МАХН-ын Онц их хурлыг хуралдуулах хөдөлгөөн байгуулагдав (2006.03.07)
Монголын улстөрийн гол хоёр хүчин хөдөлгөөнд орох төлөвтэй. Ердөө л долоо хоногийн өмнө нөлөө бүхий улстөрийн хүчин болох Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороо тус намын Онц их хурлыг энэ сарын 31 –нд хийхээр зарласан бол өчигдөр МАХН-ын "Онц их хурлын төлөө" хөдөлгөөн үйл ажиллагаагаа эхэлж буйгаа мөн л албан ёсоор мэдэгдэв. Монголын ууган улстөрийн хүчин МАХН-ын гишүүд, дэмжигчдийн байгуулсан энэ хөдөлгөөн намаа шинэчлэх, дотоод ардчиллыг хөгжүүлэх, олигархуудаас намаа цэвэрлэх гэсэн зорилготой юм байна. Хөдөлгөөн "Ардчиллыг МАХН-аас" гэсэн уриатай. МАХН-ын дүрэмд "...нийт гишүүдийн гуравны нэг нь шаардсан бол ээлжит бус их хурлыг зарлан хуралдуулна" гэж заасан. Тэд нийт гишүүдийнхээ гуравны нэгийн саналыг авахын төлөө гарын үсэг цуглуулах ажлаа өчигдрөөс эхэлжээ.
МАХН-ын “Онц их хурлын төлөө” хөдөлгөөнийг тус намын дарга Н.Энхбаярын зөвлөхөөр ажиллаж байсан, улстөрийн шинжлэх ухааны доктор Т.Гантулга тэргүүлэх болжээ. Тэрбээр өдөр тутмын сонинуудад өгсөн ярилцлагадаа, 2004 оны УИХ-ын сонгуульд МАХН ялагдал хүлээсэн. Түүнээс хойших улс төрийн алхмууд, ялангуяа албан тушаалын томилгоонуудаас эхлээд МАХН-ын удирдлага алдаатай, олон түмэнд үл таалагдах үйл ажиллагаа явуулах болсноор намын нэр хүнд түүхэнд байгаагүй ихээр унах болсон. Ямар ч социологийн судалгааг үзэхэд МАХН-ын рейтинг 2О орчим хувьтай л байна. МАХН-ын сүүлчийн их хурлын төлөөлөгчдийг сонгох, түүнээс намын даргыг сонгож батлах, М.Энхболдыг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлж, Ерөнхий сайдаар батлах хүртэлх ажиллагааг маш явцуу хүрээллийн санаачилга, дэглэлтээр хийснийг намын олон түмэн шүүмжлэн ярилцах боллоо. Намын дарга нь ийм арга замаар явж ирсэн учраас МАХН-ын нэр хүнд огцом унасан гэж олон түмэн, судлаачдын хэлж байгаатай бид санал нэг байна гэж мэдэгджээ. Намын аливаа шийдвэрийг хэдхэн хүн гаргаж, үүнийгээ гишүүдэд тулган хүлээлгэдэг байдал газар авсан учраас жигүүр, хөдөлгөөнүүд байгуулагдах болсон гэж тэр үзэж байна. Түүний хэлснээс үзвэл тус хөдөлгөөн МАХН-ын “Уламжлал, шинэчлэл, шударга ёс” жигүүрийн хүрч чадахгүй байгаа орон зайг бид нөхөж ажиллана хэмээн мэдэгджээ.
МАХН-д дотоод ардчилал үгүй болсон гэж ноён Т.Гантулга үзэж байна. Түүний хэлснээр бол тус нам мэдлэг, чадвар, эрдэм боловсрол, хүний капиталын ач холбогдлыг өнгө мөнгө, жалга довын үзлээр сольсон нь нууц биш гэнэ. Намын аль ч шатны удирдах байгууллага дээрээс өгсөн үүргийг алга ташин хүлээж авдаг, зүгээр цуглааны газар болж хувирч, дарамт хэрээс хэтэрсэн байна хэмээн тэр мэдэгдэв. Аль ч шатны Засаг дарга, ИТХ-ын тэргүүлэгчдийн дарга намын даргын албан тушаалыг давхар хашдагийг болиулахын төлөө тус хөдөлгөөн тэмцэх гэнэ. Дээрээс дарамт шахалт л үзүүлээд байхгүй бол намын нийт гишүүдийн гуравны нэгээс доошгүй нь хөдөлгөөний уриалгыг дэмжиж гарын үсгээ зурна гэдэгт хөдөлгөөнийг санаачлагчид итгэлтэй байгаа ажээ.
