Төсвийн тодотгол: Байр суурийн өөрчлөлт (2006.04.18)

A- A A+
Төсвийн тодотгол: Байр суурийн өөрчлөлт (2006.04.18)

Төсвийн тодотгол: Байр суурийн өөрчлөлт (2006.04.18)

Төсвийн тодотголд  2005 оны төсвийн ашиг болох 47 тэрбум төгрөгийг оруулалгүй үлдээсэн болохыг УИХ-ын гишүүн Б.Батбаяр илрүүлж төсөл боловсруулагчдаас асуусан нь эдүгээ шуугиан тарьж байна. Энэ тухай Сангийн дэд сайд Ч.Ганзориг "Орлого, зардалд тусгаагүй ч санхүүжүүлэх эх үүсвэр гэдэгт бичигдсэн байгаа" хэмээн, тус яамны ажилтнууд техникийн алдаа болсон мэтээр тайлбарлаж байсан бол харин өчигдөр Сангийн дэд сайд Ч.Ганзориг, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Хүрэлбаатар нар хэвлэлийнхэнд бас нэг өөр тайлбар хийжээ. Тэд тайлбарлахдаа, олон улсын аргачлалын дагуу урьд оны ашиг, алдагдлыг дараа оны төсвийн орлого, зарлагад нэмж тусгадаггүй аж. Өөрөөр хэлбэл, тухайн жилийн төсөв зарлага нь орлогоосоо давсан тохиолдолд төсвийн алдагдал үүсч, уг алдагдлыг Засгийн газар өр үүсгэж хаадаг. Үүний нэгэн адилаар төсвийн орлого нь зарлагаасаа давсан тохиолдолд төсөв ашигтай гарч, тухайн ашгийн хэмжээгээр хуримтлагдсан өр, зээлийг бууруулан тооцох учиртай гэжээ. Тиймээс он дамжуулан тооцох, нуун дарагдуулах ямар ч боломжгүй хэмээн Сангийн яамны удирдлагууд мэдэгджээ. 

2006 оны төсөвт тодотгол оруулах хэд хэдэн үндсэн шалтгаан байна хэмээн тус яамны удидлагууд хэлжээ.  Юуны өмнө 2005 оны төсөв санхүүгийн тайланг урьдчилсан байдлаар гаргахад Монгол Улсын төсөв анх удаа ашигтай гарсан. Төсвийн орлогын бодит боломжууд нээгдэж, гадаад зах зээл дээр зэсийн болон алтны үнэ тааламжтай байгаа ийм нөхцөлд нийгмийн зарим асуудлуудыг шийдвэрлэх боломжтой болсон нь тодотгол хийхэд нөлөөлжээ. Нөгөөтэйгүүр “Татварын багц хууль”, “Ашигт малтмалын хууль”-д өөрчлөлт оруулбал 2007 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх учраас одоо мөрдөж буй хуулийн хүрээнд төсвийн тодотголыг хийх болжээ.

Энэхүү тодотголоор төсвийн орлогын хэмжээг 94.9 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, зардлын хэмжээг 94.2 тэрбум төгрөгөөр тооцжээ. Тус яамны удирдлага төсвийн орлого нэмэгдсэн үндсэн шалтгааныг  эдийн засгийн өсөлт харьцангуй тогтвортой байгаа, гадаад зах зээлээс олж байгаа орлогын хэмжээ ашгийн хуваарилалтаар дамжиж Монгол Улсад нэмэлт эх үүсвэр болон орж буй зэрэгтэй холбон тайлбарлажээ. Мөн Эрдэнэт үйлдвэрийн 2004 оны ашгийн хуваарилалтаар орж ирсэн 37.3 тэрбум төгрөг ч улсын төсөвт зохих хувь нэмрээ оруулж байгааг дурдсан байна.

Төсвийн тодотголын талаар УИХ дахь Ардчилсан намын зөвлөл байр сууриа нэгтгэсэн ажээ. Энэ талаар тус зөвлөлийн дарга Л.Гансүх, орлогч дарга Б.Мөнхтуяа нар өчигдөр хэвлэл бага хурал хийлгэхдээ мэдэгджээ. Өмнө УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн зохицуулагчаар УИХ-ын гишүүн С.Ламбаа, Б.Батбаяр нар ажиллаж байсан юм. 

УИХ-ын гишүүн Л.Гансүхийн мэдэгдснээс үзвэл  “Засгийн газрын нуусан 47 тэрбум, Эрдэнэтийн ногдол ашиг 50 тэрбум, зэсийн борлуулалтаас олох 300 орчим тэрбум гээд нийтдээ 397 тэрбум төгрөгийг бололцоо байгаа аж. Үүнээс 90 тэрбумыг хүүхдэд, 60-ыг нь малчин өрхийг цахилгаанжуулахад, бас нэг 60-ыг “40000 орон сууц” хөтөлбөрийг санхүүжүүлэхэд зарцуулахад болмжтой гэж УИХ дахь Ардчилсан намын зөвлөл үзэж байна. Одоогийн тодотголыг тэд  МАХН-ын мөрийн хөтөлбөрөөс ялгаагүй болсон гэж үзэж байгаа бөгөөд эдгээр саналаа тусгасан өөрдсийн тодотголын хувилбарыг УИХ дахь тус намын гишүүд өргөн барих бололтой.