Хөдөлгөөнүүдийн идэвхжил хийгээд нэгдэл (2006.02.17)

A- A A+
Хөдөлгөөнүүдийн идэвхжил хийгээд нэгдэл    (2006.02.17)

Хөдөлгөөнүүдийн идэвхжил хийгээд нэгдэл    (2006.02.17)

Монголд сүүлийн үед олон нийтийн үүсгэл санаачилгаар төрөл бүрийн хөдөлгөөн олноороо байгуулагдаж эвсэн нэгдэх нь нийтлэг үзэгдэл болж байна. Хамгийн томоохоноос нь дурдвал авилгал, хээл хахууль, төрийн хүнд суртлын эсрэг улстөрийн үйл ажиллагаа явуулахаар “Эрүүл нийгэм-Иргэний хөдөлгөөн”, “Эрс шинэчлэл” зэрэг хөдөлгөөн өнгөрсөн намраас эхлэн эрчимтэй ажиллаж байнга олон нийтийн анхаарлын төвд байлаа. Ялангуяа тэд Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг 2005 оны нэгдүгээр сард огцруулах үеэс эхлэн  нэгдэж томоохон жагсаал цуглаан зохион байгуулсан. Үүнээсээ болоод эдгээр хөдөлгөөний удирдлагад хууль хяналтын байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн, тэр ч байтугай хүний эрхийг зөрчин яллагдагчаар шууд  татсан учраас парламент энэ асуудалд анхаарлаа хандуулан шалгаж өгөхийг хөдөлгөөнүүдийн лидерүүд гурав хоногийн өмнө УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга, УИХ-ын гишүүн Р.Эрдэнэбүрэнтэй уулзахдаа шаарджээ.  Улстөрийн тэмцэл Монголын ахмадуудыг ч тойрсонгүй. Тэднийг Монголын ахмадын чөлөөт холбоо манлайлж байна. Энэ байгууллага нийслэлд салбараа нээн үйл ажиллагаагаа өргөжүүлж байгаагаа өчигдөр мөн мэдэгджээ.

Цаашилбал, УИХ-аас Ашигт малтмалын тухай хуулийг шинэчлэн найруулах гэж буйтай холбогдуулан байгаль орчныг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг орон нутгийн найман хөдөлгөөн  "гол усаа хамгаалах"  нэгдсэн зорилгын дор бас нэгджээ.  Тэд аанай л Монголын парламентад хандан шаардлага тавиад байгаа бөгөөд дээрх хуульд оруулах санал дүгнэлтээ хүргүүлж, байр суурийг нь үл хайхрах аваас тэмцлээ хурцатгахаа мөн  мэдэгдсэн байна.

Хамгийн сүүлд гэхэд л дөнгөж өчигдөрхөн иргэний нийгмийн байгууллагуудын өөр нэгэн томоохон нэгдэл бий болсноо албан ёсоор зарлалаа. Монголын Иргэний нийгмийн байгууллагуудын эв санаанаа нэгдлийн "Альянс" хэмээн нэрлэгдсэн энэ хөдөлгөөнд одоогоор “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо”, “Хүний эрх- Шударга ёсны төлөөх хөдөлгөөн”, Чөлөөт үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо” зэрэг 40 шахам байгууллага, хөдөлгөөн нэгдсэн гэж тэд өчигдөр хэвлэлийн бага хурал хийлгэхдээ мэдэгдсэн байна. Түүнчлэн Монголын багш нарын холбоо, Тээвэрчдийн холбоо, Нисэхийн ажилтнууд энд нэгдэхээ мэдэгдсэн байгаа аж. Тус “Альянс” –аас "Фронт" нэртэй хөдөлгөөн өрнүүлэхээр болжээ.  Монголын иргэний нийгмийн эв санааны нэгдлийн “Альянс” нь төрийн зарим чиг  үүргүүдийг    иргэний нийгмийн байгууллагуудад шилжүүлэх замаар төр нь иргэний нийгмийн хяналт дор ард түмний хөрөнгийг захиран зарцуулж, хуваарилдаг тогтолцоог бий болгох ёстой хэмээн үзэж байна.  Энэ бол энэ хөдөлгөөний бусдаас ялгарч буй гол онцлог бололтой. Чухам энэ зорилгоо хэрэгжүүлэх үүднээс  өргөн "фронт"-оор тэмцэхээр шийдсэн хэмээн "Алянс"-аас мэдэгдсэн бөгөөд юуны Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газарт  шаардлага хүргүүлж, "Бүх шатны Иргэдийн хурлыг дахин хянаж үзэхийг, ямар ч чадамжгүй болсон УИХ тодорхой шалтгаануудад үндэслэн өөрөө тарах, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Эрүүл мэндийн яам, Байгаль орчны яам зэрэг төрийн байгууллага нь төрийн зохих ёсны функцуудыг иргэний нийгмийн байгууллагууд руу  хүлээлгэн өгөх"-ийг  шаардах ажээ.
Тэмцлийн арга хэлбэр  нь ч  жагсаал цуглаан, өлсгөлөн суултаар хязгаарлагдахгүй бөгөөд төмөр замыг хаах, улсад төлдөг татвараа иргэд, аж ахуйн нэгжүүд төлөхөө зогсоохыг уриална гэж тус Альянс мэдэгдлээ. "Фронт" хөдөлгөөнд Монголын бүх иргэн нэгдэхийг уриалжээ.