Хаврын чуулган жагсаал цуглаантай хамт эхлэв (2006.04.06)
УИХ-ын хаврын чуулган өчигдөр эхэллээ. Хаврын чуулганы ажлын анхны өдрийн ирц 68 гишүүнтэй байжээ. Шинэ дэгийн дагуу УИХ-ын дарга Ц.Нямдорж чуулганыг нээж үг хэлсний дараа Ерөнхийлөгч Н.Энхбаяр илтгэл тавьсан бөгөөд үүгээр нээлтийн ажиллагаа завсарлажээ. Өнөөдрөөс эхлэн УИХ 2006 оны төсвийн тодотгол, гүйцэтгэлийг хэлэлцэж эхлэх юм байна.
УИХ-ын гишүүд ийнхүү чуулганаа нээж байх зуур Төрийн ордны гадаа “Эрс шинэчлэл” хөдөлгөөний санаачилан “Миний Монголын газар шороо”, “Эрүүл нийгэм иргэний хөдөлгөөн”, Монголын ногоон нам, Эрүүл нийгэм зэрэг нам нэгдсэн жагсаал цуглаан сүр дуулиантай үргэлжилж байлаа. “Өнөөдөр” сонинд мэдээлснээр жагсагчдын тэмцэл 1990 оныг санагдуулах гэсэн мэт ”Хонхны дуу”-гаар эхэлж, “Бид тэмцлээ энэ хавар л хийх хэрэгтэй. ”Айвенхоу майнз”-тай гэрээ хийх гэж буй авилгачдыг зогсооё, Засгийн газар огцор” хэмээн тасралтгүй уриалж, “Шударга ёс гэж байна уу”, “Ард түмэн өлсөж байна”, “Газрыг хээл хахуулиар өгсөн М.Энхболд огцор”,” Байгалийн баялгийнхаа төлөө тэмцье” гэх зэргийн уриа лоозон барьсан байжээ. Улмаар энэ цуглаан галд сүйрсэн САПУ худалдааны төвийн түрээслэгчдийн ордны хойно хийж байсан жагсаалтай мөн нэгджээ.
Жагсагчид УИХ-ын даргатай уулзахыг шаардсанаар тэдний төлөөллийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Дондог, УИХ-ын гишүүн З.Энхболд, Д.Гүндалай нар хүлээн авч уулзжээ. Д.Гүндалай УИХ болон Засгийн газрын гишүүний хувьд биш, харин Ард түмний намын даргын хувьд энэ уулзалтад оролцсон байна. УИХ бидний шаардлагыг хүлээж аваагүй тул тэмцлээ үргэлжлүүлж, улс төрийн суулт хийнэ хэмээн “Эрс шинэчлэл” хөдөлгөөний тэргүүн С.Ганбаатар мэдэгджээ. Гэвч тэдний суулт хийх гэрийг цагдаагийнхан хураан авснаас үүдэн жагсагчид төв замын хөдөлгөөнийг хаав. Нийслэийн цагдаагийн газрын дарга гэрийг нь өгнө хэмээн жагсаалыг зохион байгуулагч нартай тохирон замыг чөлөөлүүлсэн боловч Чингэлтэй дүүргийн цагдаа нар жагсагчдын гэрийг өгөөгүйн улмаас цагдаа нартай тулгарсан байна. Тэгээд ч гэрээ авч чадаагүй тул уурц маягийн юм төв талбайд барьж, тэндээ улстөрийн суулт, өлсгөлөн зарласан байна. Сонинуудад мэдээлснээр 10 гаруй хүн өлгөлөн зарлаж эхлээд буй бөгөөд энэ тоо өсөх хандлагатай байгаа аж. Жагсагчидтай хамт галд сүйрсэн Сапу худалдааны төвийн хохирогчид мөн суулт зарлаж эхэлсэн байна. Энэ жагсаал өнөөдөр мөн үргэлжилэх юм байна.