Оюу толгойг тойрсон шинэ нөхцөл байдлын чимээ (2006.03.10)
Засгийн газар энэ мягмар гаригт болсон ээлжит хуралдаанаараа Монгол Улсын эрдэс баялгийн салбарыг хөгжүүлэх үзэл баримтлал, бодлогын баримт бичиг боловсруулах ажлыг зохион байгуулахыг Шадар сайд М.Энхсайханд, ашигт малтмалын хайгуулын ашиглалтын лицензийг шинээр олгох, шилжүүлэх, сунгах, барьцаалахыг түр зогсоох тухай шийдвэрийн төсөл боловсруулахыг Үйлдвэр худалдааны сайд Б.Жаргалсайханд даалгасан. Тэрчлэн улсын төсвөөр геологи хайгуулын ажил хийсэн стратегийн ач холбогдол бүхий орд газруудад төрийн оролцоог хангах талаар лиценз эзэмшигч нартай хэлэлцээр хийх удирдамж боловсруулахыг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Су.Батболд, Оюу толгойн орд газрыг ашиглах талаар тогтвортой байдлын гэрээ хэлэлцээрийн ажлыг зохион байгуулахыг Сангийн сайд Н.Баяртсайхан, Үйлдвэр худалдааны сайд Б.Жаргалсайхан, Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар нарт даалгасан юм.
Энэ асуудалтай холбогдуулан Шадар сайд М.Энхсайхан “Өдрийн сонин”-д /¹059/ ярихдаа, лиценз олгох асуудлыг түр хугацаагаар зогсооход Засгийн газрын эрх мэдэл хүрэхгүй. Тиймээс УИХ-аар шийдвэрлэнэ. Шийдвэрийн төслийг энэ сарын 25-ны дотор Засгийн газарт оруулж хэлэлцүүлэхийг Үйлдвэр, худалдааны сайдад даалгавар болгосон гээд лиценз эзэмшигчдэд тавьж байгаа нөхцөл, шаардлагаа хянаж чадахгүй байгаа тул ийн шийдвэрлэсэн хэмээн мэдэгджээ. Түүний ярьснаас үзвэл одоогийн байдлаар манай улсын нутаг дэвсгэрийн 45 хувьтай тэнцэх газрыг хайгуул, ашиглалтын 6000 орчим лицензийг компани, хувь хүмүүст өгөөд байгаа аж. Түүнийхээр бол уул уурхайн салбарын нэг гол тулгамдсан асуудал нь төрийн хөрөнгөөр хайгуул хийгдсэн орд газруудад төр, засаг өөрийн оролцоог бий болгох явдал бөгөөд хэд, хичнээн хувийг төр мэдэлдээ авах вэ гэдэг лиценз эзэмшигчидтэй ярилцах замаар явна гэж Шадар сайд М.Энхсайхан мэдэгджээ.
Бас нэг тулгамдаад байгаа асуудал бол Оюу толгойн орд газар. Энэ орд газрыг гадаадын хөрөнгө оруулагч өөрийн зардлаар хайгуулаа хийж илрүүлсэн. Айвенхоу майнзтай хийх тогтвортой байдлын гэрээг манай хуулинд зааснаас дэндүү өргөн утгаар өмнөх Засгийн газарт тавьсан гэж тэрбээр үзэж байна. Уг нь манай хуулинд тогтвортой байдлын гэрээ гэдэг нь зөвхөн татварын орчинг тогтвортой байлгах л тухай юм гэж тэр ярьжээ. Хэрвээ энэ хэмжээнд нь аваад үзвэл Айвенхоу майнзтай болон ер нь цаашид оруулах том хөрөнгө оруулагчтай тогтвортой байдлын гэрээ байгуулах асуудал хялбархан шийдэгдэнэ хэмээн М.Энхсайхан ярьсан байна. Энэ оны дөрөв, тавдугаар сар гэхэд бодлого чиглэл гарч, тодорхой алхмууд хийгдсэн байна гэж тэр мөн мэдэгджээ.
Харин энэ даалгавар гарсантай холбогдуулан "Оюу толгой 50:50" хөдөлгөөний тэргүүн, эдийн засагч Н.Дашзэвэг тус сонинд ярихдаа, хэрэв ашигт малтмалын шинэ хууль батлагдахаас өмнө тогтвортой байдлын гэрээ хийвэл тэнд байгаа маш олон заалт энэ гэрээнд тусгагдахгүй өнгөрнө. Одоо ашгийн татварыг эхний таван жил 100 хувь чөлөөлөх, дараагийн таван жилд 50 хувь татвараас чөлөөлнө гэсэн заалтыг мөрдөж байгаа. Хөрөнгө оруулалтыг ашгийн татвараас чөлөөлж байгааг хүчингүй болгох гээд шинэ хуулийн олон заалт үүнд орохгүй. Төсвийн мөнгөөр хайгуул хийсэн орд дээр Засгийн газар 51 хувь эзэмшиж болно гэсэн заалт бас бий. Энэ бүгд тогтвортой байдлын гэрээнд орохгүй нь гэсэн болгоомжлол байна гэжээ. Хуучин хуулиар тогтвортой байдлын гэрээ хийх нь буруу гэж гадаадын таван шинжээчийн дүгнэлт гараад байхад үүнийг хийх нь яаж ч бодсон буруу хэмээн тэрбээр үзэж байгаа ажээ.
Тэрчлэн Гадаад хэргийн сайд Н.Энхболд өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ, Оюутолгойн ордыг 51:49 харьцаагаар эзэмших нь Засгийн газрын байр суурь биш хэмээн мэдэгджээ. Энэ талаар Засгийн газар байр сууриа албан ёсоор тодорхойлсны дараа энэ тухай хэлэх хэрэгтэй хэмээн тэрбээр хэлсэн байна.
Ашигт малтмалын тухай хуульд оруулах өөрчлөлт нь гадаадынханд Монгол Улсын талаар ямар сэтгэгдэл төрүүлэх вэ гэдэг дээр л бодлогын хүрээнд анхаарч байна гэж Н.Энхболд хэлжээ.