МУБИС-ийн багш Ц.Мөнхцэцэг
“Эртний сэтгэгч Фукидид ихэнх хүмүүс аливаа асуудлын үнэн мөнийг олох гэж биеэ зовоодоггүй, байгаагаар нь хүлээн авдаг“ хэмээн үзсэн байдаг.Үнэхээр ч реклам сурталчилгааны гол зарчим болох олон дахин давтаж, тасралтгүйгээр нэвтрүүлсний хүчинд худал зүйл ч гэсэн үнэн гэж үнэмшигддэг нь өнөөгийн улстөр, бизнесийн үйл явцаас харагдаж байна. Чухамхүү олон нийтийн үйл байдлыг дээрх зарчмын дагуу өөрт ашигтайгаар өөрчлөх явдлыг улстөр судлалд манипуляци гэсэн нэр томьёогоор авч үздэг. Эрх баригчдын зүгээс олон нийтийн санаа бодлыг өөрт ашигтай байдлаар өөрчлөх буюу манипуляци хийх явдал нь улстөрийн практикт эртнээс хэрэглэгдэж ирсэн. Олон түмэнд ардчиллын соёл хараахан төлөвшөөгүй, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд улстөрийн нөлөө өндөр байгаа манай улсын хувьд манипуляцийн илрэл, сөрөг нөлөөний талаар судалгаа хийх шаардлага зүй ёсоор урган гарч байгаа учраас энэхүү сэдвийг хөндөн авч үзлээ.
Манипуляци нь нийгэм-сэтгэл зүйн үзэгдэл бөгөөд бусдын санаа бодлыг өөрчлөхийн тулд сэтгэл хөдлөл буюу эмоци дээр тулгуурладаг онцлогтой. Атаархах, бахархах, бишрэн шүтэх, айх, үзэн ядах, жигшин зэвүүцэх, зэрэг хөдлөлийн мэдрэмжүүдэд тулгуурлан манипуляцийг гардан хийгчид буюу манипуляторууд өөрийн байр суурь, стереотипийг олон нийтийн санаа бодолд бий болгодогт манипуляцийн гол мөн чанар оршино. Манипуляцийг хүргэх гол суваг нь олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд байдаг. Мөн ухуулга сурталчилгааны бусад бүх хэлбэрийг ашиглаж болдог.
Монголын улстөр дэх манипуляцийн хэлбэрүүд
Монголын улстөр, бизнесийн салбарт манипуляци ихээхэн түгээмэл байгаа юм. Тухайлбал, “Өөрийгөө хүндэлдэг хүмүүс энэ дэлгүүрээр үйлчлүүлээрэй“,“9911 нэр төрийн баталгаа“ зэрэг байнга давтагдаж байдаг зар сурталчилгаанууд бүгд манипуляци юм. Учир нь эдгээр сурталчилгаа нь дээрхээс өөр дэлгүүрээр үйлчүүлдэг хүмүүс бүгд өөрийгөө хүндэлдэггүй, 9911. . . с өөр дугаартай утас барьдаг хүмүүс нэр төргүй гэсэн худал мессежийг олонд илгээж байна. Өөрөөр хэлбэл бараа бүтээгдэхүүний давуу талыг сурталчлахдаа бодитой бус мэдээлэл ашигладаг, дам байдлаар бусдын нэр төрд халдсан шинжтэй байгаагаараа эдгээр нь хүмүүсийг төөрөгдүүлэх ажиллагаа буюу манипуляци юм.
Дэлхийн улсуудын практикаас харахад тогтвортой ардчилсан дэглэмд олон нийтийн өмнө хүлээх засгийн газрын хариуцлага өндөр байдгийн зэрэгцээ мэдээллийн хэрэгслүүд төрийн үйл ажиллагааг хянаж чаддаг, улс төрийн хүчнүүдийн нөлөөнөөс ангид байдаг учраас манипуляцийн боломж маш хязгаарлагдмал байдаг ажээ. Харин Монгол улсын хувьд соёл, улстөр, эрхзүйн гэх мэт олон хүчин зүйлээс хамааран манипуляци түгээмэл байгаа юм.
