“Гавьяат”-ын дон шүглэсэн Монгол нийгэм

A- A A+
“Гавьяат”-ын дон шүглэсэн Монгол нийгэм


Проф. Олхонуд Баярхүү

 “АНУ-ын ардын жүжигчин Шэрон Стоун”, “Гавьяат жүжигчин Майкл Жексон”, “Японы соёлын тэргүүний ажилтан”, “Германы Төрийн шагналт, гавьяат тэр”, “Францын төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн тэр гуай”… гэж байдаггүйг бараг нялх хүүхэд ч мэдэх болсон цаг. Коммунист үзэл сурталтай Хятадад ч “МУСТА”, “МУГЖ”, “МУАЖ” гэдэг шиг цол байхгүй, орлуулах ч цол байхгүй гэдгийг Та бид бүгдээрээ мэдэж байгаа. Гэхдээ урлаг уран сайхан нь АНУ, Япон, Герман, Хятадад манайхаас дутуугүй цэцэглэсэн. Хойшид ч зогсчихгүй. Энэ юуных вэ?

Үүнтэй ижлээр, дэлхийн жишгээр манай улс МУСТА, МУГЖ, МУАЖ байхгүй болчихвол Монголын урлаг, уран сайхан сөнөчих гээд байна уу гэсэн асуулт Таньд тавья. Манай өнөөгийн МУСТА, МУГЖ, МУАЖ-нууд, ирээдүйн МУСТА, МУГЖ, МУАЖ-нууд  энэ гашуун үнэнийг мэдэхийн дээдээр мэдэж байгаа ч тэд ингэх вий (АНУ, Япон, Герман, Хятад шиг цолгүй байх) гэж бодож сэтгэхээс үхтлээ айж байх шиг. Орос, Монгол, Хойд Солонгосоос бусад дэлхий ертөнц бараг тэр чигээрээ гавьяат, ардынгүй байгаа бус уу.

Их Монгол Улсын 800 жилийн түүхнээ гавьяат, ардынгүйгээр Монголын ард түмний урлаг соёл хөгжсөөр ардын засагтай золгосон нь түүхэн үнэн. Харин одоо цагийн гашуун үнэн нь Цагдаагийн академи төгссөн манай залуухан дэслэгчийн тархинд “гавьяат хуульч” болох өнийн мөрөөсөл хар нялхаараа шахуу байхад нь шигдчихдэгт байгаа юм. Гайгүй сайн ажилтай бол “гавьяат багш”,  “гавьяат эмч “ болох мөрөөдөл. “Гавьяат” олгож болдог бүх салбарын нийтлэг “толгойн өвчин” бүгдийг энд дурдалтгүй. Одоо гавьяат манаач, гавьяат жижүүр, гавьяат цэвэрлэгч олгох дээрээ тулж очжээ. Нэг бодлын хөөрхийлөлтэй, нэг бодлын хамгийн инээдэмтэй энэ үзэгдэл “Монголын нийгэм гавьяатаас залхлаa!” гэж нийтээрээ чанга дуугартал хөврөх нь гарцаагүй.

Ардын засгийн жилүүдэд (1990 он хүртэл) яггүй хатуу шалгуураар өгдөг авдаг энэ цол уг нь социализмтайгаа хамт алга болчихсон бол би одоо ингэж бичээд утгагүй л дээ. Гэтэл хүн төрөлхтөн XXI зуунаа алхчихсан, дэлхийгээрээ даяаршсан, анги үзэл суртал утгаа алдсан, зах зээлийн жам хуулиар нийгэм маань зохицуулагддаг болсон өнөө цагт тэр жижиг шар тэмдэг зүүхийн төлөө монголчууд үхэн хатан зууралдаж байгааг би Монголын нийгмийн нэгэн парадокс (гаж үзэгдэл, логик зөрчил) гэж үзэж байна. Үүнийг урлагийнхны жишээн дээр хатуухан шүүмжлэе. 

Энэ төрлийн дон эхлээд МУСТА гэдгээс эхэлдэг юм байна. Тэрнээсээ МУГЖ руу, МУГЖ-аас МУАЖ руу зам туулахад ойролцоогоор 10-15, цаанадаж 20 жил зарцуулдаг бололтой юм, дуучдыг ажаад байхад. Ялангуяа “нийтийн”, “зохиолын” хэмээх тодотголтой дуу хоршин дуулаад эхэлмэгц баараггүй тийм зам туулж байна. Соёл урлагийн дээдийн дуулаачийн анги гэж дээд тэнгэрийн энгүй азтаныг элсүүлдэг салбар бий. Тэр бол жинхэнэ ирээдүйн МУСТА, МУГЖ, МУАЖ нарыг төрүүлэх уурхай. Бас хошин урлагийнхан гэж энэ жагсаалт дотор дээгүүрт орно.      

