Ардчилсан нам онц их хурал хийнэ (2006.02.28)

A- A A+
Ардчилсан нам онц их хурал хийнэ (2006.02.28)

Ардчилсан нам онц их хурал хийнэ (2006.02.28)

Улстөрийн гол хүчнүүдийн хувьд хоёр чухал үйл явдал өчигдөр тохиосон байна. Юуны өмнө Ардчилсан нам онц их хурлаа хуралдуулахаар  тогтжээ. Тус намын Yндэсний зөвлөлдөх хорооны хурлаас ийм шийдвэр гарсан аж. Энэ хурал дээр тус намын дарга Р.Гончигдорж намын даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан боловч энэ асуудлыг намын онц их хурлыг хуралдуулж байж шийдэх зүйтэй гэж үзжээ. Хурлын үеэр намын даргад нэр дэвших магадлалтай гурван хүний нэр гарч байсан нь Ц.Элбэгдорж, С.Эрдэнэ, Э.Бат-Yүл нар байв.

Ажиглагчдын үзэж байгаагаар энэ удаа нээлттэй, нам доторхи хөдөлгөөнүүдийн байр суурийг харгалзсан, нэг үгээр хэлбэл мэдрэмжтэй хурал  болсон аж. Тухайлбал, Ардчилсан намыг шинэчлэх хөдөлгөөний санаачлагчдын нэг Б.Ганбатын “АЭ” сонинд ярьснаар бол Yндэсний зөвлөлдөх хороо тус хөдөлгөөнийхний шаардлагыг ойлгож эхэлсэн байна. “Бидний шаардлага биелэх нөхцөл бүрдэж байна” гэж тэрбээр хэлжээ.
Гэхдээ Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаас онц их хурлыг зохион байгуулах болон  намын дүрмийг шинэчлэн өөрчлөх ажлын хэсгүүдийг байгуулсан байна.  Намын дүрмийг Улстөрийн намуудын тухай хуульд дүйцүүлэн өөрчлөх бөгөөд УИХ-ын сонгуулийн нэг тойргоос гурван гишүүнийг ротациар сонгох замаар Yндэсний зөвлөлдөх хороог 228 гишүүнтэй болгох, нийт нэр дэвшигчийн 30-аас доошгүй хувь нь эмэгтэйчүүд байхаар тусгах бололтой.

Өөр нэг гол үйл явдал нь МАХН-ын Нийслэлийн хорооны дарга тодорсон явдал юм. Монголын хүн амын тал хувь нь нийслэлдээ төвлөрдөг учраас энэ бол намуудын хувьд онц ач холбогдолтой албан тушаал юм. Өмнө нь энэ албыг хашиж байсан М.Энхболд өнгөрсөн оны зургадугаар сард МАХН-ын дарга болсноос хойш найм сар энэ суудал эзэнгүй байв.

МАХН-ын  Удирдах зөвлөлөөс  МАХН-ын нарийн бичгийн дарга Ё.Отгонбаяр, "Уламжлал, шинэчлэл, шударга ёс" жигүүрээс санал болгосон  Х.Балсандорж хоёрыг нэр дэвшүүлсэн байна.  “Өдрийн сонин”-д мэдээлснээр бол Нийслэлийн МАХН-ын хорооны хурал ням гаригийн 21 цагт хийхээр зарлагдаж  шөнийн 01 цаг болтол үргэлжилж,  80.2 хувийн ирцтэй /101 гишүүн ирсэн/ болжээ. Удирдах зөвлөлийн шийдвэрийг М.Энхболд танилцуулж, танхимаас Ц.Батбаяр, Баянзүрх дүүргийн Засаг дарга Э.Мөнх-Очир нарыг нэр дэвшүүлсэн боловч Ц.Батбаяр нэрээ татсан аж. Ё.Отгонбаяр, Х.Балсандорж нарын нэрийг намын бодлогоор дэвшүүлж байгааг намын дарга М.Энхболд тайлбарлаад  “Би Ё.Отгонбаярыг дэмжиж байгаа” гэж хэлсэн гэж тус сонин мэдээлжээ. Санал хураалтад 91 гишүүн оролцсоноос, Ё.Отгонбаярын төлөө 61 нь санал өгч, Э.Мөнх-Очирыг 21 нь дэмжсэн юм байна.  Х.Балсандорж есөн хүний санал авчээ.