Ордонд улстөрчид ёсзүйгээ хэлэлцэж байх зуурт Ордны гадаа… (2006.04.14)
УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар төрийн өндөр албан тушаалтнуудын цалин болон ёсзүйн тухай авч хэлэлцсэн байна. Өнөөдөр Монголд парламентын 76 гишүүнийг оролцуулаад 105 хүн төрийн өндөр албан тушаалтан гэсэн ангилалд багтдаг байна. УИХ-ын гишүүний ёсзүйн байдлын тухай хуулийн төслийг санаачилагч УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл танилцуулснаар Монголын парламентын хөгжлийн 15 жилийн хугацаанд УИХ-ын Ёсзүйн дэд хороо ажиллаж байсан боловч бараг хуралддаггүй, хуралдсан ч гишүүдийн ёсзүйтэй холбоотой асуудлаар дорвитой дүгнэлт гаргаж түүнийгээ хэрэгжүүлдэггүй ёс төдий байж иржээ. УИХ-ын гишүүний ёсзүйн асуудал өнөөдрийг хүртэл урсгалаараа явж ирсэн гэж тэрбээр үзэж байна. Энэ байдлыг арилгах, парламентыг ёсзүйтэй жинхэнэ утгаар нь ажиллуулахын тулд УИХ-ын бүтцэд Ёсзүйн байнгын хороо байгуулж, гишүүдийн тоог бусад байнгын хороодоос арай цөөн буюу найман гишүүнтэйгээр ажиллуулах нь зүйтэй гэж үзжээ. Тэрчлэн УИХ-ын гишүүд, төрийн өндөр албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгийг Ёсзүйн байнгын хороонд хадгалдаг байхаар хуулийн төсөлд тусгаад байгаа аж.
Төсөлтэй холбогдуулж гишүүд санал дүгнэлтээ хэлсэн байна. УИХ-ын гишүүн С.Баярцогт "УИХ-ын гишүүн үгээ хэлсний дараа УИХ-ын дарга болон байнгын хорооны дарга нар ямар нэг тайлбар хийж өөрсдийн байр сууриа хэлдэг нь гишүүдийн адил тэгш байх эрхийг зөрчиж байна" гэж үзэж байна. Түүнд гишүүн Д.Дэмбэрэл хариу тайлбар хийхдээ, УИХ-ын гишүүдийн харилцааны асуудал УИХ-ын дэгийн тухай журмаар зохицуулагдах ёстой. Нэгийгээ гүтгэх, нэр хүндийг гутаах зорилготой үг хэлэхгүй гэсэн дүрэм бий хэмээн мэдэгджээ. Ерөөс төрийн өндөр албан хаагчдын ёсзүйн асуудлыг зохицуулахад УИХ-ын Дэгийн хууль, Авилгын тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж гишүүд үзэж байна.
Мөн өдрийн хурлаар Төрийн өндөр албан тушаалтан, түүнтэй адилтгах албан тушаалтны цалинг нэмэгдүүлэх тогтоолын төслийн талаарх холбогдох байнгын хорооны дүгнэлтийг сонсч, УИХ-аар хэлэлцэхээр тогтсон байна. Төсөлд тусгаснаар эдгээр албан тушаалтны сарын цалингийн хамгийн дээд хэмжээ нь 355290 төгрөг байгаа бол доод тал нь 174720 байх аж.
Төрийн ордон дахь улстөрчид ийнхүү өөрсдийн ёсзүй болон цалингийн асуудлыг хэлэлцэж байх зуурт Төрийн ордны гадаа суулт зарлаад байгаа иргэний нийгмийн хөдөлгөөний жагсагчид, Моголын чөлөөт ахмадууд цагдаа, цэргийнхэнтэй хүч тулгарч байжээ. “Өдрийн сонин”-д /¹092/ мэдээлснээр Төрийн ордны ард Монголын чөлөөт ахмадын холбооны өчигдөр жагсч, Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарыг тэдэнтэй уулзаж зовлон жаргалыг минь нүдээр хараач хэмээн шаарджээ. Энэ үед ордны өмнө буюу Сүхбаатарын талбай дээр хөдөлгөөнүүдийн гэрүүдийг цагдаа нар болон цэргийн дээд сургуулийн сонсогчдын хүчээр дайран орж нураажээ. Хөдөлгөөнийхөн нэг гэрээ алдаж, үлдсэн гэрээ талбайн хойно аваачих болсноор цэрэг, цагдаагийнхан дайран орж гэрийг нь булааж хэмхэлсэн аж. Энэ өдөр цагдаа, дотоодын цэргүүд, цэргийн сургуулийн сонсогчид гэх зэрэг хууль хамгаалалтын байгууллагын хүмүүсээр Төрийн ордон бүслэгдсэн байсан бөгөөд энгийн хүмүүсээс цэрэг цагдаа нь илүү олон байсан гэж “Өдрийн сонин”-д мэдээлжээ.
Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл өчигдөр хуралдаж Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газарт хандан хоёр зүйл шаардлага тавихаар болсон аж. Энэ шийдвэрээ гаргасны дараа буюу 21 цагийн орчимд тус намын дарга Ц.Элбэгдорж Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийнхээ хамт Сүхбаатарын талбайд суулт хийж буй хөдөлгөөнийхөнтэй очиж уулзсан гэж тус сонинд мэдээлсэн байна. Дараа нь Ардчилсан намын дарга Ц.Элбэгдорж, УИХ-ын гишүүн З.Энхболд, Б.Батбаатар, Р.Амаржаргал нар хэвлэлийнхэнд зориулж тайлбар хийжээ. Засгийн газар шийдвэр гаргаж жагсагчдын эсрэг хүч хэрэглэж, эд хөрөнгийг нь эвдэлж, энгийн иргэдийг янз бүрээр турхирч тэдний хооронд сөргөлдөөн үүсгэх явдлыг таслан зогсоох шаардлагыг Ардчилсан нам Засгийн газарт хандан тавьж, энэ асуудалд Ерөнхийлөгч, Засгийн газар ямар байр суурьтай байгааг сонсохоор чуулганы хуралдаанд оролцуулж асуудлыг нээлттэй хэлэлцүүлнэ хэмээн Ц.Элбэгдорж мэдэгджээ.
Мөн өдөр Монголын Уламжлалын нэгдсэн намын удирдлага хэвлэлийн бага хурал хийлгэж хөдөлгөөнүүдтэй нэгдэх болсноо зарласан байна. “Өнөөдөр” сонинд /¹086/ мэдээлснээр МУНН-аас гаргасан мэдэгдэлд, “цэрэг цагдаагийн хүчээр ард түмний тэмцлийг нухчин дарж, ард түмнээ дарлах атгаг санаа агуулсан эрх ашгийн нэгдэл, улстөр, бизнесийн бүлэг бий болоод байна” гээд хамтдаа тэмцэхийг уриалжээ.