Монголд арилжааны таван банк хангалттай (2006.03.06)
Монголбанкнаас арилжааны банкуудад дүрмийн сангийнхаа хэмжээг найман тэрбум төгрөгт хүргэх шаардлага тавьсны дагуу манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа 17 банкнаас найм нь дүрмийн сангаа найман тэрбум төгрөгт хүргэсэн байна. Энэ хүрээнд өнгөрсөн долоо хоногийн сүүлээр "Интер" болон "Капитрон" банкууд нэгдэж найман тэрбум төгрөгийн дүрмийн сантайгаар үйл ажиллагаагаа явуулахаар болсон нь Монголын банк, санхүүгийн зах зээлийн том үйл явдлын нэг боллоо.
Энэ хоёр банк нэгдсэнтэй холбоотойгоор Монголын банкуудын холбооны гүйцэтгэх захирал Г.Цэрэнпүрэв “АЭ” сонинд /¹043/ хэлэхдээ, Монгол шиг зах зээл бага, хүн ам цөөтэй улс орны хувьд олон банк байх шаардлагагүй. Арилжааны 17 банк гэдэг бол томдсон тоо. Ердөө 3-5 банк байх нь зөв гэжээ. Тиймээс банкны дүрмийн санг найман тэрбум төгрөгеөр тогтоосон нь үйлчлүүлэгч, зээлдэгчид эерэг үр дүн өгч, илүү их боломж олгоно гэж тэрбээр үзэж байна. Түүний үзэж байгаагаар бол ингэж нэгдснээр банкны зах зээлийн эзлэхүүн нь томорч, нэг зээлдэгчид олгох зээлийн хэмжээ ихсэнэ. Мөн банкнаас зах зээлд нийлүүлэх бүтээгдэхүүний хэмжээ өснө. Тэгээд ч хоёр хувийн банк нэгдэх нь хүнд шийдвэр биш. Хоёр банкны удирдлага ярилцаад л нэгдэж байгаа энгийн үйл явц аж.
Тэрчлэн энэ үйл явцын талаар Санхүү, эдийн засгийн дээд сургуулийн захирал, Удирдлага, эдийн засгийн сургалт, эрдэм шинжилгээний байгууллагуудын нэгдсэн консорциумын гүйцэтгэх захирал Д.Батжаргал ярихдаа, хоёр талаасаа харилцан тохироод өмч хөрөнгөө нийлүүлж нэгдэж болно. Нөгөө талаас хэн нэг нь нөгөөгийнхөө өмчийг худалдаж авах замаар өөртөө нэгтгэж бас болдог. Эсвэл тодорхой зах зээлд нөхцөл байдлын улмаас зайлшгүй хамтрах шаардлагаар нэгдэж болно. Өөрөөр хэлбэл, нэгдэл бол зүй ёсны үзэгдэл. Тиймээс энэ хоёр банк нэгдсэнийг алга ташин хүлээж авах ёстой гэжээ. Түүнийхээр бол цаашдаа банкны дүрмийн санг 16 тэрбум болгож нэмэх ёстой ажээ. Монголд банк байх зохистой хэмжээ нь тав гэж тэрбээр үзэж байна. Олон жижигхэн банк зардал ихтэй. Зардал ихээс зээлийн хүү өндөр, хугацаа богино тусч байна хэмээн Д.Батжаргал мэдэгджээ.