Авилгатай тэмцэх арга хэмжээгээ тодорхойлно уу! (2006.03.02)

A- A A+
Авилгатай тэмцэх арга хэмжээгээ тодорхойлно уу! (2006.03.02)

Авилгатай тэмцэх арга хэмжээгээ тодорхойлно уу! (2006.03.02)

Сангийн яамнаас Дэлхийн банктай хамтран Засгийн газар, гадаад түншүүд, хувийн хэвшил болон төрийн бус байгууллагын төлөөлөгчдийг оролцуулсан уулзалтыг  хоёр  өдөр зохион байгуулсан нь өчигдөр өндөрлөжээ. Албан ёсоор уг уулзалтыг "техник уулзалт" хэмээн нэрийдэж байсан ч энэ нь бидний нэрлэж заншснаар хандивлагчдын уулзалт байсан хэмээн “Өнөөдрийн Монгол” сонинд бичжээ. Сангийн сайд Н.Баяртсайхан хэлэхдээ, Монгол Улсад хандивлагчдын уулзалт 2003 онд Токиод болсноос хойш гурван жил завсарлаж байгаад одоо зохиогдож байна хэмээн мэдэгдсэн байна. Энд яригдсан  гол сэдэв нь Монголын хөгжлийн чиг хандлага, гадаадын зээл тусламжийн харилцан уялдаа, өрийн удирдлага, хувийн хэвшлийн хөгжил, боловсролын салбарын асуудал байжээ.

Сангийн сайд Н.Баяртсайхан уг уулзалт дээр мэдэгдэхдээ, Монголын эдийн засгийн өсөлт 2001 оноос хойш жилд дунджаар 5,5 хувийн өсөлттэй байгаа учраас гадаадын зээл тусламжийн үр ашгийг илүү сайжруулах шаардлагатай байна гэжээ. Тэрбээр хэлэхдээ, Засгийн газрын зүгээс зээл тусламжийн бодлогодоо шинэ механизмыг нэвтрүүлж байна. Хэдэн хувьд нь төсвөөс санхүүжилт авч,  хэдэн хувьд нь гаднаас тусламж авах шаардлагатай юм вэ гэдэг дээр бодлогоо зөв тодорхойлохгүй бол тусламж үзүүлээд байгаа орнууд маань яваандаа манай улсын эдийн засагт дарамт үзүүлэгч болж хувирах талтай хэмээн мэдэгджээ.

Дэлхийн банкны Монгол Улсыг хариуцсан захирал Дэвид Р.Доллар уг уулзалтын ач холбогдлыг дүгнэж хэлэхдээ, танай улс гадаадаас нэлээд их тусламж зээл авдаг. Ийм учраас Засгийн газар нь явуулж буй бодлоготойгоо уялдуулж зарцуулах хэрэгтэй. Юуны өмнө Монгол Улсын гадаад түншүүд макро эдийн засаг тогтвортой байхад санаа тавьж байдаг. Сүүлийн үед танай эдийн засгийн үзүүлэлт гайгүй сайн гарч байна. Бүх гадаад түншүүд юу гэж зөвлөж байна вэ гэвэл энэ байдлаа дэлхийн зах зээл дээр ашигт малтмал, түүхий эдийн үнэ буутал хадгалж үлдэх хэрэгтэй гээд эдгээрийн үнэ нэг хэвэндээ байгаад байхгүй учраас боломжийг ашиглах хэрэгтэй хэмээсэн байна.

Ийм төрлийн техник уулзалтыг цаашид жилд хоёр удаа явуулж, гадаад түншүүдтэйгээ уулзаж байхыг уламжлал болгох аж. Энэ оны ес, аравдугаар сард болох дараагийн уулзалтаар сая ярилцаж хэлэлцсэн зүйлийг хэрхэн ажил хэрэг болгож буй талаар ярилцах юм байна.

“Өдрийн сонин”-д /¹053/ мэдээлснээр уулзалтын төгсгөлд АНУ-ын Засгийн газраас манай Засгийн газарт ирүүлсэн зөвлөмжийг  АНУ-ын Элчин сайдын яамнаас ирүүлснийг танилцуулсан ажээ.  Зөвлөмжид одоогийн түр зуурын төсвийн ашгаа ухаалгаар ашиглахыг уриалжээ.  Тэрчлэн сайн засаглал, ил тод байдал, хариуцлагатай төр, засаг  нь эдийн засгийн тогтвортой хөгжил болон ардчиллын үйл явцад нэн чухал үүрэгтэй  гэдгийг  онцлоод, санхүүгийн салбарын өнөөгийн байдалд сэтгэл эмзэглэж буйгаа илэрхийлсэн байна. Ялангуяа Монгол банкинд ил тод байдал, хяналт шалгалт, хариуцлага дутагдаж байгаад Олон улсын валютын сангийн нэгэн адил АНУ-ын Засгийн газар сэтгэл зовниж буйгаа илэрхийлсэн хэмээн тус сонинд бичжээ. Олон улсын валютын сангийн зөвлөмжийг хэрэгжүүлэх нь Монголын болон гадаадын бизнес эрхлэгчдэд таатай нөхцөл үүсгэхийн зэрэгцээ эдийн засгийн өсөлтөд хүргэнэ гэдгийг дурджээ.

Цаашид авлигатай хэрхэн тэмцэж ямар арга хэмжээ авахаа тодорхойлохыг манай Засгийн газарт мөн уриалсан аж.
Уг уриалгад "дараачийн техникийн уулзалтаас өмнө Монгол Улс авлигатай тэмцэх асуудлаар улстөрийн зориг эрмэлзэлтэй байна гэдгээ харуулан, авч хэрэгжүүлэхээр төлөвлөж буй тодорхой арга хэмжээгээ жагсаалтаар гаргахыг АНУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт уриалж байна" гэжээ.  Авлигатай тэмцэх, санхүүгийн салбар дахь засаглал, ил тод байдлын хомсдлыг засч залруулах талаар тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэх нь Монгол Улсын Засгийн газар ард түмнийхээ эдийн засаг, нийгмийн байдлыг сайжруулахын төлөө шинэчлэлийг явуулах зориг эрмэлзэлтэй байна гэдгийг харуулах юм гээд  энэ үйл явцыг АНУ-ын Засгийн газрын зүгээс дэмжих болно гэдгээ мэдэгдсэн байна.