Монголоор дүүрэн сонин хачин

A- A A+
Монголоор дүүрэн сонин хачин


Проф.Олхонуд Баярхүү

Германы Хамбургийн нэгэн FM-ээр аялал жуулчлалын  реклам явж байх юм. Хаашаа аялах вэ гэж нэг нь асууж нөгөө нь хариулж байна, “Хэрэв Та балар ширэнгэний зэрлэг адал явдалтай учирч, сонин хачин марзан юм үзмээр байна уу” гээд, тэгвэл хаашаа гэдгийг Та таа л даа гэж таавар маягийн юм ярьж хэсэг хөгжилдөөд, “Хэрэв Та тийм туризм хийе гэвэл Монголыг сонгоорой!” хэмээн хөхрөлдөн ярьж гэнэ. “Монголд ердийн туризм тохирохгүй, зөвхөн адал явдалт туризм л хөгжинө” хэмээн Монгол-Америкийн форум дээр АНУ-аас Монголд сууж асан Элчин сайд Ла Порта сургамж айлджээ. Японы “Эн-Эйч-Кэй” телевиз өнгөрсөн зун (8 дугаар сарын 30) оройн мэдээгээрээ Монголд зорчих япончуудад зориулан сэрэмжлүүлэг өгч байв. Хэсэг монгол залуу японы иргэнийг даган зочид буудалд нь орж дээрэмдсэн гэнэ. Монголд зорчиж буй япончууд дээрэм,  тонуул, хулгайгаас сэргийлэх хэрэгтэй гэв. Согтуу хүнд зодуулж тархиа хаг цохиулах, мөн хэсэг бүлэг согтуу залууст дээрэмдүүлэх зэрэг хэрэг зөрчил гардагтай холбогдуулан аль болохоор согтуу хүнд ойртохгүй байх, яриа өдсөн ч үл тоох, зочид буудал, авто машинд байхдаа ч болгоомжтой байхыг  Японы ГХЯ-аас иргэддээ анхааруулж байхтай нэг бус удаа таарч байлаа. Ер нь ийм анхааруулга тогтмолжсон гэнэ.
 
Цаашаа бас нэг жишээ. Соёлжсон барууныхан ба монголчуудын хооронд “Гэрийн тэжээвэр амьтан” гэх ойлголт зарчмын ялгаатай. Соёлжсон ертөнцөд нохой муур нь гэр бүлийн гишүүн байдаг.  Улаанбаатарт төдөн мянган нохой алж арьсыг нь улсын бэлтгэлд тушааж, хотын ариун цэврийг сахив гэсэн мэдээ германы сонинд гарчихснаас үүдэн бөөн сенсаац дэгдэж, ан амьтны эрх ашиг хамгаалагчид, ногоонтнууд гэхчлэн бөөн хүн  манай ЭСЯ-нд очиж эсэргүүцэл илэрхийлж, бараг л Та нарын арьсыг өвчвөл ямар вэ гээд тулгаад сүйд болжээ.

Бас нэг жишээ. Монголд ирж ажилласан гадаадын иргэд манай хотын золбин нохдыг өрөвдөн, өхөөрдөж эрхлүүлээд эцэст нь дасгаад хагацах дээрээ тулахаар бөөн зовлонд унадаг гэнэ. Манайхан болохоор хэнэг ч үгүй алаад газар булчихна, эвсэл арьсыг нь өвчөөд авчихна, тэнэмэл иргэд махаар нь гүнцэг  барчихна. Гэтэл дасгасан ганц нохойгоо аваад нутаг буцъя гэсэн гадаадын иргэнд бичиг цаас зөвшөөрөл энэ тэр гэж бөөн чирэгдэл удаад, эцэст нь “Монгол нохойны ген”-ийг хил давуулж алдахгүй гээд гэдийчихнэ. Үүнийг “Монголын сонин хачин, марзан явдал” гэж нутаг буцсан хойноо нөгөөдүүл нь тэндхийнхээ FM-ээр ярьж байх юм.

