Монгол дахь гадаадын иргэдийн 75,9 хувь нь хятадууд байна (2006.03.22)
Засгийн газрын гишүүд ажлаа сэтгүүлчдэд тайлагнах ажлын хүрээнд Хуульзүй, дотоод хэргийн сайд Д.Одбаяр өчигдөр хэвлэлийн бага хурал хийлгэжээ. Түүний хийсэн мэдээллээс үзвэл тус яам 2006 онд 30 хуулийн төслийг боловсруулах юм байна. Тухайлбал, Ашгийн бус хуулийн этгээдийн тухай болон эрүү, иргэн, захиргааны чиглэлийн хуулийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой зарим хуульд нэмэлт өөрчлөлт оруулах багц хуулийн төслийг УИХ-ын энэ хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр бэлтгэж буй ажээ. Иргэний бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлжээ. Мөн Бооцоот болон мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхлэх тухай хуулийн үзэл баримтлалын төслийг боловсруулж байгаагийн зэрэгцээ Мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг боловсруулсан аж. Авилгалын тухай хууль, Засгийн газрын 1996 оны 287 дугаар тогтоолын дагуу тус яамны болон харьяа агентлагуудын удирдах, захиргааны болон тусгай албан хаагчдын хөрөнгө орлогын мэдүүлгийг 4 дүгээр сарын 15-ны дотор гаргуулж авах ажлыг зохион байгуулж байгаа гэнэ.
Монголд нүүрлээд байгаа малын хулгайтай тэмцэх ажилд сайд Д.Одбаяр нэлээд анхаарал хандуулж байгаа бололтой. Тэрбээр малын хулгайд аль аймаг илүү өртөмтгий байгааг судлуулж байгаа аж. Архангай, Өвөрхангай, Дундговь, Хэнтий зэрэг нийслэл тойрсон аймгийн иргэд малаа хулгайд алдах нь элбэг байгаа нь ажиглагджээ.
Цагдаагийн байгууллагыг өөрчлөх, шинэчлэх, эсэх тухай сэтгүүлчийн асуултад тэрбээр хариулахдаа, өөрчлөх, шинэчлэхдээ бус, хамгийн гол нь ажиллагсад, албан хаагчийнх нь мэдлэг, мэргэжлийг дээшлүүлэх тал дээр илүү анхаарах зүйтэй гэжээ. Цагдаагийн байгууллага боловсон хүчнийхээ нөөц, техник хэрэгсэл бүхий л зүйлээ ашиглан өөрийнхөө хэм хэмжээнд боломжоороо ажиллаж байгаа гэж ХЗДХ-ийн сайд Д.Одбаяр үзэж байна.
Түүний мэдээлснээр бол Монголд өнөөдөр гадаадын 18935 иргэн байгаагаас цагаач 2316 хүн байна. Мөн түр оршин суугч 774, хувийн хэргээр удаан хугацаагаар амьдарч буй 461, албан ажлаар 14239 хүн байгаагаас 1064 нь монгол иргэнтэй хамтран амьдрагч юм байна. Судалгаанаас харахад, гадаадын иргэдийн 75,9 хувийг хятад, есөн хувийг ОХУ, 4,2 хувийг БНСУ, 1,9 хувийг АНУ-ын иргэд эзэлж байгаа аж. Саяхан хийсэн шалгалтаар хууль бус нэлээд үйлдлийг илрүүлж, 871 аж ахуйн нэгж, албан байгууллагын үйл ажиллагааг зогсоож, 12 улсын 579 хүнийг 1-10 жилийн хугацаатайгаар Монгол Улсад нэвтрэх эрхийг нь хориглосон шийдвэр гаргажээ.