Оюу толгойн эргэн тойронд: Эсрэг тэсрэг байр суурь (2006.02.20)
Монголын Өмнийн говьд байгаа ашигт малтмалын асар том орд болох Оюу толгойг тойрсон асуудал сүүлийн нэг жил хагасын хугацаанд олон нийтийн анхаарлын төвд байсаар байна. Оюу толгойг “Айвенхоу Майнз”-д өгнө, өгөхгүй, ашгийг 50:50 хувиар хуваая, монголчууд өөрсдөө алт зэсээ олборлъё, өөр компанид илүү үнэтэй заръя, ерөөсөө Ашигт малтмалын хуулиндаа өөрчлөлт оруулъя гээд маш олон санал санаачилга гарч, орон нутгийн иргэдийн болон улстөрийн олон хөдөлгөөн өрнөлөө. Одоогийн судалж тогтоосноор эхний 35 жилд ойролцоогоор 35 тэрбум фунт зэс, 11 сая унц алт олборлох тооцоотой энэ ордыг Айвенхоу Майнз компани 60 жилийн хугацаатай эзэмшихээр аль хэдийнэ ашиглалтын лизенцээ авчээ. Энэ баримтуудыг “Өдрийн сонин” өнөөдрийн дугаартаа тавьсан байна. Эдүгээ Өмнөговь аймгийн Ханбогд сумын дөрвөн газарт “Айвенхоу майнз” компани ашигт малтмал ашиглах дөрвөн лиценз эзэмшдэг аж. 6708 А дугаартай гэрчилгээгээр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Манахт нэртэй газар орших 4537 гектар талбай бүхий уурхайн эдэлбэрт Ашигт малтмалын тухай хуулинд заасан нөхцөл, журмын дагуу ашигт малтмал ашиглахыг зөвшөөрсөн байна. Харин 6709А дугаартай гэрчилгээ нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Оюу толгой нэртэй газарт орших 8496 гектар талбай бүхий уурхайн эдэлбэрт ашигт малтмал ашиглахыг зөвшөөрчээ. Гуравдахь гэрчилгээ нь 6710А дугаартай бөгөөд Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хөх хад нэртэй газар орших 1764 гектар талбай бүхий уурхайн эдэлбэрт, 6711А дугаартай дөрөвдэх гэрчилгээ нь Өмнөговь аймгийн Баян-Овоо, Ханбогд сумын Улаан уул нэртэй газар орших 9070 гектар талбай бүхий уурхайн эдэлбэрт Ашигт малтмалын тухай хуулинд заасан нөхцөл, журмын дагуу ашигт малтмал ашиглахыг зөвшөөрсөн байна. Хамгийн сонирхолтой нь энэ бүх дөрвөн гэрчилгээ нь 60 жилийн хугацаатайгаар олгогджээ. Гэрчилгээ тус бүрийн дор Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын албаны дарга Х.Хэрлэн гарын үсэг зурж, 2003 оны арванхоёрдугаар сарын 23-нд олгосон аж.
Энэ баримтууд олон нийтэд ил болсон өдөр буюу 2006 оны хоёрдугаар сарын 20-нд Оюутолгойн асуудлаар хоёр томоохон ярилцлага “ӨС” болон “АЭ” сонинд нийтлэгджээ. Нэг нь Монголын олон нийтийн эрх ашгийг хамгаалах олон хөдөлгөөний нэг болох “Оюу толгой 50:50” хөдөлгөөний тэргүүн Н.Дашзэвэгийн яриа бол бол нөгөөх нь “Айвенхоу Майнз” компанийн дэд ерөнхийлөгч А.Мөнхбатын яриа юм. Одоо эдгээр эрхэм юу ярьсныг тоймлон хүргэе.