Монголын өнөөгийн улс төрийн практикт дараах төрлийн манипуляцийн хэлбэрүүд ажиглагдаж байна. Үүнд:
- Далд байдлаар, тойруу замаар өөрт ашигтай мэдээллийг дамжуулах
- Бүрэн бус нэг талыг баримталсан мэдээлэл өгөх замаар үнэнийг гуйвуулах
- Нэг ижил мэдээллийг тэнцвэргүй байдлаар дамжуулах
- Фактыг өөрт ашигтай байдлаар тайлбарлах
- Мэдээллийн гол чухал хэсгийг орхигдуулах, ач холбогдол багатай мэдээллийг дамжуулах
- Агуулгандаа тохирохгүй гарчиг өгөх
- Эх сурвалж, бичсэн эзэн нь тодорхойгүй мэдээлэл хийх
- Ач холбогдолгүй болсон хойно нь мэдээллийг дамжуулах
Манипуляцийн эдгээр хэлбэрүүд дээр жишээ татаж үзье.
Дам байдлаар манипуляци хийж өөрт ашигтай байдлаар тараах нь ердийн үзэгдэл болж байна. Глоб Интернэшнл ТББ-ын 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанид хийсэн судалгаанаас үзэхэд TV-9, TV-5, МҮТВ зэрэг телевизүүд албан ёсны төлбөрт сурталчилгааны цагаас гадна нэр дэвшигч Н.Энхбаярыг УИХ-ын дарга талаас нь дам байдлаар сурталчилж дунджаар нийт телевизүүдийн эфир дэх нэр дэвшигчдийн сурталчилгааны 69%-ийг эзэлж байв. Харин үлдсэн 31% нь бусад гурван нэр дэвшигчид ногдож байжээ.
Дэлхийн 2-р дайны ялалтад хувь нэмрээ оруулсан улс орнуудын төрийн зүтгэлтнүүдэд ОХУ-ын Засгийн газраас 2005 оны 5 сард одон өгсний дотор Монгол Улсын ерөнхийлөгч Н.Багабанди, УИХ-ын дарга Н.Энхбаяр нар багтсан байна. Гэтэл TV-9, TV-5, МҮТВ зэрэг сувгуудаар Н.Энхбаярт өгсөн шагналын тухай давтамжтайгаар хэдэн өдрийн турш мэдээлсэн атлаа Н.Багабандийн талаар мэдээлээгүй, зөвхөн ерөнхийлөгчийн ОХУ-д хийсэн айлчлалын талаарх сурвалжлагын дундуур цухас дурдаад өнгөрсөн нь нэг ижил мэдээллийг тэнцвэргүй байдлаар дамжуулсан манипуляци юм.
Чухал мэдээллээс олны анхаарлыг холдуулж, ач холбогдол багатай мэдээллийг дамжуулах байдлаар манипуляци хийх нь сонгуулийн кампанийн үеийн ухуулга сурталчилгаанаас харагдаж байна. Тухайлбал, нэр дэвшигчдийн сурталчилгаа, сонин хэвлэлийн материалын дийлэнх зай талбайг тухайн улстөрчийн хувийн шинж чанар, бусдаас ялгарах давуу талын талаарх мэдээлэл эзэлж байна. Өөрөөр хэлбэл улстөрийн намуудын сонгуульд өрсөлдөх гол үзүүлэлт болох мөрийн хөтөлбөр, үйл ажиллагааны талаарх мэдээллээс илүү ач холбогдол багатай хувь хүний олонд таалагдахуйц дүр төрхийн талаарх мэдээлэл давамгайлж байгаа нь сонгогчдын санал өгөлтийг субьектив шинжтэй болгож байгаа бөгөөд ингэснээр популистуудад давуу боломж олгох, улмаар бодлогод суурилсан тогтвортой дэглэмийн оронд хувь хүний мөн чанар, үнэнч шударгад итгэх итгэлд суурилсан эрсдэл бүхий тогтолцоо руу түлхэж байгаа юм.