Бид эндээ бахархал болгоод, “зууны манлай” энэ тэр гэж өргөмжилснөөс гадаадад тоож байгаа амьтан нэг ч байхгүй, Монголын өнгөтэй өөдтэйг дээр үеийн социалист суртал ухуулга шиг сурталчилна гэж бүр гонж, “Монголд зочлооч!” гэж бид эндээ хэчнээн уриалавч тоон үзүүлэлт төдийлөн хангалттай биш. Энэ нь Монголын засаг төрийн буруу огтоос биш, ерөөсөө л сонин хачин, марзан тэнэг явдлаар дүүрэн Монголын нийгмийг голж байгаа нь тэр. Өөрөөр хэлбэл монголчуудыг, монгол хүнийг үнэлэх үнэлэмж  гээгч нь тэр аж.

ОУВС, Дэлхийн Банкны албан ёсны баримт бичигт “Монголын ядуурал хоцрогдолд монголчуудаас өөр хэн ч хариуцлага хүлээхгүй, ядуу байгаад өөрөө өөрсдөө буруутай” гэж бичсэн байсан. Африкийн голдуу маш олон орны ядуурлын хариуцлагыг колоничлогч асан Европын орнууд  нь хүлээж, хайр найргүй колоничлосныхоо төлөөсөнд өрийг нь 100 хувь цайруулж, дээр нь тусламж олгож байна. Харин Монголд бол үгүй.

Хоёр талын харилцаатай дэлхийн бүх улс орнуудыг стратегийн ач холбогдлоор нь Японы ГХЯ хувааж “A”, “B”, “C”, “D”  гэсэн 4 бүлэгт хуваадаг бөгөөд Хятад, БНСУ гэхчлэн манай хөршүүд эхний “A” бүлэгт багтаж байдаг бол Монгол Улс маань ямагт  “D” бүлэгт тооцогдсоор өнөөг хүрсэн байх юм.

Жишээ нь ард нийтээрээ биш юмаа гэхэд, лав залуу үе маань Японы хэл соёлд муугүй дасан зохицож шүтэн бишрэх болсныг ололт гэе. Тоо томшгүй их япон хэлтнүүд бол Монголын үндэсний нэг бахархал, баялаг нь болтугай. Ард түмнээрээ  сумо бөхийн хорхойтон болсныг соёлын дэвшил гэхээс аргагүй. Энэ бол японы соёл наашаа нэвтэрсний хамгийн том нотолгоо юм. 

Гэвч соёлоо орхиод зээл, тусламж гэж ярьж эхэлбэл гарын салаагаар урсах мэт цутган орж ирсэн асар мөнгөний дүн монголын бүх хүний толгойг эргүүлмээр, энэ тухай зориглон ярих хүн ч байхгүй. Учир нь үр дүн нь бүх монгол хүнд хүртээгүй учраас тэр. Зээл тусламжийг хамгийн үр бүтээлгүй зарцуулсан сонгодог жишээнд Монголыг нэрлэдэг Хироно профессорыг бид яаж ч чадахгүй. Тэрээр “Африкийн хэсэг улс ба Монгол”-ын сургамжийг эдүгээ Японоос ODA-гийн тусламж авч буй Вьетнам, Лаос, Мьянмад сэрэмжлүүлж байх юм.

Японы Засгийн газар дахь Монголыг харьяалах элдэв албад “зээл тусламжийн” гэх малгайнаасаа салахгүй явсаар 17 дахь жилээ үдэж байгаа нь туйлын гунигтай хэрэг бөгөөд “түншлэлийн” болгох санаатай бид хичнээн мучийгаад нөгөөх  “D” ангилалаасаа салахгүй явсаар, чухам хэдий хэр хугацаанд тэгэх ёстой юм, бүү мэд. Энд зөвхөн монголчуудаас өөрсдөөс нь шалтгаалан гологдож буй тухай ярьж байгаа болохоос Японы талыг муучилж байгаа хэрэг биш.