"Онц их хурлын төлөө" МАХН-ын гишүүн дэмжигчдийн хөдөлгөөний удирдах бүрэлдэхүүний өөр нэг төлөөлөл болох Т.Гантөмөр мэдэгдэхдээ, улс эх орны амин чухал шийдвэрүүд зөвхөн намын удирдлагад багтсан улстөр, бизнесийн явцуу бүлгийн хүрээнд гарч шийдвэрээ намын олон нийтэд тулган хүлээлгэх нь хэвийн үзэгдэл мэт байна. Энэ бүхэн манай намын 2004 онд ялагдах гол суурь шалтгаан болсон. Үүнд манай намын удирдлага улстөрийн хариуцлага хүлээсэнгүй. Харин ч нам ялагдуулсан хуучин дарга Н.Энхбаяр Монгол Улсын Ерөнхийлөгч болоод дэвшсэн. Улаанбаатар хотын УИХ-ын сонгуулийн тойргийн ихэнхэд ялагдсан хотын намын дарга М.Энхболд намын дарга болон дэвшсэн. 2004 оноос хойшхи бүх улстөрийн томилгоо намын олонхи гишүүд дэмжигчдийн саналаас зөрж, байж болох хувилбараас хамгийн тааруухныг сонгосон нь намын жирийн гишүүдийн сэтгэлийг зовоож байна гэжээ. Намын гишүүд дэмжигчдийн дуу хоолойг намын удирдлагад хүргэхэд туслах, МАХН-ыг улстөрийн амьдралд манлайлагч хүчин байхад нь илүү бодитой дэмжлэг үзүүлэх зорилготойгоор хөдөлгөөнийг байгуулсан гэж тэрбээр ярьжээ. Ноён Т.Гантөмөр нь МАХН-ын нийслэлийн намын хорооны гишүүн, Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч юм байна.
Түүний хэлснээс үзвэл тус намын дүрмийн 14-ийн нэгд зааснаар нийт намын гишүүдийн гуравны нэг буюу 60 гаруй мянган гишүүдийн саналыг авбал намын ээлжит бус их хурлыг хуралдуулах боломжтой аж. Гуравны нэг нь Их хурал хуралдуулна гэсэн санал гарсан тохиолдолд үүнийг намын дарга хүлээж аваад намын Бага хуралд оруулах ёстой. Бага хурлын гишүүдийн гуравны хоёр нь зөвшөөрөх хэрэгтэй болно. Манай намын бага хурал 240 гаруй гишүүнтэй үүний 160 аад гишүүд зөвшөөрвөл болно гэсэн үг. Энэ бол өндөр босго гэж тэр хэлжээ. Үүн дээр Т.Гантөмөр нэг жишээ дурдсан нь “Засгийн газрыг огцруулах хуралдааны үед хэнийг Ерөнхий сайд болгох вэ гэсэн судалгааг намын үүрүүдэд явуулахад 76.8 хувь нь намын ерөнхий нарийн бичгийн дарга С.Баярыг Ерөнхий сайд болгох нь зүйтэй гэж үзсэн атал хамгийн бага буюу дөнгөж 4.5 хувийн санал авсан намын дарга М.Энхболдыг Бага хурал Ерөнхий сайдаднэр дэвшүүлсэн. Бага хурлын гишүүд судалгааг мэдэж байсан ч дээд дарга нарын нөлөөллөөс гарч чадаагүй. Тэгэхээр бага хурлаас Онц Их Хурал хуралдуулах шийдвэр гаргаж чадахгүй байж мэднэ гэж Т.Гантөмөр үзэж байгаа ажээ. Гэсэн хэдий ч энэ хавартаа багтааж Онц их хурлыг хуралдуулна гэж тэрбээр мэдэгдсэн байна. Хэрэв Онц Их Хурал хуралдуулж чадахгүй бол яах вэ гэсэн асуултад тэр хариулахдаа, энэ олон гишүүдийн санал, тэр байтугай гудманд байгаа элдэв хөдөлгөөнүүдийн шаардлагыг хүлээж авах саруул ухаан манай намын удирдлагад байх байлгүй гэж бодож байна гэжээ.
“Онц их хурлын төлөө” хөдөлгөөн МАХН-ын гишүүд, дэмжигчдэд хандан ил захидал хүргүүлжээ. Уг ил захидалд дурдахдаа, “МАХН-ын хөтөлбөр, арга барил, үйлдэл шударга, дайчин, ухаалаг чанараа аажмаар алдаж зарим намуудаас ялгагдахад бэрх болов. Ийм байдал 85 жилийн түүхтэй том намын 160-аад мянган гишүүдийн сэтгэлийг зовоох боллоо гээд МАХН-ын XXIҮ их хурал улс орны өнөөгийн байдалд олигтой дүн шинжилгээ хийж бодлогынхоо зүг чигийг оновчтой тодорхойлж чадаагүйгээс олон мянган гишүүдийн хүсэн хүлээж байсан итгэл, найдварыг биелүүлсэн ардчилсан, шударга их хурал болж чадсангүй. Тус их хурлаас хойш багагүй хугацаа өнгөрч байгаа боловч манай намын амьдралд нааштай ахиц өөрчлөлт гарсангүй, харин өмнөх гажуудал дархлаажих магадлалтай боллоо хэмээн мэдэгдсэн байна.
Тэрчлэн МАХН-д буй болсон системийн хямралыг даван туулахын тулд Онц их хурлыг хуралдуулах шаардлагатай боллоо. МАХН-ын одоогийн удирдлага, бага хурал нь намын гишүүдийнхээ энэ зүй ёсны шаардлагыг хүлээн авах чадваргүйгээ нэгэнт харуулсан тул намын олон нийт, дэмжигчиддээ хандахаас өөр аргагүй болсон гэжээ. МАХН-ын Онц их хурлыг хуралдуулахын төлөө МАХН-ын гишүүн Та саналаа өгч, гишүүний журамт үүргээ биелүүлэн иргэний эрх чөлөөгөө эдлэн ардчиллын дархлааг баталгаажуулан намаа бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулагтун гэж энэ захидалд уриалжээ.