Ц.Элбэгдорж “хагас” Ерөнхий сайд байснаа хүлээн зөвшөөрлөө (2006.03.01)
Монголд эрх мэдэл хамгийн муутай албан тушаал бол Ерөнхий сайдынх. Энэ хэвээр байвал ямар ч хүн энэ суудалд суугаад хөтөлбөр, зорилгоо хэрэгжүүлэх бололцоогүй юм байна. Иймхэн эрх мэдэлтэй Ерөнхий сайд ашиг сонирхлын бүлгийн эрхшээлд байнга байх юм байна гэж ойлгосон хэмээн сарын өмнөхөн огцорсон экс Ерөнхий сайд Ц.Элбэгдорж “Өнөөдөр” сонинд /¹049/ ярилцлага өгөхдөө хэлсэн байна. Яагаад гэдгийг тайлбарлахдаа тэрээр Японы жишээ татжээ. Японд Ерөнхий сайд нь парламентаа тараах , кабинетынхаа сайдуудыг шууд солих эрхтэй байдаг. Тэгж байж л Ерөнхий сайд ажиллаж чаддаг. Гэтэл манайд хэдэн сайд нь өргөдлөө барьж гүйхэд л Ерөнхий сайд нь дагаад огцордог. Уг нь “Та нар ажиллаж чадахгүй бол яв” гэчихээд өөрөө кабинетаа бүрдүүлдэг тийм чадвартай байх хэрэгтэй юм. Тийм биш болохоор л “хагас” Ерөнхий сайд юм. Yүнд хуулийн зохицуулалт хийхгүй бол явахгүй нь хэмээн тэрбээр мэдэгджээ.
Түүний үзэж байгаагаар нам нь үнэмлэхүй олонх болсон үед л зохицсон Ерөнхий сайдын эрх мэдлийг хуулиараа бий болгосон аж. Улстөрийн хүчнүүд ойролцоо суудал авсан буюу Ерөнхий сайд нь УИХ-тай “тэрсэлддэг” нөхцөлд ажиллах Ерөнхий сайдын инсититут Монголд алга. Бид гүйцэтгэх засаглалынхаа эрх мэдлийг маш сул дорой, арчаагүй байдлаар хуульчилж өгсөн юм байна хэмээн тэрээр хэлжээ. Харин одоогийн парламентаас үүнийг шийдэх хэмжээний улстөрийн шинжтэй том реформ гарахгүй гэж тэрбээр бодож байгаа аж. Иймээс олуулаа болж ирж байж л хийхээс аргагүй хэмээн тэр ярьсан байна.
Засгийн газарт үлдээсэн 160 тэрбум төгрөгөө юунд зарцуулъя гэж бодож байсан бэ гэсэн асуултад тэрбээр хариулахдаа нэлээд зүйлийг онцолсон байх юм. Уул уурхайгаас орж ирэх мөнгийг “Тогтвортой хөгжлийн сан”-д байршуулж, тэр орлогоос эрүүл мэнд, боловсролын салбарт хөрөнгө оруулалт хийе гэж төлөвлөж байсан. Мөн үйлдвэрлэл, бизнес эрхлэгчдэд хөрөнгө оруулъё гэж бодож байсан. Мэдээж цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх л байсан. Хүүхдийн мөнгө, орон сууцны асуудал ч байсан. Орон сууцны сан байгуулахаар манайтай ижил төстэй орнуудын туршлагыг хэрэгжүүлэхэд бэлэн болоод байв. Эхлээд та орон сууцтай болчихоод дараа нь төлбөрөө төл гэдэг зарчмыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Ийм л зүйлд тэр мөнгийг зориулж эхлэх байлаа гэжээ.