Улстөрчдийн яриа (2006.02.23)

A- A A+
Улстөрчдийн яриа (2006.02.23)

Улстөрчдийн яриа (2006.02.23)

Монголын улстөрийн амьдрал халуухан өрнөж байна. Гол улстөрийн хүчнүүд болох МАХН болон Ардчилсан намын хүрээнд болж буй үйл явдлуудын талаар нөлөө бүхий улстөрчид өдөр тутмын сонинуудад ярилцлага өгчээ. Юуны өмнө Засгийн газрын дийлэнхи олонхийг бүрдүүлсэн МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баяр “Зууны мэдээ” сонинд намынхаа үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгсөн томоохон ярилцлага өгсөн байна. Тэрчлэн тус сонинд болон “Өдрийн сонин”-д саяхан огцордог Ерөнхий сайд Ц.Элбэгдорж бас ярилцлага өгсөн байх юм. Тэрбээр огцорсноосоо хойш сар гаруй чимээгүй байснаа ийнхүү нэгэн зэрэг хоёр ч сонинд хандан байр сууриа илэрхийлсэн нь анхаарал татаж байна. Цаашилбал Ардчилсан намаас хөөгдөж шинээр Ардчилал, шударга ёсны нам байгуулахаа зарлаад байгаа Шадар сайд М.Энхсайхан, Барилга, хот байгуулалтын сайд Ж.Наранцацралт нар, бас Ардчилсан намын даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ илэрхийлээд байгаа Р.Гончигдорж нарын яриа “Өнөөдөр” болон “Зууны мэдээ” сонинд нийтлэгджээ. Одоо тэдний юу ярьсныг тоймлон хүргэе.  

МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баяр Монголын ууган улстөрийн хүчнийг албан тушаалтны нам болж харагдахаар байна хэмээн мэдэгджээ. Түүний үзэж байгаагаар МАХН-ын рейтинг сүүлийн үед унасан нь үнэн байна. Үүнийг бид хүлээн зөвшөөрөх ёстой гээд  бидний гаргаж байгаа шийдвэр, хийж байгаа ажил олон түмэнд таалагдахгүй байгаа бол буруугаа хүлээж, алдаагаа засах ёстой. Засч чадахгүй, эсвэл хүсэхгүй бол хариуцлагаа хүлээх л үлдэх болно хэмээн хэлсэн байна.

С.Баяр  намын гишүүдтэйгээ цуврал уулзалт хийж байгаа ажээ.  Энэ уулзалтаас тэрбээр намынхаа нэр хүнд, ажлын арга барилын талаар дүгнэлт хийж буй бөгөөд намын байгууллагын шат ахих тусам үнэн үг улам ховорддог хандлага бий болсныг ажигласан байна. Үүний гол шалтгааныг С.Баяр  намын ажилд захиргааны ажлын арга барил, хандлага, харилцаа хэт их нөлөөлж буйтай холбон үзэж байна. Өөрөөр хэлбэл  намын байгууллагын шат ахих тусам гишүүдийнх нь бүрэлдэхүүнд дарга, албан тушаалтны эзлэх хувь хэмжээ өсч байгаа аж. Ажилчин малчин, эмч, багш гээд жирийн гишүүн бараг байхгүй аймаг, дүүргийн намын хороо олон байгаад тэр шүүмжлэлтэй хандаж байна. Намын ажилд дарга, цэргийн харилцаа зонхилж, намын хурал нь захиргааны хурал шиг болж байна гэжээ. Түүний үзэж байгаагаар үүнийгээ засч, зохистой хувь харилцаанд нь оруулах шаардлага МАХН-д тулгарч байгаа ажээ.

Шинээр байгуулагдсан Засгийн газрын томилолттой холбоотойгоор С.Баяр ярихдаа, сайд нарын сонгон шалгаруулалт ардчилсан журмын дагуу нэг албан тушаалд хоёр хүн өрсөлдүүлэх замаар болсон бол дэд сайд нарыг томилохдоо энэ журмаа мөрдөөгүй болохыг нотолжээ. МАХН-ын Удирдах зөвлөл дээр Ерөнхий сайдын оруулж ирсэн нэрсийг дэмжих үү, эсвэл нэмж нэр дэвшүүлж өрсөлдүүлэх үү гэж санал хураахад нэг гишүүний санал давамгайлснаар дэд сайд нарыг өрсөлдүүлэхгүй байх шийдвэр гарсан аж.
 
