Ц.Элбэгдорж - Ардчилсан намын дөрөв дэх дарга болов (2006.04.03)
Ардчилсан намын Онц их Хурал буюу Үндэсний чуулган хоёр бүтэн, нэг хагас өдөр хуралдаж, өнгөрсөн бямба гаригт өндөрлөв. Уг нь хоёр өдөр хийхээр төлөвлөсөн боловч намын даргыг сонгох үйл явц хоёр үе шаттай болсноос ийн бага зэрэг сунжирсан байна. Намын даргад нэр дэвшигч Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл хоёр дээр бямба гаригт дахин санал хураалт явуулснаар 57,2 хувийн буюу 779 хүний саналаар Ц.Элбэгдорж Ардчилсан намын дөрөв дэх даргаар тодорлоо.
Ардчилсан намын дарга болсныхоо дараа Ц.Элбэгдорж хэлэхдээ, шинэчлэл нэг өдөр ирдэг ч урт хугацаанд хийгддэг хэмээн тэмдэглэснээс үзвэл энэ хурлаас тус намыг шинэчлэх үйл явцын эхлэлийг тавьсан ажээ. Түүний гол өрсөлдөгч Э.Бат-Үүл ч энэ санааг мөн нотолсон байна. Тэрбээр хэлэхдээ, Ц.Элбэгдоржийг даргаар сонгосон нь өөрийг нь сонгосноос өөрцгүй хэмээн мэдэгдээд үүгээр намын шинэчлэл эхэлж байна гэжээ. Юутай ч хоёр гол өрсөлдөгчид Ардчилсан намын үндэсний чуулганы үйл ажиллагаанд сэтгэлдэл өндөр байжээ. Монголын ардчилагчид их хурлаараа цаашид нийгэмд яаж ажиллах талаараа олон чиглэл авсан хэмээн Ц.Элбэгдорж үзэж байна. Тэрбээр авлигатай тууштай тэмцэж ядуурлыг арилгах, хүүхдийн мөнгийг нэмэгдүүлэх, үндэсний баялгийн талаарх үзэл баримтлалаа өөрчилснөөр шинэчлэл эхэлнэ. Ардчилсан нам ард түмнийхээ төлөө, тэдний дунд байхад бид алзахгүй хэмээн онцлон хэлжээ.
Ц.Элбэгдорж даргаар сонгогдмогцоо намынхаа ахмадуудтай уулзалт хийж мөн анхны хэвлэлийн бага хурлаа хийлгэсэн байна. Тэрээр намаараа дамжуулан ард түмний хүсэл зоргийг гүйцэлдүүлж тус болно гэж үзэж байгаа аж. Чухам үүний тулд өөрсдийгөө, намаа өөрчилж шинэчлэх нь зайлшгүй юм гэж тэрбээр мэдэгдсэн байна. Харинм тус намыг шинэчлэхийн тулд эрх мэдлийг анхан шатны намын байгууллагад шилжүүлэх замаар намын төвлөрсөн эрх мэдлийг сааруулах явдал гэж Ц.Элбэгдорж үзэж байна. Тухайлбал, УИХ-ын гишүүнээс аваад намын Үндэсний зөвлөлдөх хороо болон Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийг дээрээс сонгосон болоод томилдог байсан бол сая шинэчилсэн дүрмээр бүгд дунд шатны намын байгууллага дээр төвлөрөх юм байна. .
Тус намаас нийгэмтэй харьцах харилцаанд Ц.Элбэгдорж намд бий болж буй Бодлогын зөвлөлд нэлээд ач холбогдол өгч байгаа ажээ. Нийгэм дэх асуудлыг салбар салбараар гаргаж намын байр суурийг илэрхийлж байх гэнэ.
Намын дарга болсноор ажлаа юунаас эхлэх вэ гэсэн сэтгүүлчийн асуултад
Ц.Элбэгдорж хариулахдаа, ард түмнээ, гишүүдээ сонсохоос эхэлнэ. Олон түмэн юуг хүлээж, тэдэнд ямар асуудал тулгамдаж байгааг шийдэхээс эхэлнэ. Ядуурлыг арилгаж авлигатай тэмцэх асуудал байна хэмээн тодорхойлжээ.
Намуудын хувьд бидний хамгийн ойрын түнш бол Иргэний зориг нам гэж Ц.Элбэгдорж үзэж байгаа аж. Бусад намын хувьд ямарыгаа олон түмэнд хангалттай таниулсан. Мөн Монголын нийгмийг эрүүлжүүлж шинэчлэн, шударга ёсыг тогтоохын төлөө тэмцэж, зарчимч, ёсзүйтэй, тодорхой ажил, шийдэл гаргаж буй шинэ залуу иргэний хөдөлгөөн, хүмүүстэй Ардчилсан нам хамтран ажиллана хэмээн тэрбээр мэдэгдсэн байна.