2006 нэгдүгээр сарын нийгэм, эдийн засгийн төлөв байдал (2006.02.14)

A- A A+
2006 нэгдүгээр сарын нийгэм, эдийн засгийн төлөв байдал (2006.02.14)

2006 оны нэгдүгээр сарын нийгэм, эдийн засгийн төлөв байдал (2006.02.14)

Үндэсний статистикийн газраас 2006 оны нэгдүгээр сарын Монголын нийгэм, эдийн засгийн байдлын мэдээг гаргажээ. Уг мэдээнд дурдснаар энэ оны нэгдүгээр сард  аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүн 2000 оны зэрэгцүүлэх үнээр 58 тэрбум төгрөгт хүрч, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2.3 хувиар буюу 1.4 тэрбум төгрөгөөр буурсан дүн гарчээ.  Өнгөрсөн онтой харьцуулахад цахилгаан, дулаан болон эрчим хүч, усан хангамжийн үйлдвэрлэл 0.6 хувь нэмэгдсэн бол уул уурхай, олборлох салбарын үйлдвэрлэл 4.3 хувь, боловсруулах аж үйлдвэрийн үйлдвэрлэл 1.0 хувиар тус тус буурсан байна.

Оны эхний нэгдүгээр сард хэрэглээний бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ тариф 2000 оны 12 дугаар сартай харьцуулахад 40.8 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 8.1 хувь, 2005 оны 12 дугаар сарынхаас 0.8 хувиар тус тус өссөн байна. Хэрэглээний бараа, үйлчилгээний 239 нэр төрлийн 13.8 хувийнх нь үнэ буурч, 55.6 хувийнх нь үнэ тогтвортой байжээ.

Мөнгөний нийлүүлэлт өмнөх оны 12 дугаар сарын эцсийн байдлаар 1170.1 тэрбум төгрөг болж 38.1 хувиар өсчээ. Гүйлгээнд байгаа бэлэн мөнгө өмнөх сартай харьцуулахад 3.1 хувь буюу 5.8 тэрбум төгрөгөөр өсч, харин банкнаас гадуурхи мөнгө 629.9 сая төгрөгөөр буюу 0.4 хувиар буурсан байна.

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн дүн 2006 оны нэгдүгээр сард 56.3 тэрбум төгрөг, нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн дүн 56.5 тэрбум төгрөг болж нийт тэнцэл 0.2 тэрбум төгрөгийн алдагдалтай гарч өнгөрсөн оны мөн үеийнхээс 6.2 тэрбум төгрөгөөр нэмэгджээ.  Улсын нэгдсэн төсөвт  нэгдүгээр сард 56.3 төгрөгийн орлого оруулсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 18.0 хувь өсч, төсвийн орлогын төлөвлөгөө 94.8 хувийн биелэлттэй байна. Төсвийн байгууллагууд цалингийн ашгаа сардаа багтааж төлөлгүй өр үүсгэснээс хүн амын орлогын албан татвар төлөвлөсөн хэмжээнээс 42.4 хувь буюу 2.1 тэрбум төгрөгөөр дутуу төлөгджээ. Татварын бус орлого өнгөрсөн оны мөн үеийнхээс 21.6 хувь, гадаад худалдааны татварын орлого 63.3 хувь, онцгой албан татвар 27.7 хувь, нэмэгдсэн өртгийн албан татвар 15.1 хувиар тус тус нэмэгдсэн байна.

Хөрөнгийн санхүүжилтэд нэг тэрбум 59.1 сая төгрөг зарцуулсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 2.6 дахин буюу 970 сая төгрөгөөр нэмэгдсэн боловч төлөвлөсөн хэмжээнээс 55.9 хувиар дутуу санхүүжигджээ. Дотоод эх үүсвэрээр хийгдэх хөрөнгө оруулалтад 668.1 сая төгрөг, авто замын санд 219.8 сая төгрөг зарцуулж, гадаад эх үүсвэрээр 691.3 сая төгрөгийн хөрөнгийн зардлыг санхүүжүүлжээ.

Оны эхний нэгдүгээр сард аймаг, нийслэлийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэст гурван мянган ажилгүй иргэн шинээр бүртгүүлж, 1.4 мянган бүртгэлтэй ажилгүйчүүд ажилд зуучлагдан орсон бол 1.5 мянган иргэн ажил идэвхтэй эрж хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан байна. Өнөөдрийн байдлаар, хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэст бүртгүүлсэн ажил идэвхтэй эрж хайж байгаа иргэдийн тоо 32.9 мянгад хүрч өмнөх оны мөн үеийнхээс 9.2 хувь буюу 3.3 мянган хүнээр буурсан байна. Улсын дунджаар нийт ажилгүйчүүдийн 53.8 хувь болох 17.7 мянга нь 16-34 насны залуучууд байгаа бөгөөд энэ үзүүлэлт Орхон, Дархан-Уул, Дорнод, Өмнөговь аймагт харьцангуй өндөр буюу 55.6-67.1 хувьтай байна.

Гадаад худалдааны нийт бараа эргэлт 119.5 сая ам.доллар, үүнээс экспорт 53.0 сая, импорт 66.5 сая ам.доллар болж, гадаад худалдааны тэнцэл 13.5 сая ам.долларын алдагдалтай гарчээ. Энэ хугацаанд нийт 27 улстай экспортын худалдаа хийснээс нийт үнийн дүнгийн 52.2 хувь нь БНХАУ-д, 23.0 хувь нь Канад улсад, 13.9 хувь нь АНУ-д, 3.6 хувь нь Италид, 0.9 хувь нь БНСУ-д ногдож, эдгээр улстай хийсэн экспорт нийт экспортын 93.6 хувь болж байгаа ажээ. Харин  нэгдүгээр сард нийт 59 орноос импортоор бараа оруулж ирснээс үнийн дүнгийн 37.1 хувь нь ОХУ-д, 21.3 хувь нь БНХАУ-д, 0.6 хувь нь Франц улсад, 3.7 хувь нь Герман улсад ногдож байна.

Бөөний болон жижиглэн худалдааны салбарын нийт борлуулалт 52.2 тэрбум төгрөг болж өнгөрсөн оны мөн үеийнхээс 6.6 тэрбум төгрөг буюу 14.5 хувиар өссөн байна. Нийт борлуулалтын 55.2 хувийг бөөний худалдаа, 44.8 хувийг жижиглэн худалдаа эзэлж байна. Бөөний болон жижиглэн худалдааны нийт борлуулалтын 87,5 хувь нь зөвхөн Улаанбаатар  хотод ногдож байгаа ажээ.