Дэлхийн банк 26 сая ам.долларын буцалтгүй тусламжийн төслүүд хэрэгжүүлнэ (2006.03.09)
Засгийн газрын сүүлийн хуралдаанаар зарим асуудлыг хэлэлцэж, холбогдох шийдвэр гаргасан байна. Засгийн газрын хэвлэл, мэдээллийн албаны мэдээлснээр уг хуралдаанаар Дэлхийн Банкны буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийн талаар хэлэлцээ хийх, тусламжийн гэрээнд гарын үсэг зурах бүрэн эрх олгох тухай хэлэлцэж, зарчмын хувьд дэмжжээ. Дэлхийн банк нь Монгол Улсад үзүүлэх хөгжлийн албан ёсны тусламжийн 2004-2007 оны стратегийн баримт бичгийг Монгол Улсын "Эдийн засгийн өсөлтийг дэмжих ядуурлыг бууруулах стратеги"-тэй уялдуулан боловсруулсан. Энэ баримт бичгийн гол зорилго нь шилжилтийн үйл явцыг дэмжих, төсвийн нөөц бололцоо, хөгжлийг дэмжих, ядуурлыг бууруулах зорилгод нийцүүлэн төрийн салбарын удирдлагын шинэчлэлийг явуулах, хот хөдөөгийн хооронд үүсч буй ялгаатай байдлыг бууруулах, банкны нөөц болоцоог сайжруулахад чиглэгдсэн аж. Уг стратегийн баримт бичгийн үндсэн зорилгыг хангах үүднээс Дэлхийн банк 2006 онд 26 сая ам. долларын буцалтгүй тусламжаар "Хөдөөгийн боловсролыг дэмжих", "Зохистой удирдлагыг дэмжих", "Мэдээллийн технологийн хөгжил", "Хөдөөгийн эрчим хүчний хангамжид сэргээгдэх эрчим хүчийг ашиглах төсөл" гэсэн дөрвөн төслийг Монголд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Мөн хуралдаан дээр Ерөнхий сайд М.Энхболд Монгол Улсын эрдэс баялгийн салбарыг хөгжүүлэх үзэл баримтлал, Засгийн газрын төвшинд уялдуулан зохицуулсан бодлогын баримт бичиг боловсруулах ажлыг зохион байгуулахыг Шадар сайд М.Энхсайханд, ашигт малтмалын хайгуулын ашиглалтын лицензийг шинээр олгох, шилжүүлэх, сунгах, барьцаалахыг түр зогсоох тухай асуудлаар УИХ-ын шийдвэрийн төсөл боловсруулж, Засгийн газраар шийдвэрлүүлэхийг Үйлдвэр худалдааны сайд Б.Жаргалсайханд тус тус даалгасан байна. Тэрчлэн улсын төсвөөр геологи хайгуулын ажил хийсэн стратегийн ач холбогдол бүхий орд газруудад төрийн оролцоог хангах, цаашид зөв зохистой байдлаар ашиглах талаар лиценз эзэмшигч нартай хэлэлцээр хийх удирдамж боловсруулахыг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Су.Батболд, Оюу толгойн орд газрыг ашиглах талаар тогтвортой байдлын гэрээ хэлэлцээрийн ажлыг зохион байгуулж хийлгэхийг Сангийн сайд Н.Баяртсайхан, Үйлдвэр худалдааны сайд Б.Жаргалсайхан, Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар нарт мөн даалгажээ.
Засгийн газрын хуралдаанаар зарим яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр зөвшөөрөх, зохион байгуулалтын бүтэц батлах тухай асуудлыг хэлэлцсэн байна. тухайлбал, Түлш эрчим хүчний яам, Эрүүл мэндийн яам, Байгаль орчны яам, Боловсрол, соёл шинжлэх ухаан, Хууль зүй, Дотоод хэргийн яам, Үйлдвэр худалдааны яамны бүтцэд өөрчлөлт оруулжээ. Яамдын зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн баталснаар урьдчилсан тооцоогоор 180 сая орчим төгрөг төсвөөс хэмнэх аж.
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан "40 мянган орон сууц" хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Барилга хот байгуулалтын сайдын эрхлэх асуудлын хүрээнд Орон сууцны үндэсний төвийг шинээр, "Хот байгуулалт" УҮГ-ыг татан буулгаж, Барилга, нийтийн аж ахуйн хөгжлийг дэмжих төвтэй нэгтгэн Барилга хот байгуулалт, нийтийн аж ахуйн үндэсний төвийг тус тус байгуулахаар болсон байна.
Тэрчлэн Монгол Улсын иргэн сансарт ниссэний болон Монгол-Зөвлөлтийн сансрын хамтарсан нислэгийн 25 жилийн ойг 2006 оны гуравдугаар сард ёслон тэмдэглэх тухай Ерөнхий сайд захирамж гаргажээ.