Санхүүгийн зах зээлийг хоёр хөлтэй болгоно (2006.02.15)

A- A A+
Санхүүгийн зах зээлийг хоёр хөлтэй болгоно (2006.02.15)

Санхүүгийн зах зээлийг хоёр "хөлтэй" болгоно (2006.02.15)

УИХ 2005 онд Санхүүгийн зохицуулах хорооны эрхзүйн байдлын тухай хуулийг баталж,  2006 оны нэгдүгээр сард тус хорооны даргыг томилсон. Энэ хорооны гол зорилго нь банк бус санхүүгийн зах зээлийг зохицуулах явдал бөгөөд санхүүгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, хянаж шалгах, шаардлагатай дүрэм журмыг баталж мөрдүүлэх юм. Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Бадраатай “АЭ” сонин ярилцжээ.

Түүний ярьснаас үзвэл тус хороо даатгал болон даатгалын мэргэжлийн оролцогч байгууллага, хадгаламж зээлийн хоршоо, банк бус санхүүгийн байгууллагад санхүүгийн зохицуулах үйлчилгээ эрхлэх юм байна. Монгол банк одоогийн байдлаар бүх банкуудыг хариуцаж, мөнгөний бодлого, валютын зах зээлээ хариуцаж байна. Харин Санхүүгийн зохицуулах хороо нь банкнаас бусад санхүүгийн байгууллагыг хариуцна. Иймд хуулийн дагуу харилцан ойлголцлын санамж бичиг батлаад эрх үүргээ хоорондоо тохирч хамтарч ажиллана гэж тэрбээр хэлжээ. Энэ  салбар нь мэргэжлийн мэдлэг туршлага шаардах их эмзэг салбар учраас улстөрөөс ангид байх ёстой хэмээн Д.Бадраа өгүүлжээ. Тэрбээр өөрөө МАХН-ын гишүүн юм байна.

Түүний үзэж байгаагаар банкууд эдүгээ харьцангуй боломжийн зах зээлтэй болсон атал санхүүгийн системийн нөгөө нэг  хөл болох банк бус санхүүгийн зах зээл энэ төвшинд хүрээгүй байгаа юм. Ном журмын дагуу явж байгаа хоршооны нэр хүнд асар бага төвшинд байгаад анхаарч, хадгаламж зээлийн хоршоонд хяналт тавихын зэрэгцээ дэмжиж ажиллана гэж тэрбээр мэдэгджээ. Харин  тэдгээрийг хариуцлагатай байлгахын тулд мэдээллээр хангаж, энэ талын мэдлэгтэй болох боломжийг бүрдүүлнэ гэж Д.Бадраа үзэж байгаа ажээ. Тоглоомын дүрмийг ил тод болгож, дүрмээ мөрдөж чадаагүй тохиолдолд хариуцлага тооцно. Энэ хороог байгуулснаар нэгдсэн бодлого, санхүү, иргэдийн эрх ашгийг хамгаалах байгууллагууд нэг цэгт төвлөрлөө гэж ойлгож болно хэмээн тэр хэлсэн байна. Иргэдэд санхүүгийн зах зээлд ямар хариуцлага хүлээж, эрх үүргээ яаж хамгаалах вэ гэдэг талаас нь сургалт зохиох гэнэ. Мөн санхүүгийн салбарынхан төрд дуу хоолойгоо хүргэж, санаа оноогоо дамжуулахад их хэцүү байдаг. Бид ч бас тэдний санал бодлыг төрд хүргэхэд анхаарна. Үүний тулд л энэ хороог байгуулсан гэдгийг хүмүүс ойлгох хэрэгтэй хэмээн Д.Бадраа хэлжээ.