Телевиз, сонин хэвлэлүүд улстөрийн намууд ба нэр дэвшигчдийг магтсан, эсвэл дайрч давшилсан, үнэлэлт дүгнэлт өгсөн мэдээ, материалыг зохиогчийн нэр хаяггүй, эсвэл хуурамч нэрээр цацах явдал түгээмэл байгаа бөгөөд энэ нь тэрхүү мэдээлэл маапаантай, баталгаагүй, захиалгаар хийгдсэн болохыг шууд харуулж байгаа юм. Иймэрхүү хуурамч мэдээг “шувуу нисгэх“, “болжмор жиргэх“ гэх мэтээр сэтгүүлчид өөрсдөө томьёолдог болсон.
Улстөрийн намуудын ухуулга сурталчилгаан дахь өрсөлдөгчийн нэр хүнд рүү дайрсан эдгээр манипуляци нь олон нийтийн сэтгэл зүйн онцлогт тулгуурласан суртал ухуулгын уламжлалт арга юм. Судлаачдын тогтоосноор олон нийт аливаа үйл явдлын талаарх сөрөг мэдээлэлд илүүтэй татагддаг, сөрөг мэдээлэл нь хүмүүсийн сэтгэлийг илүү хөдөлгөдгийн зэрэгцээ санаа бодолд нь илүүтэй хоногшин үлддэг байна.
Олон нийт улс төрийн хүчнүүдийн явуулж буй эдгээр манипуляцид хэр автагддаг вэ? Судалгааны дүнгүүдээс үзэхэд мэдээллийн хэрэгслүүд дэх манипуляцид хүмүүсийн нэлээд хэсэг нь үнэмшиж хүлээж авдаг болох нь харагдаж байна. Хэвлэлийн хүрээлэнгээс 2004 оны УИХ-ын дараахан явуулсан “Сонгуулийн сурталчилгаа ба телевиз үзэгчид“ судалгаанаас үзэхэд хүмүүсийн 36.5% нь сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнө санал өгөлтөө шийдсэн байдаг, харин 63.5% нь сонгуулийн сурталчилгааны үеэр санал өгөлтөө шийддэг байна. Мөн мэдээллийн хэрэгслүүдээр хамгийн их сурталчилгаа хийсэн 10 улстөрчийн гурваас бусад нь бүгд УИХ-д сонгогдсоноос үзэхэд мэдээлэлд суурилсан манипуляци хэр үр дүнтэй болох нь харагдаж байна. Нөгөө талаас хүмүүсийн ихэнх нь нэг нам, нэг л үзэл бодлыг үнэн гэж үздэг социализмын үеийн сэтгэлгээнээсээ ангижраагүй, олон янзын ялгаатай байр суурь, мэдээлэлд төдийлөн дасаагүй учраас нөлөө бүхий телевиз, сонингийн мэдээллүүдийг шууд л үнэн гэж хүлээж авдаг нь судалгаануудаас анзаарагдаж байгаа юм.
Манипуляцийг нөхцөлдүүлэгч хүчин зүйлс
Монголын өнөөгийн улстөрд манипуляци газар авахад дараах хүчин зүйлс нөлөөлж байна. Үүнд:
1.Соёл уламжлалын хүчин зүйл, ардчилсан бус соёлын нөлөө
Монгол Улс Өрнийн соёлын загвар бүхий суурьшмал амьдралд шилжээд нэгэн зууны нүүрийг үзэж буй хэдий ч амьдралын хэв маяг, олон нийтийн үнэлэмж, хандлагад уламжлалт буюу модерн бус нийгмийн шинж ажиглагдсаар байгаа юм. Зүүн Азийн Барометр төслийн эхний шатны судалгааны дүнгээс үзэхэд Хонконг, Өмнөд Солонгос, Хятад, Филиппин, Тайвань, Тайланд, Монгол гэсэн найман улсаас манай олон нийтийн дунд төрийг дээдлэх, ах дүү, танил талын холбоог илүүд үзэх зэрэг уламжлалт хандлага хамгийн өндөр үзүүлэлттэй байна. Хүмүүс нийгэм, улстөрийн болж буй үйл явц, эрх баригчдын үйл ажиллагааг идэвхгүй дагах биш, түүнд оролцож нөлөөлж чаддаг баймааж иргэний нийгэм бүрэлддэг. Харин иргэд нь идэвхгүй, төрдөө нөлөөлж чаддаггүй улс орнуудад эрх баригчид өөрийн дур зоргоор авирлаж, олон нийтийг залж удирдах явдал түгээмэл байдаг билээ.
