МСС-гийн эхний шатанд шалгарсан төслийг хэлэлцжээ (2006.02.16)
Монголын хүн амын тал хувь нь нийслэл Улаанбаатар хотдоо төвлөрөн амьдарч байна. Гэтэл тэдний тэн хагасаас илүү нь буюу 58.5 хувь нь ахуйн наад захын хэрэглээ болох цэвэр, бохир ус, халаалтын нэгдсэн сүлжээнд холбогдоогүй хүнд нөхцөлд аж төрдөг нь судалгаагаар тогтоогджээ. Гэр хороололд амьдарч буй иргэдийн дийлэнхи нь мэргэжил, ур чадвар эзэмшээгүй байдаг агаад эзэмшсэн зарим нь эдийн засгийн томоохон харилцаанд оролцох боломжгүй, бизнес эхлэхэд хөрөнгө санхүүгийн баталгаа, барьцаагүй байдаг. Чухамхүү эдгээр хүчин зүйлс Монгол оронд ядуурал улам бүр өсч, иргэдийн амьжиргааны төвшин доошилсоор байгаагийн гол шалтгаан болдог байна. Иймээс ядуурлыг бууруулах зорилгыг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой хэмээн үзэж "Гэр хорооллын нөхцөлийг сайжруулах" төслийг боловсруулан АНУ-ын МСС-гаас санхүүжүүлэх төслийн тоонд оруулж өргөн мэдүүлсэн ажээ. МОНЦАМЭ агентлагийн мэдээлснээр энэхүү төсөл нь АНУ-ын Мянганы сорилтын сангаас санхүүжилт авахаар нэгдүгээр шатанд тэнцсэн байна.
"Гэр хорооллын нөхцөлийг сайжруулах" төслийн талаар санал солилцох уулзалт ярилцлагыг Мянганы сорилтын сангийн үндэсний зөвлөл, Мянганы сорилтын корпораци /МСК/ хамтран уржигдар “Хаан палас”-т зохион байгуулжээ. Уг уулзалтад МСК-ийн төлөөлөгч мэргэжилтнүүд, Азийн хөгжлийн банкны орон сууцны төсөл, Дэлхийн банкны "Гэр хорооллын ус хангамжийн төсөл", "Гэр санаачилга" төслийн ажилтнууд, Ус сувгийн удирдах газар, Нийслэлийн газрын алба, Хотын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс, Хот тохижилтын хэлтсийн мэргэжилтнүүд, нийслэлийн гэр хорооллын хорооны Засаг дарга, оршин суугчид оролцсон байна. Энэхүү төсөл хэрэгжснээр гэр хорооллын болон хот орчны газрын асуудлыг цогцоор нь шийдвэрлэх, газар өмчлөл, эзэмшил, бүртгэлийн асуудлыг боловсронгуй болгох, гэр хорооллын цэвэр, бохир ус, халаалтын сүлжээ, зам, гудамжны гэрэлтүүлэг зэрэг дэд бүтцийг бий болгох, гэр хорооллын иргэдэд удаан хугацааны, хүү багатай зээл олгодог тогтолцоотой болох, нийгмийн бүх салбарт мэргэжилтэй ажилчдыг бэлтгэх зорилт тавьж байгаа юм. Төслийг хэрэгжүүлэхэд 85 сая ам.доллар шаардлагатай хэмээн тооцоолсон бөгөөд гэр хорооллын 25000 иргэнийг хамруулахаар төлөвлөжээ.