Уул уурхайн салбарын үйлдвэрлэл 5,3 хувиар буурчээ (2006.03.15)
2006 оны хоёрдугаар сарын нийгэм, эдийн засгийн байдлын статистикийн дүн гарчээ. Энэ оны эхний хоёр сард манай улсын аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2000 оны зэрэгцүүлэх үнээр 109,7 тэрбум төгрөгт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 0,1 хувь буюу 104,0 сая төгрөгөөр өсчээ. Боловсруулах аж үйлдвэрийн үйлдвэрлэл 11,8 хувиар өссөн бол уул уурхай, олборлох салбарын үйлдвэрлэл 5,3, цахилгаан дулааны эрчим хүч, усан хангамжийн үйлдвэрлэл 0,4 хувиар буурчээ. Аж үйлдвэрийн салбар энэ хоёр сард оны үнээр 221,3 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлснийхээ 138,0 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүнийг гадаадын зах зээлд борлуулсан байна. Аж үйлдвэрийн нийт борлуулсан бүтээгдэхүүний 68,9 хувийг уул уурхай, олборлох аж үйлдвэр, 13,9 хувийг боловсруулах аж үйлдвэр, 17,2 хувийг цахилгаан, дулааны эрчим хүч, ус хангамжийн салбар борлуулсан байна.
Гол нэрийн бүтээгдэхүүнээс зэсийн баяжмал, молибдений баяжмал, дулааны эрчим хүч, самнасан ноолуур, нарийн боов, чихэр, спирт, архи, дарс зэрэг 137 нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл биет хэмжээгээр өсч цахилгаан эрчим хүч, нүүрс, хайлуур жоншны баяжмал, алт, сүлжмэл эдлэл, гурил, талх зэрэг 99 нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл буурчээ.
Гадаад худалдааны нийт бараа эргэлт оны эхний хоёр сард 265,0 сая ам.доллар болсны дотор экспорт 127,6 сая ам.доллар, импорт 137,4 сая ам.доллар болж гадаад худалдааны тэнцэл 9,8 сая ам.долларын алдагдалтай гарсан байна. Нийт бараа эргэлт өнгөрсөн онтой харьцуулахад 25,7 хувиар, экспорт 36,9 хувиар, импорт 16,8 хувиартус тус өсчээ. Оны эхний хоёрд манай орон 32 оронтой экспортын худалдаа хийсний 62,7 хувь нь БНХАУ-д ногдож байна. Экспортын нийт үнийн дүнгийн 87,7 хувийг валютын төлбөртэй худалдаа, 10,9 хувийг гадаад захиалагчийн материалаар хийсэн бараа эзэлж байна. Энэ хугацаанд гадаадын 64 орноос бараа оруулсны үнийн дүнгийн 34,7 хувийг ОХУ-аас, 21,6 хувийг БНХАУ-аас оруулжээ.
Бөөний болон жижиглэн худалдааны салбарын нийт борлуулалт оны эхний хоёр сард 91,9 тэрбум төгрөг болж өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 30,9 хувиар өссөн дүн гарчээ. Бөөний худалдааны борлуулалт өнгөрсөн оныхоос 42,5 хувиар буюу 15,8 тэрбум төгрөгөөр, жижиглэнгийн худалдааных 17,9 хувиар буюу 5,9 тэрбум төгрөгөөр өссөн байна. Нийт борлуулалтын 57,8 хувийг бөөний худалдаа, 42,2 хувийг жижиглэн худалдаа эзэлж байна. Бөөний болон жижиглэн худалдааны нийт борлуулалтын 91,5 хувь нь зөвхөн нийслэл хотод ногдож байгаа юм байна.
2006 оны эхний хоёр сард төмөр замын тээврээр 2349,6 мянган тн ачаа, давхардсан тоогоор 685,9 мянган зорчигч тээвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс тээсэн ачаа 6,4 хувь буюу 161,7 мянган тн-оор, зорчигч тээвэрлэлт 2,8 хувь буюу 19,6 мянган хүнээр тус тус буурсан байна. Агаарын тээврээр энэ хугацаанд 230,7 тонн ачаа, давхардсан тоогоор 38,8 мянган зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оны өдий үетэй харьцуулахад тээсэн ачаа 36,7 хувь буюу 133,9 тн-оор, зорчигч 14,8 хувь болох 6,7 мянган хүнээр буурчээ.
Оны эхний хоёр сард улсын хэмжээгээр 26,4 мянган том мал хорогдсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 150,4 мянган толгой малаар бага байна. Дорноговь аймагт 6,7, Баян-Өлгий аймагт 3,4, Өвөрхангай аймагт 2,2 мянган мал хорогдсон нь улсын хэмжээний нийт хорогдлын 46,7 хувийг эзэлж байна. Нийт хорогдсон малын 77,1 хувийг бог мал, 22,9 хувийг бод мал эзэлж байгаа ажээ.
Улсын нэгдсэн төсвийн нийт орлого тусламжийн дүн оны эхнээс 140,5 тэрбум төгрөг, нийт зарлага эргэж төлөгдөх цэвэр зээлийн дүн 117,9 тэрбум төгрөг болж, нийт тэнцэл 22,6 тэрбум төгрөгийн ашигтай гарсан нь өнгөрсөн оны мөн үөийнхээс 26,6 тэрбум төгрөгөөр нэмэгдэв. Улсын нэгдсэн төсөвт энэ хугацаанд 140,5 тэрбум төгрөгийн орлого орсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 58,3 хувь өсч, төсвийн орлогын төлөвлөгөө 16,8 хувиар давж биелсэн байна. Харин төсвийн нийт зарлага, эргэж төлөгдөх зээлийн хэмжээг 139,4 тэрбум төгрөг байхаар төлөвлөсөн ч гүйцэтгэл нь 117,9 тэрбум төгрөг болж 84,5 хувийн биелэлттэй гарчээ.
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ, тариф оны эхний хоёр сард 2000 оны 12 дугаар сартай харьцуулахад 43,7 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 6,8 хувь, 2005 оны эцсийнхээс 2,9 хувь, өмнөх сарынхаас 2,1 хувиар тус тус өсчээ. Энэ хоёр сарын хугацаанд хэрэглээний бараа, үйлчилгээний 239 нэр төрлийн 21,3 хувийнх нь үнэ өсч, 13,0 хувийнх нь үнэ буурч, 65,7 хувийнх нь үнэ тогтвортой байсан байна. Бараа үйлчилгээний үнэ тариф өмнөх сартай харьцуулахад Дархан-Уул аймагт 0,3 хувиар буурч, бусад аймагт 0,1-2,2 хувиар өссөн дүн гарчээ.
Цагдаагийн Ерөнхий газрын мэдээгээр оны эхний хоёр сард 2727 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 8,6 хувь буюу 257 гэмт хэргээр буурчээ. Гарсан нийт гэмт хэргийн 46,2 хувь нь нийслэл хотод үйлдэгдсэн байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гэмт хэргийн гаралт Хэнтий, Өмнөговь, Архангай, Орхон, Төв, Хөвсгөл, Дорнод, Баян-Өлгий, Баянхонгор, Ховд, Говьсүмбэр зэрэг аймагт 6,9-70,8 хувиар өсч, бусад аймагт болон нийслэл хотод 1,1-48,4 хувиар буурчээ.