Хоёр айлчлалын огтлолцсон цэг (2006.03.21)
Монголд өчигдөр хоёр томоохон айлчлал болов. Нэг нь манай хойд хөрш ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавровын албан ёсны айлчлал бол нөгөөх нь АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Жеймс Бейкерийн албан бус айлчлал юм. Хэвлэлүүдийн мэдээллээс үзвэл нэг өдөр тохиосон эл хоёр айлчлал нэг цэгт огтлолцсон нь анхаарал татаж байна. Тэр цэг нь мэдээж сүүлийн үед анхаарлын төвд буй гадаадын хөрөнгө оруулалт, тэр дундаа уурхайн салбарт холбогдох асуудал байжээ. Юуны өмнө албаны эх сурвалжуудын мэдээллийг тодруулья.
Засгийн газрын хэвлэл, мэдээллийн албаны мэдээлснээр бол ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Викторович Лавровын Монголд анх удаа хийж буй албан ёсны айлчлал нь хоёр орны хамтын ажиллагааны өмнө олсон ололтууд, иж бүрэн, өндөр дээд хэмжээний харилцаагаа улам бататган бэхжүүлэхэд чухал ач холбогдолтойг тэмдэглэв. Үүний зэрэгцээ Оросын томоохон компаниуд Монгол Улсад хөрөнгө оруулах сонирхолтой байгааг ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров Ерөнхий сайд М.Энхболдтой уулзахдаа онцлон хэлжээ. Энэ талаарх холбогдох захидлыг Монгол Улсын Гадаад хэргийн сайд Н.Энхболдод мөн гардуулсан аж. Хоёр талын оролцоотой хамтарсан үйлдвэрүүдийн гэрээ, хэлэлцээрүүд амжилттай явагдаж шийдвэрээ эцэслэн гаргана гэдэгт найдаж байгаагаа ноён С.Лавров мөн илэрхийлжээ. Харин энэ талаар Ерөнхий сайд М.Энхболд хэлэхдээ, гадаадын хөрөнгө оруулагчдыг дэмжиж, хамтран ажиллахдаа таатай байх болно хэмээн мэдэгдсэн аж.
ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярт мөн бараалхжээ. Монголын Ерөнхийлөгч хэлэхдээ, эдийн засгийн чиглэлээр оросын бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчид Монголд хөрөнгө оруулан хамтын ажиллагаагаа өргөжүүлэх өргөн боломж бий. “Эрдэнэт”, “УБТЗ” “Монголросцветмет” зэрэг хамтарсан үйлдвэр аж ахуйн газрууд амжилттай ажиллаж байна. Энэ уламжлал, туршлага дээрээ түшиглэн уул уурхай, эрчим хүч, дэд бүтцийн томоохон төслүүд дээр хамтран ажиллах сонирхолтой байна гэж мэдэгджээ.
ОХУ-ын Гадаад хэргийн сайдын айлчлал зургаан цаг үргэлжилж, хоёр орны хамтын ажиллагааны өөр олон чухал асуудлыг хөндөн ярилцсан байна. “Өнөөдөр” /¹065/ сонин мэдээлснээс үзвэл С.Лавров “Эдийн засгийн хамтын ажиллагаа хоёр оронд явагдаж буй шинэтгэлд дүйцэн өргөжин хөгжих ёстой. Монголын талын сонирхсон бүх салбарт Оросын компаниуд хөрөнгө оруулахад бэлэн байна “ хэмээн мэдэгдсэн байна.
Харин АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Жеймс Бейкерийн албан бус айлчлал үүнээс илүү удаан үргэлжлэх ажээ. Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Р.Болдын урилгаар айлчилж буй тэрбээр манай улсад бямба гаригт хүрэлцэн иржээ. Ноён Жеймс Бейкер Ерөнхий сайд М.Энхболдод өчигдөр бараалхжээ. Тэрбээр гадаадын хөрөнгө оруулалтын бодлогодоо Монголын Засгийн газар хэрхэн хандах, эдийн засгийн хөгжлийн чухал түшиц гэж нэрлэж болох хөрөнгө оруулагчдийг үргээчихгүй байх асуудалд санаа зовниж буйгаа илэрхийлсэн байна. Албаны эх сурвалжийн мэдээлснээр бол Монголын Засгийн газар, Канадын “Айвенхоу майнз” компанийн хооронд хийгдэх тогтвортой байдлын гэрээ өнөөг хүртэл хийгдэхгүй байгааг анхааруулж, түүнийг түргэтгэхийг Ерөнхий сайд М.Энхболдод зөвлөсөн аж. Чингэхдээ 1997 баталсан Ашигт малтмалын тухай хуулийн хүрээнд хийнэ гэж найдаж буйгаа ч илэрхийлжээ. Ноён Жеймс Бейкерийг Монгол Улсын Шадар сайд М.Энхсайхан хүлээн авч уулзах үеэр ч энэ асуудал мөн хөндөгджээ. Тухайлбал, Оюу толгойн орд газрыг цаашид ашиглах талаар Айванхоу Майнзтай тогтвортой байдлын гэрээ хийх асуудал тодорхойгүй шалтгаанаар сунжирч байгааг сануулаад, уг гэрээг хийж батлах хугацаагаа тодотгох, М.Энхсайханыг Ерөнхий сайд байх үед хүчин төгөлдөр болсон Ашигт малтмалын тухай хууль дэлхийн жишигт дүйцсэн сайн хууль болсон тул тогтвортой байдлын гэрээг хийхдээ түүний заалтуудыг баримтлах нь зүйтэй хэмээн зөвлөсөн гэж Засгийн газрын хэвлэлийн алба мэдээлжээ. Шадар сайд Энхсайхан энэ гэрээг хийх асуудал дотоодын улстөрийн нөхцөл байдлаас шалтгаалан хойшилсоор байгаа ч энэ талаарх Засгийн газрын байр суурьт эргэлзэх зүйлгүй, гэрээг олон улсын харилцааны дүрэм, журам, хэм хэмжээг баримтлан хийх болно гэдгээ уулзалтын үеэр нотолсон ажээ.
Ноён Жэймс Бейкер ийнхүү Монголын төр, засгийн өндөрлөгүүдтэй уулзаж байх үеэр түүний хүү Бейкер Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газрын тос, ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын дарга Л.Болдтой энэ л асуудлаар уулзжээ. “Өдрийн сонин”-д /¹069/ мэдээлснээр бол Ж.Бейкерийн хүү нь Айвенхоу Майнз компанийн ерөнхийлөгч Р.Фрийдландын хуулийн зөвлөхийн алба хашдаг аж. Эцэг хүү хоёр Бейкерийн айлчлалыг тус сонин “Айвенхоу майнзтай хийх тогтвортой байдлын гэрээг яаравчуулах, тэдний талд ашигтайгаар эргүүлэх зорилготой” хэмээн дүгнэсэн бол “Өнөөдөр” сонин “Ж.Бейкерүүд Засгийн газарт шахалт үзүүлж байна” хэмээн үзжээ.