Улстөрийн хүчнүүд олон нийтийн дунд хүчтэй хэвээр байгаа уламжлалт хандлага буюу зарим тохиолдолд “ ардчилсан бус“ гэж нэрлэж болохоор нутгархах, яс угсаа, шашин, итгэл үнэмшлээр баримжаалан санал өгөх явдлыг өөгшүүлж манипуляци хийхдээ ашиглаж байгаа нь улстөрийн үйл явцаас харагдаж байна. Монголын сонгуулиудад “нутгийн хүү“, “нэгэн довныхон“, “унасан газар угаасан ус“, “би эндхийнх“ гэх мэт үгс ихэнх нэр дэвшигчдийн гол нэрийн хуудас болсоор ирлээ.
Мөн нэр дэвшигчийн гарал угсаанд олны анхаарлыг хандуулах, үндсэрхэх үзэл, эх оронч байдлыг нь өдөөх маягаар манипуляци бүхий мэдээлэл тараах явдал улам бүр нэмэгдэж байна. 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр нэр дэвшигчдийн заримыг “хятадын эрлийз“ гэж ухуулах мессеж ихээхэн хүчтэй явагдсан билээ. Энэхүү мессеж сонгогчдын тодорхой бүлгийн санал өгөлтөд хэрхэн нөлөөлснийг тодруулах үүднээс судлаач 2005 оны 05 сард 18-21 насны 64 оюутнаас санал асуулга, 48-67 насны тэтгэврийн 16 хүнтэй ярилцлага хийх замаар бэсрэг судалгаа явуулсан юм. Санал асуулгын дүнгээс үзэхэд Ардчилсан намаас нэр дэвшигч М.Энхсайханы талаарх “хятадын эрлийз“ гэх мэдээлэлд оюутнуудын 41%, тэтгэврийнхний 52% нь итгэж байна, Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Б.Жаргалсайханы талаарх “хятадын эрлийз“ гэсэн мессежид оюутнуудын 56%, тэтгэврийнхний 68% нь итгэж байна гэж хариулсан юм. Судалгаанд оролцогчид дээрх мессежид яагаад итгэх болсноо “Сонин дээр уг гарлыг нь маш тодорхой тайлбарлаад биччихсэн байсан“, “Хүмүүс тэгж ярьж байгаа учраас үнэн байх“, “Олны үг ортой“ гэх зэргээр тайлбарлаж байв. Энэхүү дүнгээс үзэхэд 50-иас дээш насныхны санал өгөлтөд намуудын дээрх манипуляци хүчтэй нөлөөлсөн байж болох талтай.
Олны анхаарлыг мөрийн хөтөлбөр, байр суурь гэсэн гол асуудлаас хөндийрүүлж үндэс угсаагаа дээдлэх, ижилсэн нэгдэх мэдрэмж дээр “тоглон“ өөр бусдыг үзэн ядах сэтгэгдэл төрүүлэх зорилготой дээрх ухуулга сурталчилгаа нь нэг талаас манипуляци, нөгөө талаас ардчиллын эсрэг шинж бүхий үйл ажиллагаа юм. Угтаа бол ардчилсан нийгэм олон янзын соёл, үзэл бодол, үндэс угсаанд хүлээцтэй ханддаг бөгөөд хэн нэгэн гарал угсаанаас үл хамааран нийгмийн бүрэн эрхт гишүүн байхын зэрэгцээ өөрийн хүч, авьяас чадвараа нийтийн төлөө зориулах бололцоо нээлттэй байдаг билээ.
