Япон Улс Монголын жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжихэд зориулж 2,9 тэрбум иенийн зээл олгохоор боллоо (2006.03.30)
Японд албан ёсны айлчлал хийж байгаа Ерөнхий сайд М.Энхболд, Япон улсын Ерөнхий сайд Ж.Койзүмитай хэлэлцээ хийжээ. Засгийн газрын хэвлэл, мэдээлийн албаны мэдээлснээр, хэлэлцээний дүнд Японы Засгийн газар Монголын жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, байгаль орчныг хамгаалахад зориулан хоёр тэрбум 981 сая иенийн хөнгөлөлттэй зээл олгохоор шийдвэрлэсэн байна. Мөн Японы тал Монголын ядуу тариаланчдыг дэмжих 330 сая иен, Монголын хүнсний хомсдолыг арилгахад зориулж 200 сая иений үнэ бүхий хүнсний буцалтгүй тусламж үзүүлэхээр шийдвэрлэсэн аж.
Хоёр орны Засгийн газрын тэргүүн нар энэ онд Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ой, 2007 онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой болохтой холбогдуулан Японы Засгийн газар, парламентаас энэ жилийг Монголын жил болгож зарласныг сайшааж, 2007 оныг “Монгол дахь Японы жил” болгон тэмдэглэхээр тохиролцсон байна.
Хэлэлцээний үеэр Монгол Улсын Үйлдвэр худалдааны яам, Японы Эдийн засаг, үйлдвэрийн яамны хооронд зөвлөлдөх уулзалт хийхээр болжээ. Монгол орон газрын баялгаа эзэмших нь Монгол улсын хөгжилд томоохон үүрэг гүйцэтгэх бөгөөд Японы хөрөнгө оруулалт, техникийн хамтын ажиллагаа үүнд чухал хувь нэмэр оруулж чадна гэж үзэж байгаагаа талууд илэрхийлсэн аж. “Монголын нүүрс олборлолтыг хөгжүүлэх чиглэлээр геологийн хамтарсан хайгуул энэ онд эхэлсэн, уул уурхайн салбарт хөрөнгө оруулах сонирхолтой олон улс орны хөрөнгө оруулагчид байгаагийн дотор Японы компаниуд хөрөнгө оруулалтад оролцох сонирхлоо илэрхийлж байгаад хүндэтгэлтэй хандаж байна. Монголын том ордуудыг шинэ технологи ашиглаж эзэмшвэл байгаль орчинд халгүй байж чадна” гэж талууд үзжээ. Япон улсын Засгийн газар худалдааг дэмжих замаар хөгжиж буй орнуудын тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах үүднээс өнгөрсөн онд зарласан “Хөгжлийн санаачилга”-д Монгол улсыг хамруулах хүсэлтийг Монголын талаас тавьжээ.
Ерөнхий сайд М.Энхболд дэлхийн цаг агаарын өөрчлөлтөөс шалтгаалж, Монголд хуурайшилт хурдтай явж байгаа тул газар тариалан, мал аж ахуйд учирч байгаа усны асуудлыг цогц шийдвэрлэх, усжуулах асуудлыг судалж үзэх, олон улсын нисэх онгоцны томоохон шинэ буудал байгуулах, Улаанбаатарт хурдны шинэ зам байгуулах, Монголд нэн шаардлагатай байгаа зам, барилгын мэргэшилтэй ажилчин бэлтгэх мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв байгуулах, Японд дадлагажигч ажилчны тоог нэмэгдүүлэх зэрэг хүсэлтүүдийг тавьсныг Японы тал судалж үзэхээр болсон гэж Засгийн газрын хэвлэлийн алба мэдээлжээ.