Парламент төсвийн тодотголыг хэлэлцэж байна (2006.04.07)
УИХ 2006 оны төсвийн тухай хуульд тодотгол хийхээр хэлэлцэж эхэллээ. Ерөнхий сайд М.Энхболдын мэдэгснээр бол төсвийн тодотголын төслийг боловсруулахдаа нийгмийн хамгааллын асуудлыг голлож анхаарсан байна. Тухайлбал 0-18 насны бүх хүүхдэд 3000 төгрөг олгох. Алдар цолтой хүмүүст улиралд 50 мянган, ахмад настай алдарт эхчүүдэд (55 наснаас дээш) нэгдүгээр зэргийн одонтой эхэд 100 мянган төгрөг, хоёрдугаар зэргийн одонтой эхэд 50 мянган төгрөг жилд нэг удаа олгох. Шинэ гэр бүл бологсдод 500 мянган төгрөг, шинэ төрсен хүүхдэд 100 мянган төгрөг олгохоор тусгажээ.
Эрдэнэтийн 2005 оны ногдол ашиг болох 37.3 тэрбум төгрөгийг улсын төсөвт тусгасан байна. Нэгдсэн төсвийн орлого 991.6 төгрөг болж ДНБ-ний 39.5 хувьтай тэнцэхээр байгаа нь батлагдсан төлөвлөгөөнөөс 94.9 тэрбум төгрөгөөр нэмэгдэхээр буй аж. Энэ нэмэлтийн дөнгөж 13.9 хувь нь татварын орлогоос бүрдэнэ гэж Ерөнхий сайд хэлжээ. 2006 оны төсвийн тодотголын төслөөр Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт тэнцлийн алдагдал 85.2 тэрбум төгрөг болж, батлагдсан төлөвлөгөөнөөс 0.7 тэрбум төгрөгөөр буурч, урсгал тэнцлийн ашиг 222.2 тэрбум төгрөг болж, батлагдсан төсвөөс 23.9 тэрбум төгрөгөөр нэмэгдэхээр тооцогдсон байна.
Татварын бус орлогын өсөлтийг авч үзвэл 45.7 хувь буюу 37.3 тэрбум төгрөг нь Эрдэнэт үйлдвэрийн ногдол ашгаар, 34.1 хувь буюу 27.9 тэрбум төгрөг нь төсөвт байгууллагын өөрийн орлогоор, 11.3 хувь буюу 9.2 тэрбум төгрөг нь навигацийн орлогоор тус тус нэмж орохоор байгаа ажээ.
2006 оны төсвийн тодотголд татварын орлогыг 774.2 тэрбум төгрөгөөр буюу батлагдсан тесвөөс 13.1 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр тооцож тусгасан нь дэлхийн зах зээл дээр зэсийн үнийг нэмэгдүүлэн 3600 ам.доллар байхаар тооцсоноос аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 8.3 тэрбум төгрөгөөр, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогыг 0.7 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдүүлэхээр тооцсонтой холбоотой байна.
2006 оны төсвийн тодотголоор нэгдсэн төсвийн нийт зарлага ба цэвэр зээлийн дүн батлагдсан төлөвлөгөөнөөс 94.2 тэрбум төгрөгөөр нэмэгдэхээр байна. Үүний дотор урсгал зардал нийт зардлын өсөлтийн 75.4 хувь, хөрөнгийн зардал нийт зардлын өсөлтийн 36.5 хувийг эзэлж байна. Харин дамжуулан зээлдүүлсэн зээлээс эргэн төлөгдөх орлого нэмэгдсэнтэй холбогдон эргэн төлөгдөх цэвэр зээл 11.1 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. Төсвийн тодотголын тооцоогоор урсгал зардал 2006 онд батлагдсан төсвөөс 71.0 тэрбум төгрөгөөр нэмэгдэхээр байна.
Төсвийн тодотголын төслөөр улсын төсвийн хөрөнгө оруулалтын хэмжээ 2006 оны батлагдсанаас 34.4 тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Хөрөнгө оруулалтын өсөлт нь Иргэний нисэхийн ерөнхий газар болон Мэдээлэл, харилцаа холбоо, хөгжлийн төвийн төсвийг улсын төсөвт татан оруулсантай холбоотойгоор хөрөнгө оруулалт 23.9 тэрбум төгрөг, Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн арга хэмжээний херөнгө оруулалт 7.2 тэрбум төгрөг, Тайширын усан цахилгаан станцын Монголын талын хөрөнгө 3.3 тэрбум төгрөг байна.
2006 оны төсвийн тодотголтой холбогдуулан УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлж байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл гишүүн "Татварын хууль, Ашигт малтмалын тухай хуулийн төслийг Засгийн газар буцааж татаж аваад дахин сайн боловсруулах санал тавьжээ. З.Энхболд гишүүн Засгийн газрын боловсруулсан төсвийн тодотгол улс орны өмнө тулгамдаж байгаа асуултад хариулт өгч чадахгүй байна хэмээн үзэж байгаа аж. Түүнийхээр нэн түрүүн тулгамдаж буй зорилт бол ажилгүйдэл, дараа нь авлига, сүүлд нь ашигт малтмалын хуулийн өөрчлөлт ажээ. Тэрбээр нийгмийн чанартай арга хэмжээнүүд нь МАХН-ын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлсэн шийдэл болсон гэж үзэж байна.
УИХ-ын гишүүд энэ мэтээр асуулт хариулт явуулж байгаад УИХ-дахь Ардчилсан намын зөвлөл завсарлага авч байна гэж УИХ-ын гишүүн С.Ламбаа горимын санал гаргаснаар чуулганы өчигдрийн хуралдаан өндөрлөжээ.
Ноён С.Ламбаагийн “”Өдрийн сонин”-д /¹085/ ярьснаар 2006 оны төсвийн тодотголын төсөл зөвхөн өчигдөр өглөө л парламентын гишүүдийн гар дээр ирсэн аж. Ямар ч судалгаа тооцоо хийх боломж олгосонгүй хэмээн тэрбээр мэдэгджээ. Иймээс УИХ дахь Ардчилсан намын гишүүд сайн судалж нэгдсэн ойлголттой болохын тулд завсарлага авсан гэжээ.