Сүүдрийн Засгийн газрыг байгуулах уу? (2006.04.11)
Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг огцруулахтай хамт нэгдүгээр сарын сүүлчээс эхлэн Сүүдрийн Засгийн газар байгуулах тухай яриа гарсан. Энэ санаачилгыг анхлан гаргасан Иргэний Зориг нам даваа гаригт сүүдрийн Засгийн газарт орж ажиллах сайд нараа зарлажээ. Тус нам сүүдрийн Засгийн газрын Ерөнхий сайдад УИХ-ын гишүүн, Ардчилсан намын Э.Бат-Үүлийг санал болгож буйгаа аль эрт мэдэгдсэн бөгөөд есөн сайдыг өөртөө авах сонирхолтой буй ажээ. Тухайлбал, Сангийн сайдад тус намын дэд дарга Ц.Ганхуяг, Түлш, эрчим хүчний сайдад ерөнхий нарийн бичгийн дарга, УИХ-ын гишүүн М.Зоригт, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдад М.Хүрэлсүх, Барилга, хот байгуулалтын сайдад М.Түмэнжаргал, Байгаль орчны сайдад Ч.Базар, Мэргэжлийн хяналтын сайдад Г.Алтан-Оч, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдад Р.Лхагвадулам, Эрүүл мэндийн сайдад Д.Өлзийсайхан нарыг тус тус нэр дэвшүүлжээ.
УИХ-ын гишүүн, ИЗН-ын ерөнхий нарийн бичгийн дарга М.Зоригтын “Өнөөдөр” сонинд /¹083/ ярьснаас үзвэл Ардчилсан намтай хамтран сүүдрийн Засгийн газар байгуулахаар тохиролцсон ч хэт удааширч буй тул нэг өдрийн өмнө ч болсон сайд нараа зарлаж, Ардчилсан намыг яаруулахыг зорьж буй аж. Олонд ил зарлаад байгаа есөн сайдын хувьд одоогийн Засгийн газрын үйл ажиллагаанд салбар тус бүрээр нь хяналт тавина хэмээн тэрбээр мэдэгджээ.
Харин үлдсэн сайдуудыг Ардчилсан намаас тодруулна гэж Иргэний Зориг нам үзэж буй боловч хамтрагч нь одоог хүртэл энэ талаар байр сууриа илэрхийлээгүй байна. Хэвлэлийн мэдээллээс үзвэл тэднийг ийнхүү сайд нараа зарласны дараа УИХ дахь Ардчилсан намын зөвлөл энэ тухай ярилцсан байна. Тус зөвлөлийн зохицуулагч С.Ламбаагийн “Өдрийн сонин”-д /¹088/ ярьснаар бол сайд нараа томилсныг сониноос үзсэн. Энэ талаар бидэнтэй тохироогүй гэжээ. Ардчилсан намын хувьд сүүдрийн Засгийн газар байгуулж, УИХ, Засгийн газрыг үнэхээр хянах бүтцийг бий болгох гэвэл парламентын гишүүдээр энэ Засгийн газрыг бүрдүүлэх хэрэгтэй гэсэн байр суурьтай байна гэж тэрбээр мэдэгдсэн байна. Үүн дээр хоёр нам тохиролцоонд хүрч чадахгүй байгаа гэж С.Ламбаа хэлжээ. Хэрэв Ардчилсан намын үзэж байгаагаар байгуулах болбол Иргэний Зориг намд хоёр л сайдын суудал ногдох юм. Ардчилсан нам энэ асуудлаар тусгайлан хэлэлцэхээр болжээ.