Монголд хүний эрх зөрчөөгүй байгууллага, аж ахуйн нэгж алга (2006.02.24)

A- A A+
Монголд хүний эрх зөрчөөгүй байгууллага, аж ахуйн нэгж алга (2006.02.24)

Монголд хүний эрх зөрчөөгүй байгууллага, аж ахуйн нэгж алга (2006.02.24)

Хүний эрхийн Үндэсний комиссын гишүүн Ш.Дашдорж “Өдрийн сонин”-д ярилцлага өгөхдөө ийнхүү мэдэгджээ. Хүний эрхийн асуудал нь бүхий л байгууллага, анги давхаргад байдаг болохоор ийм дүгнэлтийг гаргасан аж. Бусад оронд арьс өнгө, эр эмийн тэгш эрх, шашин хоорондын зөрчил гэсэн ноцтой асуудлууд байдаг. Харин Монголд эдгээр зөрчил тэмцэл байхгүй нь хүний эрх хангагдах том боломж хэмээн тэрбээр үзэж байна.

Хүний эрхийн үндэсний комиссын үзэж байгаагаар хуулийн байгууллагын үйл ажиллагаанд хүний эрх хамгийн ихээр зөрчигддөг байна. Тиймээс тус комисс сүүлийн таван жил үүнд анхаарал хандуулж, шалгалт хийн хамтарч ажиллаж иржээ. Энэ салбарт хүний эрх зөрчигдөж байгааг судалж үзэхэд цагдаа, прокурор, шүүх зэрэг байгууллагууд хуучирсан арга барилаасаа салж чадаагүй. Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагааны явцад гэм зэмгүй хүний эрхэнд халдаж, мөрдөн мөшгиж, нэр төрд нь халддаг нь нотлогдсон байна.

Монгол Улсын эрүүгийн байцаан шийтгэх хуульд иргэн хүн өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, төрөл төрөгсөд нь ч эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй гэсэн заалт байдаг. Гэтэл хэрэг хүлээлгэхийн төлөө эрүүдэн шүүж байгаагаас энэ заалт амьдрал дээр хэрэгждэггүй байна. Мөн баривчлах, саатуулах, эрүүлжүүлэх үедээ хүний эрхийг хамгийн бүдүүлгээр зөрчиж амь насыг нь хохироосон тохиолдлууд ч гарсаар байна гэж ноён Ш.Дашдож мэдэгджээ.

Өнөөдрийн байдлаар эдгээр тохиолдлуудад нэгдсэн мэдээ, статистик гаргадаг байгууллага бас л байхгүй байгаа юм. 2005 онд шүүхийн мэдээгээр долоон мянга орчим хүнийг баривчилж цагдан хорьсон гэсэн тоо байдаг байна. Эдгээр иргэдийн хэд нь үнэслэлгүй хоригдсон, хэд нь гэмт хэргийн золиос болсон гэдгийг нарийвчлан гаргаж байх шаардлагатай байна гэж Ш.Дашдорж ярьжээ.

Цагдан хорих, ял эдлүүлэх зэрэг албадлагын арга хэмжээ авч байх үедээ төр тухайн хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлж чадахгүй байгаа төр өөрөө хариуцлага хүлээх ёстой. Гэтэл нэг хоригдол амиа хорлолоо гэхэд шалгаж байгаад хоёр хүний хоорондын маргаан болоод л өнгөрдөг. Энэ нь цаагуураа ямар нэг учир шалтгаантай байхыг үгүйсгэхгүй хэмээн тэрбээр хэлжээ . Өнөөдрийн байдлаар цагдан хорих байрны нөхцлийг тодорхой тусгасан хууль хэрэгжихгүй байна. 2005 онд урьдчилан хорих, ял эдлүүлэх байруудад шалгалт хийхэд тэнд байгаа иргэдийн амь нас ямар ч баталгаагүй байсан. Шалгалтын дараа асуудал хариуцсан хүмүүст нь шаардлага, хүргүүлсэн байгаа. Мөн удахгүй УИХ-д өргөн барихаар бэлтгэж байна гэж Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Ш.Дашдорж ярьсан байна.

Тэрчлэн төрийн албанд намын харъяалал харгалзах зэрэг янз бүрийн байдлаар нь гадуурхаж халж сольдог жишиг тогтжээ. Тэр хүний эрхийг зөрчсөн албан тушаалтанд хариуцлага тооцно гэсэн ойлголт алга хэмээн тэрбээр мэдэгдсэн байна.