо шинэ улс төр болж хувирч байгаа нь энэ.

Энэ явдал манайханд бас их сургамжтай. Мөнгөөр хахаж цадсан, данхар данхар жиип хөлөглөсөн, том том хаустай, бөөн бөөн лицензтэй манай шинэ баячуудад Рахат Алиевын эмгэнэлт түүх нэгийг бодогдуулаасай.