Төсвийн тодотгол: Эсрэг тэсрэг байр суурь (2006.04.10)
УИХ 2006 оны төсвийн тодотголыг хэлэлцэж, парламентын гишүүд Засгийн газрын гишүүдээс асуух тодруулгаа хийцгээж байна. УИХ дахь Ардчилсан намын гишүүд төсвийн тодотголыг үндсэндээ МАХН-ын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн хэмээн үзэж байгаа тухай сонинууд мэдээлж байна.
Тухайлбал сонгуулиас хойш бүтэн жилийн дараа парламентад орж ирсэн гишүүн З.Энхболд төсвийн тодотгол улс орны тулгамдаж байгаа асуудалд анхаарлаа чиглүүлээгүй байна гэж үзэж байна. 2005 оны төсвийн хийгээд “Эрдэнэт”-ийн ашгийг нийгмийн халамжид зарцуулчихвал дараагийн жилүүдэд яах вэ, Засгийн газар улстөржсөн шийдвэр гаргаад байна. Шинэ төрсөн хүүхдийн мөнгө, залуу гэр бүлийн 500 мянга гээд МАХН-ын мөрийн хөтөлбөрийг л тусгажээ хэмээн тэр шүүмжилжээ. Яагаад хүүхдийн мөнгийг нэмээгүй талаарх түүний асуултад Ерөнхий сайд хариулахдаа, нэг удаагийн тодотголоор бүхнийг шийдэх аргагүй. Улстөрийн гэхээсээ нийгмийн талаас хараасай гэж хүсч байна гэжээ.
УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл Ерөнхий сайдын мэдээллээс харахад хүүхдийн мөнгийг 10 мянга болгох боломж байна гэж мэдэгджээ. Тэрбээр хэлэхдээ хүүхдүүдэд мөнгө олгоно гэдэг баялаг хамгийн шударга замаар хуваарилж байгаа хэрэг. Олон хүүхэдтэй гэр бүлийн 80 хувь нь ядуу өрх байдаг. Тэтгэвэр цалин нэмэгдүүлснээр амжилтад хүрэхгүй байна. Цалин тэтгэвэр нэмэх сургаар зардлын инфляц өссөн. Хөдөөд мөнгө хомсдоод удаж байна. Мөнгө байхгүй бол эдийн засаг, ядуурал буурахгүй. Хүүхэд бүрт арван мянган төгрөг өгдөг болсноор энэ хомсдол арилах учиртай. Жишээлэхэд Баян- өлгий аймагт гэхэд сард 450 сая төгрөг нийлүүлэгдэнэ. Засгийн газар хүүхдийн 10 мянган төгрөгийг олгохгүй бол тэрчлэн тогтвортой байдлын гэрээг хийж ард түмний шаардлагыг тоож үзэхгүй бол Засгийн газар огцорч, УИХ тарах ёстой гэж Э.Бат-Үүл хэлсэн гэж Өдрийн сонинд /¹087/ бичжээ.
УИХ-ын гишүүн С.Баярцогт төсвийн тодотголыг буцаах санал гаргажээ. Сөрөг хүчний саналыг авалгүй бүгдийг хүчээр шийднэ гэвэл энэ засаг удахгүйн дохио хэмээн тэрбээр мэдэгдсэн байна. Ерөөс УИХ дахь Ардчилсан намын гишүүд төсвийн тодотголыг Татварын тухай хуулийн төслийг хэлэлцсэний дараа ярих нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа бөгөөд УИХ дахь тус намын зөвлөл өнөөдөр хуралдаж, төсвийн тодотголын талаарх байр сууриа нэгтгэхээр болжээ.
Харин УИХ дахь МАХН-ын бүлгийн гишүүд “Засгийн газраас оруулж ирсэн төсөл зөв зүйтэй, сайн болсон” гэж үзэж байгаа ажээ. “ЗМ” сонинд бичснээр МАХН-ын бүлгийн гишүүн Ц.Шаравдорж хэлэхдээ, тодотголын төслийг хүн рүү чиглэсэн сайн төсөв гэжээ. Ерөнхий сайд М.Энхболд нийгэмд үүссэн бухимдлыг тайлах түлхүүр нь иргэдийнхээ ахуй амьдралыг өөд татах төр, засгийн оновчтой бодлого, бодит үйл ажиллагаа юм гээд бухимдал тайлах 47 зүйл бүхий төлөвлөгөө боловсруулсан байна. Тэр нь Засгийн газрын мөрийн хөтөлбөр гэж “Өнөөдөр” сонинд бичжээ. Тэрбээр энэхүү 47 зүйл гэдэгтээ төсвийн тодотголд тусгасан нийгмийн асуудлуудыг авч үзэж буй бололтой. Бас энэ ондоо багтаан гадаадад 6000 хүнийг ажиллах хүчээр илгээхээр төлөвлөж буй ажээ.