Ардчиллын буянаар Монголын үүд хаалга нээгдэж, зорчдог хүний тоо хэрээс хэтэрсэн. Гаднаас ирдэг хүн болгон бараг толгой дараалан зургийн аппарат, видео камертай. Хальсандаа дандаа манай бүтээн байгуулалт, урлаг соёл, наадмыг  буулгадаг гэвэл эндүүрэл. Тэд хорьсоор байтал хотын захуудаар хулгайгаар явж үзсэн, тэр ч бүү хэл “Далан давхар” орчихсон явах нь элбэг. Тэнд л зураг авч кино бичлэгээ хийдэг юм байх. Гутмаар сэжиглэмээр ч юм шиг. Нийслэлийнх нь хүн амын талаас илүү нь зах дээр байнга зогсдог буюу тэнүүчилдэг ийм улс дэлхийд өөр олон байхгүйдээ л  гадаадынхны нүдийг хужирлаж, дуран авианд нь бууж үлддэг байх.

Гадаадын хэвлэлд нийтлэгдсэн Монголын тухай элдэв зурагнуудын ихэнх нь золбин тэнэмэл хүүхэд, гудамжинд ойчсон согтуу хүн, траншейны амьдрал цухасхан, захын наймаачин хотын амьдрал гэвэл, Монголын хөдөө гэхлээрээ монгол гэрийн гадаа араг сандайлсан халтар хүүхэд, бөгтөр эмгэн, улаан зээрд царайтай адуучин, үхсэн малын сэг, балгас болсон сумын төв…  Зураг дээрх монгол хүмүүс нь аль болох зэрлэгдүү ядаж сайртсан улаан хацартай, халтар царайтай,  ноорхой хувцастай байвал “Монголын имиж” нь тэр болох ухаантай юм.

Тухайн нэг улсаас Монголтой харьцсан тухай интернэт дэх мэдээлэл гэвэл, СССР-ийг дагаж 70 жил бөглүүд явснаа 1990-ээд онд ардчиллын буянаар дэлхийд гарч ирсэн, гэвч тамтгаа алдсан эдийн засагтай, хүн ам нь нэн ядуу, дэлхийн стандартаас доогуур, гадаадаас төдий хэмжээний зээл тусламж авсан,  төдөн улстай гадаад худалдаатай, худалдааны эргэлт төд, Орос, Хятадын завсарт стратегийн байршилтай гэхчлэн бичсэн нь түгээмэл. Арай өег нь гэвэл Чингис гэгч хаан XIII зуунд Монголоос төрж гарч ирээд дэлхийн талыг эзэлсэн гэсэн ганц нэг өгүүлбэр. Энэ бүхэн доромжлол уу? Доромжлол биш юм бол юу вэ? XXI зууны хөгжлийн их хурд нэг л өдөр Монголыг арчина шүү гэдгийн дохио санамж биш гэж үү? Улаанбаатарын “Ажилчны” гэгдэх районд  бүхэл бүтэн “Хятад хот” төмөр торны цаана монголчуудыг яг л ажлын мал шиг, бөөнөөр хорих лагерын ялтан шиг хорьж цагдан өдөр шөнөгүй үнэгүй мөлжиж, байгаль орчныг сүйтгэж байгаа тухай мэдээлсээр. Тэнд монголчуудыг хэн ч албадан аваачаагүй, өөрсдөө гүйж очоод төмөр торны цаана хоточ нохойны зуулга болчихоод байгаа нь тэр. Монголчууд даяаршилд орж яваа зам нь тэр. Чухам энэ бүгдийг нийлүүлээд  МОНГОЛООР ДҮҮРЭН СОНИН ХАЧИН гэж гадаадынхан нэрлэх бөлгөө.