Экс Ерөнхий сайд Ц.Элбэгдорж бас өөрийн Ардчилсан намд тулгараад буй хүндрэл бэрхшээлийн талаар ярьжээ. Түүнийг ирэх даваа гаригт болох Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх  хорооны хурлаас Ардчилсан намын дарга болох тухай яриа байгаа юм. Энэ тухай асуултад тэр хариулахдаа, асуудал намын дарга болохдоо биш. Харин Ардчилсан намыг хүчтэй болгож, тулгамдсан асуудлыг шийдэх нь гол. Би Ардчилсан намыг хүчтэй болгохын тулд бүх хүчээ дайчлах болно хэмээн хэлжээ. Намын даргын асуудлыг зөвхөн ҮЗХ-ны хурлаар шийдэх нь дэндүү явцуу байж болох юм. Намын гишүүдийн идэвхтэй оролцоотойгоор магадгүй марафон зохион байгуулах ч юм уу, намын их хурлаар шийдэх боломжийг үгүйсгэхгүй гэж Ц.Элбэгдорж хэлсэн байна.

Ардчилсан намын хувьд ямар нэг фракц бүлэглэлийн эрх ашиг чухал биш, харин хүчтэй, нэгдмэл, ойлгомжтой үйл ажиллагаатай, манлайлах улс төрийн хүчин болох нь чухал хэмээн тэр үзэж байгаа аж. Тус нам дахь  шийдвэр гаргах үйл явцад гол байр суурийг эзлэх болсон "Алтан гадас" фракцын тухайд Ц.Элбэгдорж ярихдаа, “Алтан гадас” анхны зорилгыг нь харвал ТББ байдалтай бий болсон. Харин аливаа улстөрчид нэг байгууллагад багтаж орохоороо тэр нь тухайн улстөрчдийн зорилгыг хэрэгжүүлэх хэрэгсэл болж хувирдаг. Одоо "Алтан гадас"-ыг олон нийтийн байгууллага гэхэд хэн ч итгэхгүй хэмээн  хэлжээ.

М.Энхсайхан, Ж.Наранцацралт нарыг тус намаас хөөсөн тухайд Ц.Элбэгдорж хэлэхдээ,  Ардчилсан нам гишүүнээ хөөх биш, тухайн гишүүн намын хамт олны хүсэл зоригийн эсрэг явсан бол намын нэрийн өмнөөс улстөрийн албан тушаалд нэр дэвшихийг хязгаарласан тийм зохицуулалт хийх хэрэгтэй гэжээ. Харин тэдгээр хүн  шинэ нам байгуулах болсныг тэрээр хувь хүний эрх.Тэд чинь насанд хүрсэн хүмүүс шүү дээ гэжээ. Ингэснээр Ардчилсан нам хуваагдахгүй гэж тэрбээр үзэж байна.  АН, МАХН-аас маш олон нам өрх тусгаарлаж гарсан, гэхдээ том модноос тасарсан навч ганддаг болохоос ургадаггүй юм гэж хэлжээ.

Түүнийхээр бол  Ардчилсан нам хамгийн их төлөвшиж байгаа нам аж. Ер нь намуудыг төлөвшлөөр нь авч үзвэл бүгд л 16 жилийн хугацаанд төлөвшсөн, ижил настай. Өмнө нь аль ч нам ийм замаар явж байгаагүй. Манай нам шинийг эхлүүлж, алдаа оноо нь ил шийдэгдэж ирсэн нам. Энэ намыг улам нээлттэй болгоно. Ардчилсан намаа жинхэнэ ард түмний, шударга ёс,  ардчиллыг эрхэмлэсэн нам болгоно. Энэ ажил хэцүү ч олныхоо хүчээр хийнэ хэмээн мэдэгдснээс үзвэл Ц.Элбэгдорж намын дарга болохыг үгүйсгэхгүй байна.  2008 оны сонгуульд Ардчилсан нам хэн нэгэнтэй эвсэх шаардлагагүй гэж тэрбээр үзэж байна. Ингэж бодлого эртнээс тодорхой болбол манайхан яаж ажиллахаа хүнээр заалгахгүй гэж мөн хэлжээ.