“Айвенхоу Майнз” компанийн дэд ерөнхийлөгч А.Мөнхбатын үзэж байгаагаар эдийн засагч Н. Дашзэвэг 130 тэрбум ам.долларын үнэтэй метал зэс, алт тэнд хэвтэж байгааг тус компани зарах нь, ганцаараа ашиглах нь гэсэн ойлголтыг өгч байгаа аж. Бас бүтээгдэхүүн хуваах гэрээг Оюу толгой төсөлд хэрэглэх ёстой гэсэн шаардлага тавьж байна. Энэ бол манай салбарын талаар ойлголт мөхөс хүмүүсийн яриа гэж тэрбээр хэлжээ. Түүний хэлснээр бол тооцоо хийсэн үнээр нь бодоход төслийн ашигт ажиллагаа нь жилд 19 хувийн цэвэр ашиг олохоор байгаа аж. Энэ бол тийм ч өндөр үзүүлэлт биш гэж ноён А.Мөнхбат мэдэгджээ. Тогтвортой байдлын гэрээг байгуулчихвал Айвенхоу Майнз ерөөсөө татвар төлөхөө болино гэсэн буруу ойлголт ард түмэнд өгч болохгүй. Татварын хөнгөлөлт эхний 10 жилд л үйлчилнэ. Энд үйлдвэрлэл 40 жил, цаашилбал 60-100 жил үргэлжилнэ. Тэр хугацаанд бүх татвараа төлнө. Тийм учраас энэ бол орлого ашгаа шударга хуваарилж байгаа төсөл гэж гэж тэрбээр хэлсэн байна.
А.Мөнхбатын ярьснаас үзвэл, өнөөгийн хайгуулын ажлын төвшинд Оюу толгойд 26 сая тонн зэс, 800 тонн алт байгаа гэдгийг тогтоосон аж. Эхний 35 жилд15 сая тонн зэс, 320 тонн алт олборлоно. Нийтдээ 30 тэрбум долларын бүтээгдэхүүнийг 35 жилд үйлдвэрлэхээс 15 тэрбум долларын зардлыг хасаад үлдсэн 15 тэрбумын ашгийг Айвенхоу Майнз, Засгийн газар хоёр хуваана. Үүнээс долоон тэрбум нь Монгол Улсын Засгийн газарт, Айвенхоу-д найман тэрбум нь ногдох гэнэ. Оюу толгой төслийн ирээдүйн бүх орлого ашгийг уг төсөлд шаардагдах хөрөнгө оруулалтын өртгийн хувь хэмжээгээр бууруулж тооцоод гаргасан үнэ нь 2-4 тэрбум доллар болно. Оюу толгойг барьцаалаад 10-13 тэрбум ам. доллар олно гэж зарим улстөрч болон эдийн засагч үзэж буй нь бодитой бус гэж тэрбээр мэдэгджээ.
А.Мөнхбат цааш нь ярихдаа, Оюу толгой төслийн Орд ашиглалтын цогцолбор төлөвлөгөөг эрдэмтэн мэргэд болон Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар ажиллаж буй төр, засгийнхан сайн судалж, ул суурьтай дүгнэлт гаргах хэрэгтэй. Саяхан Соросын сангийн Нээлттэй Нийгэм Форумын шугамаар гадаадын мэргэжилтнүүд ирээд Оюу толгой төслийн талаар тодорхой судалгаа хийсэн. Тэд Монголын Засгийн газар энэ талаарх чадавхиа сайжруулах шаардлагатай гэж дүгнэсэн байсан. Өнгөрсөн жилийн гуравдугаар сард Фрийдландын гадаадын хөрөнгө оруулагчдад зориулж, тэднийг Монгол Улсын эдийн засагт хөрөнгө оруулаач хэмээн уриалж зар сурталчилгааны маягаар хэлсэн үгийг өөрсдийн дүн шинжилгээндээ түлхүү ашиглаж, түүнээс хэтрэхгүй байгаа нь харамсалтай хэмээн А.Мөнхбат мэдэгджээ.
Харин “Оюу толгой 50:50” хөдөлгөөний тэргүүн Н.Дашзэвэг 50:50 гэдэг бол их бага шаардлага гэж үзэж байгаа ажээ. Тэрбээр ярихдаа, одоо тэнд 995 тонн алт, 30 сая тонн зэс байгаа гэдэг нь ямар ч маргаангүй болсон. Гэхдээ энэ нь зөвхөн “Оюутолгой”-н нэг хэсэгт байгаа баялаг. Ер нь үүнийг тойроод найман том уурхай бий. Уг баялгийг өнөөдрийн үнээр үржүүлэх юм бол 170 тэрбум ам.доллар. Энэ нь манай үндэсний нийт бүтээгдэхүүнээс 90 дахин их (Монголын үндэсний нийт бүтээгдэхүүн 2005 онд 1.9 тэрбум ам.доллар байсан). Энэ нөөцийг “Айвенхоу майнз” өөрөө бус гадаадын компани тогтоосон гэжээ.