СУИС-ийн дуулаачийн салбарыг төгсөгчид дуурьт очихоо больсон. Нүдний гэм. “Нийтийн”, “зохиолын” дуу дуулсан нь нөгөө МУСТА, МУГЖ, МУАЖ-аа авахад нэн дөт зам нь. Хоорондоо үг аяны хувьд төдийлөн ялгаагүй, нэг хэмнэлийн  “нийтийн”, “зохиолын” дуунууд зуу зуугаараа  төрж байна, ард түмэн дагаж гүйцэхээсээ өнгөрсөн. Түүнийг дуулагчид нь аль болох л өрсөөд, аль болох л зурагтаар олон дахин харагдаад ард түмний хүртээл болтол тасралтгүй ганц жил дуулахад нөгөө эхний хүслэн МУСТА нь БСШУЯ-наас аяндаа ороод ирнэ. Түүнийгээ шувтан зарлаад, болж өгвөл “удахгүй  гавьяат болох”, “ард түмнээсээ гавьяатаа авчихсан” гэж хэвлэлээр баахан зарлуулаад 5 жил тасралтгүй дуулахад нэг л өдөр МУГЖ, 8-10 жилийн дараа 40 дөнгөж тонгойгоод МУАЖ. Тэр үед Монголын нийгмийн хамгийн томхон зүтгэлтэн болчихсон явж байх вий. Харин 60 орчим насан дээр нь, МУАЖ-аас шат ахиж олгох урлагийн нэгэн шинэ цолыг манай төр бодож олох хэрэгтэй.  

МУСТА, МУГЖ, МУАЖ нь ихэнхи дуучид, жүжигчдийн хувь заяаны төөрөг, ирээдүй, зурсан зураг, хань ижил, бүр амьдралынх нь өдөр тутмын   хэмнэлийг зааж тохируулж байдаг ид шидтэй тохируулга бололтой. МУГЖ өгсөнгүй хэмээн хог дээр гарч, цөхөрч, архинд орж, эхнэртээ хаягдаж нохойн үхлээр үхсэн дуучин мэр сэр буй. МУСТА бол юу ч биш, олон зуугаараа байж байна. “Тэргүүний тийм хүн” гэдэг цолыг угаасаа салбарын бүх яамд баруун солгойгүй, ялангуяа сонгуулийн наана тэр салбарын сайд нь тойрогтоо шуудай шуудайгаар нь аваачаад тараадаг.

МУГЖ мөн үү, биш үү; МУАЖ мөн үү, биш үү гэдэг нь  “Энэ хүн мөн үү, биш үү?” гэдэгтэй адил шахуу буудаг цаг болсон мэт. МУГЖ аваагүй олон жил дуулж, жүжиглэж, бүжиглэж явааг нь үзэгчид нулимдаг бололтой юм. Хүсээгүй, хөөцөлдөөгүй, шаналаагүй, МУСТА ч байхгүй тийм нэг эгэл дуучид, жүжигчид манай нийгэмд бас байна аа. Тийм нэг нь хүүхэд нохойн доог болох юмуу.

Ерөнхийлөгчийн Тамгын газар “Гавьяат”-ын өргөдөлдөө дарагдаад ядаж байхад “Ард түмний гавьяат” өгдөг сайн дурын байгууллага гараад иржээ. Төрдөө гомдож яваа жүжигчдэд нөгөөх цолыг нь баруун солгойгүй тарааж эхэлсэн байна. “Авьяастны төлөө холбоо” гэсэн нэртэй нэгэн байгууллага Бөхийн өргөөнд “төрөөс том шагнал”, “төр гэдэг чинь ард түмний дэргэд юу ч биш” гэсэн уриан дор үхсэн амьдгүй тэр гавьяатаа бөөндөж эхэллээ. Тэр олдошгүй төрийн гавьяатад нь гурваас доошгүй удаа тодорхойлогдож байгсадыг энэ холбоо өөрийн дүрмээрээ “Ард түмний гавьяат”  болгож, эдүгээ 100 авьяастан төрүүлсний 50 гаруй нь хорвоог орхисон учир нэхэн шагнажээ. Одоо ингээд төрийн нөгөө алдарт шагналын маань нэр хүнд навс унах нь тэр, “жинхэнэ”, “хуурамчийн” хоорондын ялгаа  алга боллоо. Одон тэмдэг, гавьяа цолонд унаж үхдэг шуналын дэвтэй монголчуудаар тоглоом хийх сайн дурын, төрийн бус байгууллага дахиад ч хэд хэдээрээ гарч ирж мэднэ.