Шинэ Засгийн газрын тухай Ц.Элбэгдорж ярихдаа, байгуулагдаад сар гаруй хугацаа өнгөрлөө. Гарч ирэхдээ хэлж ярьсан зүйлээ хийхийг нь хүмүүс хүлээгээд л сууж байна. Би хувьдаа цалин нэмснийг дэмжиж байгаа. Төлөвлөж байсан ажил. Нэг л тогтоол, нэг л алхам дутуу байсан.  Засгийн ажил өдөр бүр, долоо хоног бүхэн хүмүүст хүрч байх ёстой.  Тэр ажил нь хүмүүст хүрч, нүдэнд үзэгдэж, гарт баригдаасай гэж хүсч байгаа. Үүний тулд Засгийн газрыг шахаж, тогтвортой ажиллуулах ёстой. Энэ засаг УИХ-ын дараагийн сонгууль болтол, эрхзүйн шинэ орчин бүрдтэл ажиллаасай гэж бодож байна гэжээ.

Шинэ Засгийн газрыг өөрийнх нь тэргүүлсэн Засгийн газраас юугаараа  давуу талтай тухайд Ц.Элбэгдорж хэлэхдээ, танхимын гишүүдийн олонхи нь, Ерөнхий сайд нь нэг намынх тул М.Энхболдын тэргүүлсэн Засгийн газар бол шийдвэр гаргаад ажиллахад  улстөрийн тааламжтай орчинтой. Дээрээс нь улс орны санхүүгийн нөхцөл байдал гайгүй сайн байгаа. Алтны авдрыг нь дүүрэн хүлээлгэж өгсөн. Үүнийг хэрхэн зөв ашиглах нь энэ Засгийн газрын өөрсдийнх нь шийдэх хэрэг гэжээ. Гэхдээ үлдээсэн мөнгөөр нийгэмд байгаа бухимдлыг  намжааж гал унтраахад зарцуулах гээд байгаа юм шиг хандлага ажиглагдаж байна. Энэ бол буруу гэж экс Ерөнхий сайд мэдэгджээ. Мөнгөний хойноос биш, асуудлын хойноос явж шийдэх хэрэгтэй. Тэгээд асуудлаа барьж аваад түүндээ зохицуулж санхүүгээ шийдэж явах хэрэгтэй. Мөнгө байна, түүнийг юунд зарцуулах вэ гэсэн маягаар ажиллаж болохгүй хэмээн сануулсан байна.

Шинэ засаг хяналттай байхаас болгоомжлоод байна уу даа гэх хар Ц.Элбэгдоржид төрөөд байгаа аж.  Сар гаруйхны хугацаанд мэргэжлийн хяналтын байгууллага, гаалийн байгууллагад хийсэн халаа, сэлгээ, ТӨХ-нд бүтцийн өөрчлөлт нэрээр хийх гэж байгаа халаа сэлгээг тэр дурджээ. Шинээр томилогдсон Засгийн газрын гишүүд “өмнөх Засгийн газрын бодлогод түшиглэж хөтөлбөрийг нь хэрэгжүүлнэ” гэж хэлж байсан атал хүнтэйгээ, төрийн албан хаагчидтай, яамныхаа аппараттай ноцолдоод байвал хүмүүсийн итгэл алдрах явц үргэлжилж, хүрээгээ улам тэлэх болно гэжээ.  Үүнийг Засгийн газар анхааралдаа авах байх гэдэгт Ц.Элбэгдорж найдаж байгаа гэнэ.

Ардчилсан намын дарга Р.Гончигдорж өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ МАХН-ын дарга М.Энхболд  их эвслийн Засгийн газрыг огцруулахаар яарч зөвшилцлөө зөрчсөн. Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ц.Элбэгдорж  МАХН 2000-2004 онд  төрийн эрхийг хяналтгүйгээр барьж байх үедээ хийсэн олон булхайг илрүүлсэн.  Үүн дотор төрийн өмчийг шамшигдуулсан, лицензийн наймааг нэрлэж болно. Гэтэл МАХН илэрсэн булхайгаа далдлахын тулд ТӨХ, Улсын мэргэжлийн хяналтын газарт халаа сэлгээг хоморголон хийлээ хэмээн мэдэгдсэн байна.