Энэ баялгаа яаж хуваах вэ гэдэг дээр Н.Дашзэвэг хоёр хувилбар дэвшүүлж байгаа ажээ. Нэгд, бүтээгдэхүүнээ 50:50 хувиар хуваах, эсвэл 51 хувь нь Монголын Засгийн газарт, үлдсэн нь Айвенхоуд байхаар тийм хувьцаат компани байгуулах санал дэвшүүлжээ. Стратегийн асар том орд олдох юм бол 51 хувь нь тухайн орны Засгийн газарт үлддэг жишиг байдаг гээд ОХУ, Казахстан, Канад, Венесуэлийг хэлжээ. Айвенхоу 49 хувийг авлаа гэхэд хангалттай ашигтай үлдэнэ гэж ноён Н.Дашзэвэг үзэж байна. Тэр ярихдаа, одоогийн байдлаар Айвенхоу 300 сая орчим ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн. Гэтэл өнөөдөр баяжуулах үйлдвэр байгуулах гэтэл мөнгөгүй суучихаад байна. Ийм үйлдвэр 1.2 тэрбум ам.долларын хөрөнгөөр босох юм. Гэхдээ энэ компани 2003 оны арванхоёрдугаар сард ашиглалтын лиценз авсан юм билээ. Түүгээрээ реклам хийгээд 200-гаад сая ам.доллар олсон. Одоо үүнээс цааш хөрөнгө босгох гэхлээр бусад хөрөнгө оруулагчид Монгол Улсын Засгийн газартай хийх тогтвортой байдлын гэрээг нь хүлээж байна.
Одоо Айвенхоу, Монгол хоёр яг ижилхэн боллоо. Хоёулаа мөнгөгүй. Тэгвэл 51:49 хувааж авчаад зэрэг мөнгөнд мордъё. Манай улс 51 хувиа өөрийн Засгийн газрын нөөцөд бүртгэж аваад Монгол Улсын эзэмшилд байна гээд зарлавал дурын банк зээл олгоно гэж Н.Дашзэвэг ярьсан байна. Жишээлбэл, БНХАУ-ын Засгийн газар 300 сая ам.долларын зээл өгөхөө амласан байгаа. Түүнийг авъя. Монголбанкинд 300-гаад сая ам.доллар байж л байгаа шүү дээ. Арилжааны банкууд болон хувийн компаниуд бас ийм хэмжээний хөрөнгө мөнгө оруулна гэхэд бид 1.2 тэрбумын 700 саяыг олох боломж бий гэж тэрбээр үзэж байна.
Н.Дашзэвэг Айвенхоу майнз онолын хувьд 10-20 сая ам.долларыг авлигад зарцуулах боломжтой хэмээн мэдэгджээ. Тэрбээр Засгийн газрын 18 гишүүний 15 нь УИХ-ын гишүүн. Бас УИХ-ын ирц 39 гишүүнээр бүрдэж 19 гишүүний саналаар хууль батлагддаг. Тиймээс авлигад өртөх аюул их байна гэж тэрбээр үзэж байна. Н.Дашзэвэг хэрвээ Айвенхоугийн талд ч юм уу, энэ Засгийн газрын хуулийн төсөлд УИХ-ын гишүүд санал өгвөл дахин хэзээ ч УИХ-ын гишүүнээр сонгохгүй, долоон үеэр нь Монголд амьдрах эрхийг нь хасах саналтай байна гэжээ. УИХ-ын гишүүдийн хэн нь ямар санал өгснийг бид ард түмэнд мэдээлнэ. Мөн хаврын чуулган эхэлсэн өдрөөс эхлээд л УИХ-ын гишүүний эхнэр, нөхөр, хүүхдийн ажил, сургуулиас нь ил захидал бичүүлнэ гэж тэрбээр мэдэгдсэн байна.