Айвенхоугийн хувьцааг Монголын бирж дээр худалдах уу? (2006.03.23)
Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болов. Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албаны мэдээлснээр энэ хурлаар “Айвенхоу Майнз компанитай тогтвортой байдлын гэрээ байгуулах асуудлаар Yйлдвэр, худалдааны болон Сангийн сайд нарт чиглэл өгчээ. Тухайлбал, гэрээ байгуулах яриа хэлэлцээг хийх ажлын хэсгийг байгуулж ажиллуулах, ингэхдээ УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх Татварын багц хууль, Ашигт малтмалын тухай хуульд орох нэмэлт, өөрчлөлттэй нийцүүлэх, Монголын ажилчид, тэдний цалингийн доод хэмжээ, мэргэжлийн сургалт, эрчим хүчний хангамж, бүтээгдэхүүн гүнзгийрүүлж боловсруулах үйлдвэр байгуулах зэрэг асуудлаар харилцан ашигтай гэрээ байгуулах, компанийн хувьцааг Монголчууд эзэмших боломж олгохын тулд энгийн хувьцаагаа Монголын хөрөнгийн биржид бүртгүүлэн худалдах асуудлыг шийдвэрлэхийг үүрэг болгосон байна.
Тэрчлэн Монголын эдийн засаг, нийгмийг 2005 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт болон 2005 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлийг хэлэлцжээ. Yндсэн чиглэлийн зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэхэд төлөвлөгдсөн улсын нэгдсэн төсвийн нийт зарлагыг 93 хувиар санхүүжүүлсэн аж. Монгол улсын нэгдсэн төсвийн урсгал тэнцэл 232.3 тэрбум төгрөгийн ашигтай, нийт тэнцэл 73.3 тэрбум төгрөгийн ашигтай гарсан байна. 2005 онд урсгал тэнцлийн ашиг ДНБ-ний 10.2 хувь, нийт тэнцлийн ашиг ДНБ-ний 3.2 хувьтай тэнцүү гүйцэтгэл гарчээ.
Мөн дөрийн хурлаар улсын 2006 оны төсвийн тодотголын төслийг Засгийн газар хэлэлцсэн байна. Төсвийн тодотголын төслөөр Монгол Улсын төсвийн орлого 943.9 тэрбум болж батлагдсанаар 92.7 тэрбум төгрөгөөр, нийт зарлага 1 028.2 тэрбум Монгол-Оросын хамтарсан уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн Удирдах зөвлөлийн хурлаар тус үйлдвэрийн 2004 оны хуваарилагдаагүй ашгаас Монголын талд хуваарилж буй ногдол ашгийг 37.3 тэрбум төгрөг байхаар шийдвэрлэсэн тул улсын төсөвт төвлөрүүлэхээр тусгажээ. Засгийн газар дараагийн хуралдаанаараа 2006 оны төсвийн тодотголыг дахин хэлэлцэх юм байна.
Засгийн газар төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа явуулдаг татвар төлөгчдөд онцгой албан татвар ногдуулах үүднээс “Онцгой албан татварын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтжээ.
Мөн Засгийн газрын 2003 оны 233 дугаар тогтоолд зохих өөрчлөлт оруулж, төсвийн байгууллагад гэрээгээр ажил, үйлчилгээ эрхлэгсдийн хүүхдийн сургалтын зардлыг 2005-2006 оны хичээлийн жилд Төрийн сургалтын сангаар дамжуулан олгохоор тогтов. Тэрчлэн шувууны томуу өвчин болон ой, хээрийн түймрээс сэргийлэх тухай албан даалгаваруудыг гаргаж, иргэдийн гадаадад явж оношлуулж, эмчилгээ хийлгэхтэй холбогдуулж тогтоол гаргав.