Харин Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг огцруулахгүй байж чадаагүйнхээ төлөө хариуцлага хүлээхэд бэлэн гэж Р.Гончигдорж  хэлээд энэ сарын 27-нд болох ҮЗХ-ны хурлын үеэр намын даргын албан тушаалаасаа чөлөөлөгдөнө гэж мэдэгджээ.
Ц.Элбэгдоржийн тэргүүлсэн их эвслийн Засгийн газрыг тогтвортой ажиллуулах улстөрийн орчныг бүрдүүлэх мандаттайгаар Ардчилсан намын дарга болсон гэж тэрбээр өөрийгөө ойлгодог байна. Тиймээс аядуу зөөлөн бодлого баримталж байсан. Ардчилсан нам зөөлөн бодлогоор урагшилж, хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь нэн чухал байлаа. Бид буулт хийх замаар  Засгийн газрыг тогтоон барьж байв.  Намын гэхээс илүү  улс орны эрх ашгийг дээгүүрт тавьсан хэмээн Р.Гончигдорж ярьжээ. Харин  одоо түүний хэлснээр АН сөрөг хүчин болсон учраас сэргэнэ гэнэ. М.Энхсайхан нар шинээр нам байгуулах болсныг тэрээр үзэхдээ тэд Монгол Улсын иргэнийхээ хувьд төрийн сайд болж болно. Төрийн сайд болох арга замаа сонгож болно. Итгэл үнэмшлээрээ нам байгуулж ч болно. Гэхдээ улстөрчийн нүдээр харахад тэдний нам байгуулж байгаа нь анхнаасаа төлөвлөсөн үйл ажиллагааны үргэлжлэл гэж ойлгогдож байна гэжээ.

Улстөрч М.Энхсайхан, Ж.Наранцацралт нар дээрх асуудалд хэрхэн хандаж буйгаа мөн л хэвлэлээр илэрхийлжээ. М.Энхсайхан “Өнөөдөр” сонинд ярихдаа, “Биднийг АН-аас хөөсөн нь үнэн. Энэ бол нэг л факт. Ардчилсан нийгэм дэх намын гишүүнчлэлгүй хүмүүс нам байгуулах эрхтэй. Нам байгуулах болсон нь хөөгдсөндөө шаралхаж хийсэн алхам биш. Монголын нийгэмд оршиж буй бэрхшээл, өнөөгийн улстөрийн тогтолцоо явцуурсан, дампуурсан нөхцөл байдлаас үүссэн санаачилга юм” хэмээн хэлжээ. Тэрбээр эх орноо гэдэг шударга хүмүүсийг сонгон олж төрд гаргаж ирдэг, тэднээрээ дамжуулан төрийн бодлогыг хүний төлөө хандуулж чаддаг, иргэддээ үйлчилдэг болгохын төлөө Ардчилсан, шударга ёсны намыг байгуулах зорилго тавьж байгаа гэжээ. Түүний хэлснээс үзвэл   тэдний байгуулах шинэ нам нь одоогийн намуудаас үйл ажиллагаа, үзэл баримтлал, зохион байгуулалтын хувьд цоо шинэ,  сонгогчдын байгууллага байх гэнэ. Намдаа яагаад Ардчилсан, шударга ёсны нам гэдэг нэр өгөх болсон тухайгаа өнөөдөр бидэнд шударга ёс л алга. Хэн ч баян, ядуу байж болно. Хамгийн гол нь бүх зүйлийг шударга байгаасай гэж хүснэ. Энэ утгаар нь одоохондоо энэ нэрийг сонгоод байна гэжээ. Шинэ намын гол шалгуур үзүүлэлт нь ёс суртахуун байх аж.

Барилга, хот байгуулалтын сайд Ж.Наранцацралтын хувьд санаа нийлэхгүй, нэгдэхгүй байгаа хүмүүстэй хамт яваад байх шаардлага алга гэж үзэж байна. Тэрбээр Ардчилсан намын дарга Р.Гончигдорж албан тушаалаа өгсөн ч, тус нам удирдлагаа сольсон ч биднийг эргээд авах нь тодорхойгүй. Миний бодлоор улстөрийн шийдвэр нэгэнт гарсан болохоор эргэж авахгүй нь тодорхой. Тийм болохоор нам байгуулахаас өөр арга байхгүй гэжээ. Шинэ нам байгуулж байгаагаа ардчиллын үйл явцыг үргэлжлүүлэхэд дэмжлэг үзүүлж байна гэж тэрбээр ойлгож байна.