Ардчилсан нам хуралдаж байна (2006.03.31)

A- A A+
Ардчилсан нам хуралдаж байна (2006.03.31)

Ардчилсан нам хуралдаж байна (2006.03.31)

“АН-ыг шинэчлэх “Хариуцлагатай ардчилал” бүлэг, АН-ыг эрс шинэчлэх хөдөлгөөн, АН-аа аврах хөдөлгөөн сүүлийн дөрвөн сар шахам намын онц их хурлыг шаардсаны эцэст өчигдөр III их хурал-Yндэсний чуулгандаа цуглалаа.

 АН-ын Yндэсний чуулган хуралдаж байгаа цаг үеийн онцлог юу вэ”. Энэ асуултыг Р.Гончигдорж хурал нээж хэлсэн үгэндээ тавьж өөрөө хариулсан. “Нэг намын ашиг сонирхлоор Засгийн газрыг огцруулсны дараа ард түмэн шинэ Засгийн газарт итгэхгүй болсон цаг үед манай их хурал болж байна” гэв. “Их хурлыг маань зорилгодоо бүү хүрээсэй гэж зарим хүмүүс хүсч байна. Тэд улс төрийн орон зай хайж байгаа юм” гэж АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч төлөөлөгчдөд анхаарууллаа. Тэрбээр АН хүчтэй хэвээр гэдгийг, улс төрийн төв болно гэдгийг олон нийтэд харуулж, тэдний олон асуултад хариулж чадахыг Yндэсний чуулганаас хүссэн.

III их хурал гурван үндсэн илтгэл төлөөлөгчдөдөө зэхжээ. “Монголын ардчилал ба Ардчилсан нам” илтгэлийг УИХ-ын гишүүн, YЗХ-ны гишүүн С.Ламбаа тавив. Тэрбээр гар утас, мянгат малчин, Мэгзэд Жанрайсиг, компьютер зэрэг зүйлийг монголчууд мэдэх болсон нь АН-ын бодлогын дүнд гарсан дэвшил хэмээн тайлбарласан.

YЗХ-ны гишүүн, Ерөнхий сайд асан Ц.Элбэгдорж “Засгийн газрын үйл ажиллагаа ба Ардчилсан нам” сэдвээр илтгэлээ. Түүний хэлснийг товчлон сийрүүлье.   “16 жил нэг сарын өмнө Ардчилсан холбооны анхдугаар их хурлаар бид ардчиллыг нүдэндээ нулимстай тунхаглаж байсан. Тэр ардчилал юу болов? Бид шударга ёсыг тогтоож чадсангүй. Төр хуулиа дээдлэхгүй байна. Иргэд өөрсдийн сонгосон УИХ-ын гишүүн, Ерөнхийлөгч, засаг, засаг даргаасаа айдаг болж. Ямар сайн юм хийх бол гэж хүлээхээсээ ямар муу юм хийх бол, хийсэн бол гэж түгшдэг болж, дальдчаа хүүхэд шиг амьдарч байна.

Авлигаас хамгийн их хохирогч нь ард түмэн. Авлигыг ард түмэн ялна гэдэгт итгэж байна. АН авлигатай тэмцэж чадна. 1990 онд бидний өрсөлдөгчид албан тушаалаас өөр алдах зүйлгүй МАХН-ын удирдагчид байлаа. Тэд ичгүүр сонжууртай хүмүүс байв. Одоо бол өрсөлдөгчид маань банк дүүрэн мөнгөтэй, албаа алдвал мөнгөгүй болох айдастай, эрх мэдлийн төлөө эрээ цээргүй зүтгэдэг хүмүүс. … Бид юун дээр алдав. “Бид” гэж би өөрийгөө, бас улстөрчдийг хэлж байна. Бид сонгууль дөхөхөөр л гишүүдээ санадаг. Сонгуулийн дараа тэднийг сонсохоо ч болино. Бид одоо л шинэтгэлийг хийхгүй бол АН-ын нэр хүнд бүр ч унана. Бидэнд хуучинтай тэмцэх туршлага бий. Ардчиллын төлөө хариуцлагатай байя.

Ц. Элбэгдорж, Эв Бат-Үүл нар намынхаа даргад нэр дэвшихээ эртнээс зарласан билээ. Шинэ өрсөлдөгч хараахан тодроогүй байна. Зарим эх сурвалжийн мэдээлснээр, “Алтангадас” З.Энхболд, Н.Алтанхуяг нарыг “сойх” таамаг төлөөлөгчдийг сэрдхийлгэжээ.