2. Популизм буюу олны сэтгэл хөдлөлд тулгуурласан улстөр
Монголын улстөрд манипуляци газар авахад нөлөөлж буй нэгэн хүчин зүйл нь популизм юм. Улстөрийн бодлого, тогтвортой үйл ажиллагаанд суурилахын оронд олны сэтгэлийг хөөргөж, сэтгэл хөдлөлд тулгуурлан этгээд зан үйлээрээ нэр хүндээ олж авдаг популистууд өдгөө манайд газар авч байна. Хямралын үед массын сэтгэл зүй хүчтэй удирдагч, сод хүн, стандарт бус зан үйлийг хүсэмжлэх хандлагатай болдгоос популистууд ихээхэн газар авдаг нь манай улс төрийн практикаас харагдаж байна. Тухайлбал, 2004 оны 4 сард УИХ-ын гишүүн Ч.Гүндалай, Ү.Нямдорж хоёрын улсын нууц задалсан, задлаагүй талаарх маргаан дэгдсэнээс хойш Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд энэ хэргийн үнэн мөнийг олох гэж хошуурч, наалдан пад цавууны реклам үдэш бүр цэнхэр дэлгэцээр Нямдорж, Гүндалай нарыг эвлэрүүлж сурталчилсан юм. Энэ бүхний үр дүнд Нямдорж “Сант Марал“,“Альтернатив“ зэрэг судалгааны төвүүдийн олон нийтийн санаа бодлын цуврал судалгаануудын Тор-10 улс төрчийн жагсаалтад байнга орох боллоо. Өөрөөр хэлбэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүд популистуудыг улам хөөргөдөж, нэвтрүүлэн нийтлэх болсон нь “Улстөрчид сайн муу ямраар ч гэсэн телевиз, сонин хэвлэлээр хэдийчинээ олон гарна, төдийчинээ нэр хүнд нь өссөөр байдаг“ хэмээх зарчим Монголын улстөрд бодитоор хэрэгжихэд хүргэж байна.
3. Хэвлэл мэдээллийн болон эрх зүйн орчин
Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд төр засаг болон улстөрчдийн үйл ажиллагааг хянах биш, тэдний дуу хоолой, ухуулгын хэрэгсэл болж байгаа нь харагдаж байна. Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дараах бэрхшээлүүдээс үүдэн улстөрчдийн манипуляцийн хэрэгсэл болон ашиглагдаж байна.
- Санхүүгийн бэрхшээл. Ихэнх мэдээллийн хэрэгслүүд мөнгө санхүүгийн хүндрэлээ шийдэх нэг арга болгон улс төрийн хүчнүүдийн захиалгаар төлбөртэй мэдээ мэдээллийг дамжуулж байна. Ялангуяа сонгуулийн кампани тэдний мөнгө олох гол арга болдог.
- Хараат бус байдал. Зонхилох сонин хэвлэл, телевизүүдийн удирдлага аль нэг улстөрийн хүчний хүн байдгаас дамжуулж буй мэдээлэл нь нэг талыг барьсан манипуляцийн шинжтэй болгож байгаа юм.
- Сэтгүүлчдийн ёс зүй, улс төрийн мэдлэг чадварын хангалтгүй байдал. Дамжуулж буй мэдээллээ олон эх сурвалжаар баталгаажуулдаггүй, баталгаатай бус эх сурвалж ашигладаг, бодит баримтыг санаатай болон санамсаргүйгээр буруугаар тайлбарлах явдал сэтгүүлчдийн дунд түгээмэл байна.
Дүгнэж үзвэл Монголын улстөрд түгээмэл байгаа нийгэм, соёлын хүчин зүйлээр нөхцөлдсөн манипуляцийг шилжилтийн үе дуустал бүрэн хязгаарлах боломжгүй, харин тодорхой хүрээнд багасгах боломжтой. Үүний тулд сонгуулийн тухай, олон нийтийн мэдээлийн хэрэгслийн тухай, улс төрийн намуудын тухай, шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай зэрэг холбогдох Монгол улсын хууль тогтоомжуудад өөрчлөлт оруулан улстөрийн үйл явц, сонгуулийн ухуулга сурталчилгааны үе дэх дахь мэдээллийн хэрэгслийн үүрэг нөлөө, улстөрийн намуудын оролцооны талаар нарийвчилсан зохицуулалт хийх шаардлагатай байна. Өнөөгийн хувьд хамгийн их мөнгө хөрөнгө зарцуулсан, арга заль хэрэглэсэн нам, хүчин давуу байр суурьтай болох, худал үнэн мэдээлэл, манипуляци хийсэн нэр дэвшигч ялах магадлалтай байгаа нь ардчиллын үйл явцад ихээхэн сөрөг үр дагавар авчирч байгаа юм.