Монголын ардчиллыг булшлахад хэтэрхий эрт байна

A- A A+
Монголын ардчиллыг булшлахад хэтэрхий эрт байна

(Стефен Ноерперийн нийтлэлийн хариу)
Т. Ундаряа /Иргэдийн Альянс Төвийн дэд захирал/ 

Ноён Ноерперийн нийтлэл нь МАХН-ын үйл ажиллагааг ямар нэг хэмжээгээр нэгтгэн дүгнэснийхээ хувьд сонирхол татахуйц нийтлэл болсон боловч Засгийн газрыг унагаах, өөрсдийн авилгалын хэргүүдийг нуун далдлах, хүмүүсийн дуу, хоолойг дахин боомилохын тулд  хийсэн МАХН-ын үйлдлийг буруушаан үзэл бодлоо илэрхийлсэн иргэд, олон нийтийн хөдөлгөөний эрч хүч, зоригтой нэгдмэл үйл ажиллагааг ор тас анхаарлын гадна орхижээ. Уг нийтлэлд Монголын ард түмэн, жирийн хүмүүс, Монголын хөхөө өвлийн хүйтэнд жагсаал хийхээр гудамжинд гарсан бүх насны эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд, өөрсдийн үзэл, бодлыг бие даасан мэдээллийн хэрэгслээр чанга дуугаар тодорхой мэдэгдэж байсан бүх иргэдийг ч үл тоомсорлон нөхцөл, байдалд товч, тодорхой бөгөөд тэнцвэртэй, үндэслэл сайтай үнэлэлт, дүгнэлт өгч байсан иргэний нийгмийн олон удирдагчдын хүчтэй дуу, хоолойг үл ойшоосон байна.

 Ардчилал хэзээ ч бэлэн олддоггүй, тэрээр хэзээ ч  бэлэн хийчихсэн зүйл байдаггүй, ардчилал нь байнга хөгжүүлж, хамгаалж, зөв чиглүүлж, арчилж байх учиртай амьд зүйл билээ.  

 Болж байсан үйл явдал, явцыг хариуцлагатай мэдээллийн хэрэгслийн ачаар ойроос анхааралтай ажиглаж байсан миний хувьд ноён Ноерпер “Ардчиллын дуу, хоолой болсон Элбэгдорж, Оюун нарыг ийнхүү багалзуурдуулж байхыг үзээд Монголчуудын дийлэнх олонхи нь ичэн хөшиж, нулимс унаган буруу харж байв” гэсэн дүгнэлт хийж буй нь хачирхалтай байна. Миний бие л лав хэн нэгэн нулимс унаган нүд буруулж байхыг олж хараагүй. Нөгөөтэйгүүр, Элбэгдорж, Оюун нар ийнхүү багалзуурдуулаагүй, Харин ч тэд цөөн тооны Их Хурлын гишүүд, Их Хурлын дотор болон гадна байсан иргэний нийгмийн олон тооны удирдагчдын нэгэн адил МАХН-ын үйлдлэлд үнэлэт, дүгнэлт өгсөн хүчтэй мэдэгдлээ хийж байсан юм.

 Нөхцөл байдал яаж эргэн, ямар үр дүнд хүрэх нь хараахан тодорхой бус байгаа хэдий ч Монголын ардчиллын мөхөлд гашуудлын уншлага одоо унших нь хэтэрхий эрт байна гэдэгт би итгэл төгс байна.

 Эцэст дүгнэхэд ноён Ноерперийн нийтлэл зөвхөн улс төрийн лидерүүдийг онцолсон, хэт ойрыг харсан, бууж өгөн гараа өргөсөн үзэл санаатай нийтлэл болжээ. 

Т. Ундаряагийн нийтлэлээс дүгнэлтийн хэсгийг товчлон авав.